Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Утааны үйлдвэрийг 35 сая төгрөгөөр устгах боломж байна




                                                                 Яндангүй байшингын бүдүүвч зураг

Агаарын бохирдол хэмээх нийгмийн дайсан Монголд Тусгаар тогтноод удаж байна. Жил бүр хүрээгээ тэлж үндэс суурь нь бэхжих болсон. Утаатай дайтаж устгахаар гадаад, дотоодын олон төсөл төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа. Тэд бүгд л утаагүй зуух, түлш, эко гэсэн хаяг зүүж ирэв. Энэ бүгдийн ард асар их мөнгө урссан. Тухайлбал, 240 гаруй тэрбум төгрөг сүүлийн жилүүдэд зарцуулсан гэдэг тооцоо  бий. Мөн гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг 0 болгосон, гэр, байшингын дулаалгын материал өгсөн  гээд санхүүгийн олон дэмжлэг тусалалцаа ар араасаа хөвөрч байна.  Бүр гэр хорооллын бүх айл өрх дулаалга сайн хийвэл утаа 50 хувиар буурч энэ хэмжээгээр нүүрсэнд зарцуулах мөнгөө хэмнэнэ хэмээн эрх баригчид ярьдаг.
Үүгээр ч зогсохгүй Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Улаанбаатар-Цэвэр агаар” төсөл хэрэгжиж байгаа. Уг төслөөр  91 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулжээ.  Цаашид 550 цэцэрлэгийг ийм төхөөрөмжөөр хангана гэсэн. Мөн гэр хорооллын дөрвөн цэцэрлэгийн дулаалж дулааны алдагдлыг нь бууруулсан хэмээн мэдээл буй юм. Харамсалтай нь энэ их мөнгөний зарцуулалт  нийгэм, эдийн засгийн  ашигаа өгч хүссэн үр дүнд хүрсэнгүй. Утаа амь бөх хэвээр. Жилээс жилд улам л хүрээгээ тэлж нэмэгдэв.
Засгийн газар энэ онд утаанд бас л мөнгө зарна. Жишээ нь саяхан ээлжит бус хуралдаан зарлаж нийслэлийн сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн хүүхдийн тасгийн цонхонд 4 тэрбум төгрөгөөр агааржуулах шүүр тавих болсон. Мөн 0-18 насны хүүхдүүдэд амны хаалт зүүлгэх үүрэг даалгаварыг холбогдох байгууллагад үүрэг өгчээ. Эндээс хархад утаанд бууж өгөхийг хүсэхгүй байгаа ч тэмцэж байгаа арга нь буруу байна гэж болох юм.

        Байшингын зураг төсөл бодитоор баригдсан байдлын харьцуулалт

Өнөөдөр таван ханат, байшингаа яаж ч дулаалж, утаагүй гэсэн хаягтай зуух, түлш хэрэглээд ч амжилтад хүрэхгүй гэдэг нь нэгэнт тодорхой болов. Нийслэлд одоогоор 220 мянгөн өрх, 3000 гаруй уурын зуухны яндан утаа үйлдвэрлэж байна. Тэд агаар, хөрсний бохирдолын 80 хувийг бүрдүүлж буй судалгаа гарсан. Арга ч үгүй биз жилд нэг сая тонн нүүрс шатааж байгаа юм чинь. Нэг яндангаас өвлийн улиралд 4.2 тонн нүүрсний утаа гарч 3.7 тонн хүлэмжийн хий ялгаруулдаг судалгаа бий.
Ирэх жилийн улсын төсөвт агаарын бохирдлыг бууруулах ажилд БОАЖ-ын сайдын багцад 17 тэрбум, ипотекийн зээлд 120 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан. Эрх баригчид, нийслэлийн удирдлагууд агаар, хөрсны бохирдолыг бууруулахын тулд ипотекийн зээлийг үргэлжлүүлэх, гэр хорооллыг барилгажуулах, инженерийн хэсэгчилсэн дэд бүтэцэд хамруулах ёстой хэмээн улиг болтлоо ярьж, мэдээлж ирсэн. Энэ байдал цаашид ч үргэлжилсээр. Яаж гэсэн асуулт хариугаа нэхсээр байх уу.

Ухрах уу, урагшлах уу


Харин утаатай дайтах өнцөг, гэр хорооллын уламжлалт ахуй, амьдарлын хэв маягыг өөрчлөх ёстой. Ингэж байж бид утааг бууруулж, улмаар устгана хэмээн Сангийн яамны “Хөгжлийн хөтөч-Дэд бүтэц” төслийн зохицуулагч, архитектор, техникийн ухааны доктор Б.Батболд хэлж байна. Тэрбээр
олон жилийн судалгааны ажлынхаа үр дүнд “Яндагүй байшин” төслийг санаачлан боловсруулсанаа танилцууллаа.
Түүний төслийг  барилгын  21 компани дэмжиж, жишиг сууц барих бүх материал хандивлаж эхний байшингаа бариад байна. Уг байшин Чингэлтэй дүүргийн наймдугаар хороо буюу нийслэлийн хамгийн их агаарын бохирдолтой хэсэгт амьдардаг, сард 450 мянган төгөргийн орлогтой,   өрх толгойлсон эмэгтэй Д.Сэлэнгийнх юм. Уг төсөлд хамрагдахаар есөн айл оролцож Д.Сэлэнгэ шалгарч  яндангүй, дулааны алдагдалтгүй 64 ам метр талбайтай байшинтай болжээ.
Энэ  байшинг ердөө  15  хоногт барьж Д.Сэлэнгийн гэр бүл 12 дугаар сарын 01-нд шинэ байшинд орсон аж.


Д.Сэлэнгэ “Би таван ханатай гэрт нүүрс түлж амьдарч байсан. Ийм богино хугацаанд  тохилог сууцтай болчихно гэж үнэхээр төсөөлөөгүй. Байшин минь үнэхээр дулаахан  байна. Одоо манайх нүүрс, үнстэй зууралдах, утаа гаргаж агаар бохирдуулах шаардлагагүй боллоо. Нийгэмд хэрэгтэй энэ ажлыг санаачилсан, дэмжсэн бүх байгууллага, хүмүүст маш их баярлалаа” гэж сэтгэл догдлон ярив. Д.Сэлэнгийн байшинг барихад 33.8 сая төгрөг зарцуулсан байна. Гэхдээ үүнд бохирын цооног ухах зардал ороогүй. Учир нь тухайн айл бохирын цооног ухаж соруулдаг байдлаар шийдсэн байжээ. Энэ байшингийн дулааныг байнга хэмжиж буй. Тэгэхэд цахилгаан халаалт залгасан үед 20 хэм, залгаагүй ердийн үед 11 хэмийн дулаантай байгаа юм.

Яндангүй байшингийн гол онцлог:


-Нар руу харсан буюу нүүрэн талдаа шалнаас тааз хүрсэн том цонхтой учраас байгалийн дулааныг хангалттай шингээж авдаг. Монгол нарлаг орон. Жилийн 280 хоногт нар тусдаг. Иймд том цонхтой тул байшингын 70-80 хувьд нь нар тусах бүтэцтэй.
-Дотроо хоёр давхар. Давхар хооронд онгорхой зайтай /войд/ учраас дулаан агаар байшинд чөлөөтэй тархдаг.
-Нар болон эрчим хүчний халаалтын хосолмол /hybrid/ хэрэглээтэй. Дулаан алдагдалгүй. Дээвэр нь 20 см зузаан сендевчин хавтантай, гурван давхар шилэн цонхтой.
-Дотроо 00, шүршүүртэй. Цахилгаанаар усаа халаана.
-Хямд өртөгтэй. Доод тал нь 35 сая төгрөг. Үүний 5.6 сая төгрөг нь барилгын ажилчдын цалин. Үлдсэн нь барилгын материал, бохирын цооног ухах, бусад зардал болно.
-Богино хугацаанд буюу 14 хоногт барих боломжтой.
-Загвар, архитектур сайтай.
-Байгаль орчинд ээлтэй.


                                                                           Ханын цахилгаан халаагуур
Зардлын тооцоо, харьцуулалт:

-Энгийн галлагаатай гэр болон байшинд амьдарч буй өрх дунджаар 548 мянган төгрөгийн нүүрс, мод түлж  өвөлждөг.
-Яндангүй байшингийн эрчим хүчний зардал хүйтний улиралд 100-120 мянган төгрөг буюу дээрхээс тав дахин бага. Сард 4 кВт цахилгаан зарцуулах халаалтын хавтан хэрэглэнэ.
-64 ам метр яндангүй байшин барих өртөг 35 сая төгрөг. Энэ нь  дээрх талбайтай орон сууцны зах зээлийн үнээс 3-4 дахин хямд.
Харин  нарны элч шингээн авах зориулалттай том цонхны урд заавал навчит мод тарина. Учир нь зуны улиралд хэт халуунаас халхалж өгнө.  Намар навчаа гөвөөд нүцгэрдэг онцлогтой. Байшингынхаа хажууд яг ийм дулаан граж, ногоо тарих хүлэмж ч барьж болно. Ийм нөхцөлд байшин барих зардал жаахан нэмэгдэх нь гарцаагүй. Дээврийн усаа хуримтлуулж, мод бут, хүлэмжийн ногоогоо  услах боломжтой.


Архитектор, техникийн ухааны доктор Б.Батболд “Яндангүй байшин бол зөвхөн айл өрхийн сууцны шийдэл биш. Өнөөдөр нийслэлийн ихэнх хэсгийг хамарч буй гэр хорооллуудад байгаа нийтийн үйлчилгээний байгууллага, дэлгүүр хоршоо, аж ахуйн нэгжүүд бүгд яндантай. Бүгд утаа үйлдвэрлэгч. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд ч яндангүй байшинг хямд зардлаар барьж болно. Үүнээс гадна гэр хороололд 10-20 хүүхдийн сургууль, цэцэрлэг барих бүрэн боломж бий. Заавал олон арван тэрбумаар нэгдсэн том барилга барих гэж төсвийн гачаалд орохгүй. Өнөөдөр 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг барихад 2 тэрбум төгрөг зарцуулдаг тооцоо байгаа. Тэгвэл 15 хүүхдийн цэцэрлэгийг  “Яндангүй байшин”  загвараар барихад нэг ам метр нь 500 мянган төгрөгийн өртөгөөр босно. Ялангуяа, бага насны хүүхдүүд сургууль цэцэрлэгтээ ирж очих гэж өглөө оройд  утаанд хордож, даарч хөрч хол газар явдаг. Тэгвэл хороо, хэсгүүдэд, хоёр гудамжны дунд яндангүй цэцэрлэг, бага сургууль барьчихвал хүүхдүүд дээрх бэрхшээлээс салчихна. Мөн тэдгээр цэцэрлэг, бага сургуульд багшлах шинэ ажлын байр гарна” хэмээн өгүүлэв.

                                                              Д.Сэлэнгийн байшингын дотор тал

Түүний олон жилийн судалгааны ажил ийнхүү цааснаас амьдралд бууж туршилтаар  үр дүнтэй гэдгээ нотолж байна. Гагцхүү утаа үйлдвэрлэхгүй бага зардалаар тохь тухатай амьдрах, амьдарлын хэв маягаа өөрчлөх сэтгэл санаачлага төрд, иргэдэд  хэрэгтэй байгаа юм.
 Яндангүй байшин төслийг санаачлагч өнөөдөр холбогдох эрх бүхий төрийн байгууллагын дэмжлэг туслалцаа, төсөл хэрэгжүүлэх санхүүгийн зөв шийдэл хэрэгтэй байгаагаа хэлсэн. Тухайлбал, ипотекийн зээлийн журамыг өөрчилж амины орон сууцанд олгодог болгох шаардлага бий аж. Одоо хэрэгжиж буй журамд нь “Төвлөрсөн дэд бүтцэд холбогдсон амины орон сууц 8 хувийн хүүтэй зээлд хамрагдсан байна” хэмээн тусгажээ. Үүнийг “Бие даасан дэд бүтэцтэй, утаа гаргадаггүй амины сууцанд ипотекийн зээл олгоно” гэж өөрчилж бодлогын дэмжлэг туслалцаа үзүүлбэл утаатай дайтах асуудал нэг том алхамаар урагшлах боломж байна.

2 Сэтгэгдэл
Сонирхож байнаа Яндангүй байшинг мэдээлэл авах гэсэн юмаа. Ямар утасаао холбогдох вэ?
Сонирхож байна хаанаас илүү мэдээлэл авах вэ? Говьд бариулах хүсэлтэй байна 88951319, 89885535 утсаар холбогдоорой.
Хамгийн их уншсан