Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нинжа нийгэмшиж Нобелийн шагналыг “үйлдвэрлэдэг” болов



Т.Жанцан

Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбар дээр тогтдог болсон. ДНБ эдүгээ 19.8 их наяд төгрөг байна. Үүний 8.7 их наяд төгрөгийг уул уурхайн олборлох үйлдвэрлэлийн салбар бүрдүүлж буй судалгааг Ашигт малтмалын газраас энэ оны 10-р сард гаргажээ. Ялангуяа уул уурхай эдийн засгийн гол суурь болсон, тус салбар хөгжиж эхэлж буй орнууд иргэд хялбар олборлох, түргэн борлуулах, үнэ боломжийн ашигт малтмалыг иргэд хууль бусаар олборлох үзэгдэлтэй нүүр тулдаг бичигдээгүй хуультай. Тэднийг яаж хорьж, тэмцээд амжилт олсон нь үгүй. Манай улс ч бас үүнээс гажаагүй. Алт, жонш, нүүрс хууль бусаар олборлогчид гарч ирэв. Ялангуяа алтны шороон ордод нинжа хэмээн нэрлэгдсэн иргэдийн арми хүч түрэн орж ирсэн. Энэ арми хүрээгээ тэлж хүчээ зузаатгаж байсан үед 100 мянган хүн ногоон түмпэн, төмөр шигшүүр үүрээд алт л гарч байвал хаа дуртай газраа ухаж ёстой л “Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж” явдаг  байлаа. Үүгээр ч зогсохгүй цианит, мөнгөн ус зэрэг химийн хорт бодис хэрэглэж өөрийгөө болоод өрөөл бусдыг бүр төв суурин газрын хөрсийг бохирдуулж байгаль орчин, нийгэмд айдас түгшүүр, аюул занал учруулсан удаатай. Мөн нинжа нарын сууринг архидалт, хүчирхийлэл, бие үнэлэлт гээд гэмт хэрэг дагаад өсч байв.
Ажлын байр хомс, орлого бага нийгэмд хөдөө орон нутгийн иргэд байгальдаа гар хүрч амь зуухаас өөр арга байхгүй. Харин тэднийг албажуулж нэгдсэн зохион байгуулалтад оруулах цаг үеийн шаардлага зүй ёсоор гарч ирсэн. Иймээс Швейцарийн хөгжлийн агентлаг нинжа нарын эрсдэлийг бууруулах арга зам, туршлагыг нэвтрүүллээ. Ингээд  тус агентлаг 2005 оноос хойш “Тогтвортой бичил уурхай төсөл” хэрэгжүүлж байна.
Улсын хэмжээнд нийт 6000 гаруй зохион байгуулалтад орсон бичил уурхайчин байдаг гэсэн тоо баримт бий. Тэд нөхөрлөл, хоршооны хэлбэрт шилжиж, ашигласан талбайгаа гар аргаар нөхөн сэргээдэг болсон. Бичил уурхайчдын үйл ажиллагааг нь зохицуулж буй Засгийн газрын 151-р тогтоолыг шинэчилж бодлогын баримт бичиг батлагдсан билээ. Албан бус баримтаар нийт 60 мянга гаруй бичил уурхайчин уг төсөлд хамрагдсан гэдэг.

Урд нь нинжа нар эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, шороонд дарагдаж амь насаа алдах, бэртэх тохиолдол түгээмэл гардаг байлаа. Харин дээрх төсөл хэрэгжсэнээр бичил уурхайчид өнөөдөр эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах зэргээр нийгэмшин амьдарч байна. Энэ бүгд  нь Швейцарийн хөгжлийн агентлагын “Тогтвортой бичил уурхай төсөл”-ийн үр дүн гэж хэлж болно.
Бичил уурхайчдын талаархи зарим тоо баримт
-Хариуцлагтай бичил уурхай хөгжүүлж буй 70 байгуулга бий. Үүнд 6500 уурхайчин хамрагдаж байна.
-Одоогоор 317.1 га талбайд нөхөн сэргээлт хийжээ.
-Бичил уурхайн тусгай хэрэгцээнд тухайн орон нутаг 120 талбайг авлаа.
-Өнгөрсөн онд Монголбанкинд 8.9 тонн алт тушаав.
-Орон нутгийн төсөвт нийт 1.2 тэрбум төгрөгийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөв.
Эдгээрээс гадна Монголын уул уурхайн алт олборлох салбарын бас нэг амжилт яах аргагүй тус төсөлтэй холбоотой.
Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг “Хувиараа ашигт малтмал олборлогчдыг дэмжих холбоо” төрийн бус байгууллага  /ХАМОДХ/ 2015 онд Колумб улсад төвтэй “Хариуцлагатай уул уурхайн холбоо”-оос  Ази тивд анх удаа, дэлхийд хоёр байгууллагад олгогдсон “Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээ авсан явдал юм.

