Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монголын жүдочид 2-рт эрэмбэлэгдэв

Бага дэлхийн аварга гэгддэг Их дуулга тэмцээн Японы Токио хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Нэр хүнд, чансаагаараа олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа ордог Токиогийн Их дуулгад шилдгийн шилдэг жүдочид хүрэлцэн ирсэн юм. 

Энэ удаагийн “Tokyo Grand Slam 2017”-д 61 орны 417 жүдоч /эрэгтэй 243, эмэгтэй 174/ тамирчид өрсөлдлөө. 

Монголоос олимпийн наадмын алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, дэлхийн аварга М.Уранцэцэг, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин тэргүүтэй шилдэг 16 жүдоч өрсөлдсөн бөгөөд нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Багийн дүнгээр Япон улс 12 алт, долоон мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, илт тасархай тэргүүлсэн бол Монгол, БНСУ нэг, нэг алтан медальтайгаар удаалав. Нидерланд, Чех, Канад мөнгөн медалийн чансаагаар IV-VI байрт орсон бөгөөд Франц, Бразил, Гүрж зэрэг улс хүрэл медальтай нутаг буцав. 61 орны жүдочдоос 13 орон ямар нэгэн медаль хүртжээ. 

Манай жүдочид Токиогийн Их дуулгад 1999 оноос эхлэн оролцож эхэлсэн бөгөөд энэ жил 81 кг-д О.Ууганбаатар түрүүлж, эрэгтэйчүүдээс анхлан тус тэмцээний аварга боллоо. Мөн дэлхийн аварга М.Уранцэцэг дэд аварга болж, тус тэмцээнээс гурав дахь медалиа хүртлээ. 

Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд болж, Японы хүчирхэг баг жин бүрт түрүүгээ алдаагүй юм. Тэд долоон жингийн алтан медалийг хүртсэн бөгөөд зарим жинд гурваас дөрвөн медалийг авсан. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 57 кг-д Японы дөрвөн бөх медалийн тавцанд зогссон бол эрэгтэйчүүдийн 60 кг-д Японы гурав, Монголын нэг бөх медаль хүртсэн юм. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг БНСУ-ын жүдоч Юү Жон Канд ялагдаж, тэмцээнээ эрт өндөрлүүлсэн бол дэлхийн аварга М.Уранцэцэг хагас шигшээд Японы Эндо Хиромиг цэвэр ялж, финалд үлдсэн.

Мөн 57 кг-д олны анхааралд өртөж байсан Риогийн аварга Бразилын Рафаэль Силваг Б.Энхрийлэн цэвэр ялж, ирээдүйтэй жүдоч гэдгээ харуулаад авсан.

Жин бүрт япон бөхчүүд илүүрхэж байсан бөгөөд тэд эхний өдөр аваргын алтан медалийг алдаагүй. Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Амартүвшин, эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг мөнгөн медаль хүртсэн. Мөн 73 кг-д Г.Одбаяр шагналт V, 66 кг-д Д.Төмөрхүлэг шагналт VII байр эзэлж, Монголын баг Японы багийн араас хоёрт жагссан.

Тэмцээний хоёр дахь өдөр хүнд жингийн барилдаанууд болж, эзэн орны бөхчүүд мөн л илүүрхлээ. Энэ өдөр япончуудын алтан медалийн буухиаг эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, 100 кг-д Жу Гү Хам нар зогсоосон. Харин үлдсэн бүх жиндээ японы бөхчүүд босоо байж, аваргын алтан медалийг хүртсэн юм.

Манай улсаас хоёр дахь өдөр 100 кг-д О.Цэцэнцэнгэл, +100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн нар барилдсан ч тэд хоёр, гуравдугаар тойргоос тэмцээнээ өндөрлүүлсэн. Харин 81 кг-д өрсөлдсөн О.Ууганбаатар алтан медаль хүртэж, Н.Давгасүрэн хүрэл медаль хүртсэнээр эхний өдрийн амжилтыг ахиулсан юм. 

Ийнхүү бага дэлхийн аварга гэж нэрлэгддэг Токиогийн Их дуулгад манай улсаас 16 жүдоч оролцсоноос О.Ууганбаатар аваргын алтан медалийг хүртсэн бол Б.Амартүвшин, М.Уранцэцэг мөнгө, Н.Давгасүрэн хүрэл медалийн эзэд боллоо.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан