Өрхийн эмч, ажилтнууд баасан гарагт жагсаал хийнэ гэв
2017 оны 12 сарын 6

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос 2017 оны төсвийн тодотгол, 2018 оны төсөвт эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин орлогыг нэмэгдүүлэхийн төлөө багагүй тэмцэл хөдөлгөөн өрнүүлсэн билээ. Жагсаал, цуглаан, сануулах ажил хаялт хийснийхээ үр дүнд Улсын 3 талт нэмэлт хэлэлцээрийг байгуулж, улмаар эрүүл мэндийн салбарын 3 талт нэмэлт хэлэлцээрийг өнгөрсөн баасан гарагт эхлүүлж, ихэнх заалтуудыг зөвшилцсөн. Гэсэн хэдий ч хэлэлцээр цаашид үргэлжлэх боломжгүй байдалд хүрч хамтын маргаан үүсгэх нөхцөл үүсчээ.
Учир нь эмч, багш нарын тэмцлийн үр дүнд нийт төрийн алба хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр 2017 онд багтаан 300 мянган төгрөг олгохоор улсын хэлэлцээрээр тохиролцож, 55.4 тэрбум төгрөгийг улсын төсөвт батлуулсан. Гэтэл Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад дээрх мөнгийг олгохгүй хэмээн ЭМЯ, Сангийн яамны эрх бүхий албан тушаалтнууд мэдэгдсэн нь өрхийн эмч ажилчдын эсэргүүцэлтэй тулгараад байна.
Шалтгаан нь 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 16.2-т “Өрхийн эрүүл мэндийн төв нь төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх үндсэн чиг үүрэг бүхий сайн дурын үндсэн дээр бүртгүүлсэн хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага” хэмээн тодорхойлсонтой холбоотой ажээ. Гэвч Өрхийн эрүүл мэндийн төвүүд нь нэг иргэнээр тооцсон тарифаар 100 хувь улсын төсвөөс санхүүждэг, эрүүл мэндийн салбарын дийлэнх ажлыг үүрч яваа байгууллага бөгөөд, зах зээлийн зарчмаар ашиг орлого олох боломжгүй нөхцөлд хөгжих гэж төрөөс үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийн төлөө ажилладаг байгууллага.
Тиймээс Өрхийн эрүүл мэндийн төвийн 3000 гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын нэрийн өмнөөс Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ, Эрүүл мэндийн сайд Д.САРАНГЭРЭЛ, Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР нарт шаардлага хүргүүллээ.
Шаардлагадаа, Эрүүл мэндийн салбарын гол хүч болсон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, ажилтнуудад ялгаварлахгүйгээр 300,0 төгрөгийг олгох боломжийг бүрдүүлж, шаардагдах төсвийг шийдвэрлэх гэж оруулж өгсөн байна.
Энэхүү шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтнууд хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж, 12 дугаар сарын 08-ны өдөр жагсаал, цуглаан зохион байгуулж, цаашид ажил хаялт хийх хүртэл тууштай тэмцэхээр шийдвэрлэжээ.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.