Тус байгууллагын  тэргүүн Ч.Отгонбаатар бичил уурхайчдын талаар сэтгүүлчдэд танилцуулахдаа “Бид дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, хариуцлагатай бичил уурхайчид болсон. Манай байгууллага 2005 онд байгуулагдсан бөгөөд эгнээндээ 300 гаруй бичил уурхайчид бүхий нөхөрлөлүүдийг нэгтгэсэн юм. “Экологийн шударга олборлолт”-ын гэрчилгээг авахын тулд тухайн байгууллага алт олборлох явцдаа мөнгөн ус, цианид ашиглаагүй, байгаль орчинд хор хөнөөл багатай, эдийн засаг, технологийн хувьд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлсэн байгууллага болохоо тодорхойлох нийт 200 гаруй стандарт шалгууруудыг бүрэн хангах ёстой. Тэгэхээр манай  ХАМОДХ дээрх шалгуурыг бүрэн хангасан гэсэн үг. Бид  2015 оноос хойш  жил бүр олон улсын аудитын байгууллагаар үйл ажиллагаагаа хянуулан, баталгаажуулан ажиллаж байна. Бид  өнгөрсөн онд олборлосон анхны 1 кг алтаа олон улсын зах зээлд борлуулж 6000 ам. долларын урамшуулал авсан.  Энэ онд Герман улсын “Трейд Гоулд” компанитай хамтран “Шудрага Олборлолтын эко алт”-ыг Европын зах зээлд борлуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. ХАМОДХ ТББ дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөнөөр манай бичил уурхайчид илүү хариуцлагатай болж ажлын байр дахь аюулгүй ажиллагааг үргэлж сахидаг мөн тогтвортой ажилладаг болсон” хэмээн мэдээлсэн билээ.
Дээрх төрийн бус байгууллга энэ оны есдүгээр сард мөн “Шудрага Олборлолтын эко алт” олборлож буйгаа бататгаж чаджээ.

                                     “Шудрага Олборлолтын эко алт”-ны гэрчилгээ

Ийм  алтаар үйлдвэрлэсэн үнэт эдлэл болон бусад бүтээгдэхүүн Ази, Европ, Австрали, хойд болон өмнөд Америк тивийн нийт 18 оронд борлуулагдаж буй.
Мөн “Chopard”, “Gucci” зэрэг дэлхийн томоохон брэндүүд гоё чимэглэлийн бүтээгдэхүүндээ хэрэглэдэг. Үүгээр ч зогсохгүй  жил бүр томоохон нээлт хийсэн эрдэмтдэд олгодог, Нобелийн шагналын одонг энэхүү эко алтаар бүтээдэг байна.
Тэгвэл яагаад заавал эко алт гэж. Тийм онцгой зүйл гэж үү гэсэн асуулт гарч ирэх нь тодорхой. Дэлхийд илүү үнэлэгддэг эко алт дараах шалгуурыг хангасан байх учиртай.
-Алтаа мөнгөн усгүй боловсруулсан байх,
-Хүний эрхийг дээдлэх,
-Хүүхдээр хөдөлмөр эрхлүүлээгүй байх,
-Алтаа цианидаар баяжуулаагүй байх,
-Хүчирхийлэл, хүний наймаа бүхий орчинд алтаа олборлон, боловсруулаагүй байх,
-Боолчлол явуулаагүй байх,
-Зөрчил мөргөлдөөнтэй газар үйл ажиллагаа явуулаагүй байх зэрэг олон шаардлага тавьдаг аж.


"Хонгорын хүдэр" компанийн алт угаах цех.  Сэгсэрэгч ширээгээр алт ялгаж байна.

Эко алт олборлогч бичил уурхайчид Баянхонгор аймгийн Баян-Овоо сум дахь Цагаан цахирын үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг. Тэд олборлосон хүдрээ “Хонгорын хүдэр” компанийн баяжуулах цехт өгч алтаа ялган авдаг билээ. Тус цех нь мөнгөн ус хэрэглэдэггүй технологитой.
 “Хонгорын хүдэр” ХХК-ийн хүдэр баяжуулах үйлдвэрийн менежер С.Чинзориг “Манай цех 2011 онд Засгийн газар, Уул уурхайн яам, Швейцарийн хөгжлийн агентлагын тодорхой дэмжлэг  хувийн хэвшлийн оролцоотой байгуулагдсан. Ингээд туршилтийн журмаар ажиллаж байгаад 2014 оны гуравдугаар сараас албан ёсоор “Хонгорын хүдэр” компани болоод ажиллаж байна.
Бичил уурхайчдын авч ирсэн алтны хүдрийг эхлээд 60 мм болтол буталдаг. Тэгээд нунтаглах тээрэмд оруулж гурил шиг хэлбэртэй болгоно. Үүнийг сэгсрэх ширээнд оруулж алт болон бусад хүнд металлуудыг нь ялган авдаг. Хоногт 10 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай. Засвар үйлчилгээ, сул зогсолтоо тооцоод жилд 304 хоног ажилладаг. Иймд жилд 3040 тонн хүдэр боловсруулдаг гэсэн үг.   Бид жилд дунджаар 85-90 кг алт ялган авах боломжтой. Хамгийн гол нь ирж буй хүдрийн алтны агуулга харилцан адилгүй учраас жилд тэд өд гэж багцаалхад хэцүү. Манайд бүртгэлтэй 45 нөхөрлөл хүдэр авч ирж боловсруулдаг. Энэ тоо нэмэгдсэн. Манайх сум, орон нутгийн зөвшөөрөлтэй, төрийн бус байгууллагад бүртгэлтэй нөхөрлөлүүд хүдэр авч ирж боловсруулж байна” хэмээв.   Эцэст нь хэлхэд нинжа хэмээн нэгэн үе муу бүхний эх үндэс болж байсан нөхдүүд өнөөдөр хариуцлагтай, бас дэлхийн зах зээлд нэр хүндтэй бүтээгдэхүүн нийлүүлдэг боллоо. Аливаа зүйлийг өөр өнцөгөөс харж асуудлыг шийдэх оновчтой гарцыг олох нь чухал гэдгийг Швейцарийн хөгжлийн агентлагын “Тогтвортой бичил уурхай” төсөл нотолж чадлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан