Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Эрдэнэбат: Оюу толгой манай эдийн засгийг өсгөж, тэлсэн ч хөгжилд садаа болсон


УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

-УИХ-аар Банкны тухай хуулийг хэлэлцэж байгаа. Ууг хуулийн төсөлд Төвбанкны ерөнхийлөгч хариуцлага хүлээхгүй, хариуцлагаас бултсан заалтуудыг оруулсан байна гэсэн. Таны байр суурь ямар байгаа бол?

- Өнөөдөр бид Төвбанкны тухай, Банкны тухай, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулиудыг хэлэлцэж байна. Монголын санхүүгийн зах зээлийг эрүүлжүүлэхэд дутагдаад буй эрх зүйн орчныг нөхөх зайлшгүй шаардлага бий. Гэхдээ өнөөдрийн эдийн засгийн хөгжилд тус дэм болохуйц, санхүүгийн зах зээл нь ямар нэгэн доголдолгүй ажиллах нөхцөлөөр хангах ёстой. Түүнээс биш хэн ажиллах вэ, зохион байгуулалтын хувьд ямар байх вэ зэрэг захиргааны шинжтэй асуудал тулгамдсан зүйл биш. Гэхдээ энэ гурван хуулийг багцаар нь хэлэлцээд явах нь зүйтэй. Хадгаламжийн болон зээлийн хүүг бууруулах ёстой, бууруулах ёсгүй гэдэгт гишүүдийн зүгээс янз бүрийн санал гарч байгаа. Нэгдүгээрт, Монголд яагаад банкны хүү өндөр байдаг юм бэ гэдэгт бид эрүүл, зөв хариултаа олж чадах ёстой. Хоёрдугаарт, манай эдийн засаг уул уурхайгаас хараат гэдгийг бид мэднэ. Тэгвэл хөгжсөн бусад орны эдийн засгаас юугаараа ялгаатай юм бэ гэдгийг судалж үзэх шаардлагатай. Ганц тулгуурт эдийн засагтай манай орны эмзэг цэг нь валютын ханшийн савалгаа. Ввалют дутагдсан үед Монгол Улс мөнгөгүй болдог нь хүнд байдалд оруулдаг. Үүнийг бид 2012-2016 онд амссан. Ввалютын нөөц нэмэгдээд ирэхээр түүний эсрэг гаргах төгрөгийн эрэлт нэмэгдээд эхэлдэг. Үүнийг дагаад эдийн засаг тэлдэг. Тэлсэн эдийн засаг ганц тулгуурт уул уурхайгаас шалтгаалан уналтад ороход нөхөн орлуулах санхүүгийн эх үүсвэр байхгүй байгаа нь манай эдийн засгийг үргэлж савлуулдаг.

Энэ эрсдэл өндөр байгаа учраас валютаас хамааралтай Монголын эдийн засгийн, санхүүгийн, хүүгийн асуудлыг зохицуулахад хүндрэл учруулж байгаа гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Бид ганц тулгуурт эдийн засгаас гарахын тулд олон төрлийн аргыг хэрэглэх гэж оролдож байна. Тухайлбал, нүүрс боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, бензин, шатахуунаас хараат бус байхын тулд нефть боловсруулах үйлдвэрээ байгуулъя, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг бий болгоё гээд.

-Төвбанк арилжааны банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно гэдэг заалт нэлээд маргаан дагуулж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?

-Төвбанк бол төр эдийн засаг хоёрын зуучлагч. Зээлийн хүүг бууруулах эрхтэй Төвбанк зарим оронд байна. Гэхдээ тун цөөхөн. Бид зээлийн хүүг бууруулснаар алсдаа ямар нөхцөл байдалд хүрэх вэ гэдгээ тооцох ёстой болохоос зээлийн хүү бууруулах нь ард түмэнд гоё сонсогдож байна гээд шийдэж болохгүй. Тэр дундаа захиргааны аргаар зээлийн хүүг бууруулж болохгүй. Хэрэв бид зээлийн хүүг автоматаар бууруулбал арилжааны банкууд зээл өгөх шалгуураа хатуу болгоно. Ингэхээр зээл авах аж ахуйн нэгжүүдийн тоо огцом буурна. Мөн хувь хүн зээл авах сонирхол өндөр болно. Тэд үйлдвэрлэлийн биш хэрэглээний зээл авна. Өнөөдөр өндөр хүүтэй байгаа ч бид хэрэглээний зээлээ дийлэхгүй байна. Алсдаа иргэдийн нуруун дээр хуримтлагдсан зээлийн өрийн дааж давшгүй дарамтад орно. Үүнийг хүсээд байгаа юм уу. Улам л ядуурна. Бүр өртэй ядуурна.

Энэ зөв юм уу?


Өөрсдөө үйлдвэрлэдэггүй орон импортыг өдөөдөг юм. Импортын бараа Монголд валютын эрэлтийг өндөр болгодог. Өнөөдөр таны нэг төгрөгөөр худалдаж авсан зүйл маргааш хоёр төгрөгийн үнэтэй болно. Таны найман хувийн хүүтэй авсан зүйл 16 хувийн хүүтэй болдог. Үүнийг яаж төлөх юм. Бид бодлоготой байхаас биш хүний хөнгөн итгэл дээр тоглож болохгүй. Харин бид хадгаламжийн хүү өндөр байгааг Төвбанкны бодлогын хүүтэй яаж зөв уях вэ. Төвбанк бодлогын хүүгийн зохицуулалтаар эдийн засаг, арилжааны банкуудыг хянах болохоос хүү тогтоож хянаж болохгүй. Төвбанк ямар ч үед бодлогын хүүгийн хэмжээг хуримтлагдсан алт валютын нөөцийн хэмжээгээр л тогтооно.

-Гэхдээ гоё сонсогдоно гээд эдийн засагтаа аюул дагуулахуйц зүйлийг хийж болох уу. Манайхан ч ард түмэнд таалагдсан зүйл хийхгүй бол сошиалаар балбаад сүйд болж байна гэх болсон...?


-Өнөөдөр гоё сонсогдож буй зүйл бүхэн рүү ханарах уу эсвэл эдийн засгийн нөхцөл байдлаа бодитоор дүгнэх үү гэдэг хоёр асуудлын ирмэг дээр ирчихсэн. Тиймээс банкны тухай хуулиуд нэгдсэн бодлоготойгоор энэ зүйл рүү чиглээсэй гэж бодож байна.Энгийн зүйлсээ эргэн харах ёстой. 2008-2012 онд эдийн засгийн 17 хувийн өсөлтийг бий болгожээ гээд хөнгөн улс төр хийж байна. Гэхдээ 17 хувийн өсөлт юунд байсан бэ. Яагаад 17 хувийн өсөлт 1.1 хувь болтлоо буурчихав гэдгийг улс төргүйгээр дүгнэх ёстой. Эдийн засаг огцом өссөн ганц шалтгаан нь Оюу толгойн гэрээ хийгдэж дөрвөн тэрбум ам.доллар орж ирсэн. Орж ирсэн энэ хөрөнгө оруулалтаас бид хэрэглээний эдийн засгийг дэмжсэн нь алдаа байсан.

-Энэ гэхдээ Оюу толгойн алдаа биш биз дээ. бидний л зохион байгуулалтын асуудал юм биш үү?

-Оюу толгой манай эдийн засгийг өсгөж, тэлсэн ч гэсэн Монголын хөгжилд садаа болсон. Би тэгж харж байгаа. Түүх ярья. Эрдэнэт үйлдвэрийг байгуулахад Монгол Улс, ОХУ хоёр талаас 50:50 хувийн хөрөнгө оруулалт хийсэн. Асар том бүтээн байгуулалт хийсэн шүү дээ. Эрдэнэт үйлдвэрт анхны хөрөнгө оруулалт хийхдээ ОХУ манай талын хөрөнгө оруулалтыг тооцохдоо хүү тооцоогүй юм. Баяжуулсан баяжмалаасаа эргээд төлнө гэсэн зарчмаар явсан, нэгдүгээрт. Хоёрдугаарт, зарим татварыг хөнгөлсөн боловч гол орлогын ашгийн албан татвараа аваад явсан. Энэ нь Монголын эдийн засагт асар том түлхэц болсон. Маш зөв төсөл байсан.

-Оюу толгойтой л уях гээд байна уу, та?

-Харин тийм. Оюу толгойгоос юугаараа ялгаатай юм. Оюу толгой дээр гадны хөрөнгө оруулалт нь 66 хувь, Монголын тал 34 хувь байгаа. Яагаад бид үүн дээр алдаа гаргасан бэ гэдэг асуудал зайлшгүй үүсдэг. Яагаад бид олон улсын энэ том гэрээг хариуцлагагүй хийсэн бэ гэдэг асуудал заавал үүсдэг. Өнөөдөр бид 34 хувийн хөрөнгө оруулалтыг 11 хувийн хүүтэй зээлээр авч байна. Бод доо.
11 хувийн хүүтэй зээл чинь эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр тодорхой хугацааны цикль дээр буцаагаад үүссэн өр нь 34 хувийн хөрөнгө оруулалт дээр нэмэгдээд өр нэмэгдэх анхны шалтгаан болж байгаа юм. Яахаараа өөрсдийн баялгаа бусадтай хамтарч ашиглахдаа хүүтэй зээл авах ёстой юм бэ гэдэг асуулт өнөөдрийг хүртэл маргааны нэг сэдэв болон үргэлжилж байна. Хоёрдугаарт, ингэж хөнгөлөлттэй нөхцөлөөр хүүтэй зээл авсан Монголын тал өөрийн газар доорх баялгаа гадагш гаргахдаа яагаад 7-8 төрлийн татварын хөнгөлөлт давхар үзүүлдэг юм бэ. Үүнд Монголын хууль үйлчлэх ёстой. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад Монголын хууль тогтоомжийг мөрдөх чиглэл УИХ-аас өгсөн байдаг. Яагаад Монгол Улсын хуулийг ийм хөнгөлөлт эдлүүлэхийн тулд өөрчлөв гэдэг нь өнөөдрийг хүртэл маргаан дагуулж байна.
Гуравдугаарт, яагаад гадагшаа гарсан баяжмалын мөнгийг Монголд орж ирэхгүй нөхцөлөөр хийсэн юм бэ. Энэ том эдийн засаг хөдлөх эхлэл дээр бид өр тавьж хүүтэй зээл авчихаад буцаад хүүгийн төлбөр төлөөд, 7-8 төрлийн татвараа хөнгөлчихөөд дээр нь нэмээд бүх бараа бүтээгдэхүүнийхээ мөнгийг оруулж ирэхгүй байх ямар нөхцөл үүссэн юм бэ. Энэ том эдийн засгийн эргэлт дээр Монголоос гарсан бараа Монголд буцаад мөнгө болон орж ирэхгүй болохоор эдийн засгийн өсөлтийн үед валютын хомсдолд орох байсныг яагаад тооцоогүй юм бэ гэдэг нь өнөөдрийг хүртэл маргаантай байгаа сэдэв. Тийм учраас Монголын эдийн засаг нэг талаасаа өссөн ч нөгөө талдаа Монголын хөгжлийг чөдөрлөчихсөн юм биш үү гэдгийг бид эргэж заавал ухаарах ёстой. Өнөөдрийн тулгамдаж буй сэдэв энэ. Энэ бүхнийг харахад асуудлыг гурван мөчлөгөөр авч үзэх шаардлагатай байгаа юм.

-За, ямар гурван мөчлөг билээ?

-Нэгдүгээрт, Ардчилсан нам Чингис, Самурай бондоос эхлээд бүгдийг нь идэж уусан мэтээр улс төржиж, домог зохиосон. Оюу толгойн хөрөнгө оруулалт татрангуут хэрэглээний эдийн засаг тэлээд, бараа бүтээгдэхүүний үнэ өсч бүүм болж эхэлсэн. Гэтэл нүүрсний үнэ навс унаж, Оюу толгойн эхний шат нь зогсч, далд уурхайн хүлээлт үүссэн. Энэ үед манай эдийн засагт 6.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт дутагдсан. 2012-2014 онуудад мөнгөний нийлүүлэлт 7.6 их наядаас 10.6 их наяд болж 12 хувиар нэмэгдсэн. Бид яах ёстой байсан юм. Бидэнд мөнгө байхгүй валютын ханш эрс өсч, ажлын байр байхгүй болж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадах байсан.

Хэрэв Оюу толгой байхгүй байсан бол тэнд ажиллаж буй хүмүүсийн ажлын байр түүнийг дагасан жижиг бизнесүүд бүгд байхгүй байх байсан л даа. Таван толгой хөдлөөгүй байсан бол 20 ам.доллараар нүүрсээ өгч байсан үед валютын экспортын мөнгө орж ирэхээс биш өөр мөнгөгүй болчихсон байсан. Өөр яах байх юм. Тиймээс бид Чингис, Самурай бондыг энэнээс эхлээд босгох үүрэг хүлээсэн. Энэ төрийн бодлого байсан юм шүү.

-Гэхдээ Чингис, Самурай бондыг Ардчилсан намынхан өөрсдийн компаниудад өгч, идэж ууж дууссан гэж яриад байдаг шүү дээ, эрх баригчид. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг онцлон ярьж байгаа. Хөтөлбөр хэрэгжүүлсэн Төвбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг баривчилсан байх жишээтэй?


-6.5 тэрбум ам.долларын дутагдалд орсон Монголын эдийн засагт Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй байсан бол бид ямар үнэтэй талх, мах идэх байсан, ямар үнэтэй шатахуун хэрэглэх байснаа төсөөлж байгаа юм уу. Бид төсөөлөх ёстой. Энэ Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн нөлөөгөөр хэчнээн хүндрэлийг давсан билээ. Монголын ард түмэн биеэрээ амсаад гарсан. Талх, гурил, шатахууны үнэ нэмэгдээгүй. Харин тэлсэн эдийн засаг агших зүйлээс бид гарч байна шүү гэдгийг ойлгуулж чадаагүй нь бидний алдаа. Мөнгөгүй орчинд мөнгө босгож ажиллаж байгаа шүү гэдгээ ард түмэнд ойлгуулж өгч чадаагүй нь өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгосон. Тиймээс үүнийг би заавал сануулж хэлэх ёстой. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр бензин шатахуунаас эхлээд бүгдийнх нь үнийг барьсан. Бодит байдал, давж туулсан бидний зам. Үүний эргэн төлөлт нь 98 хувь. Маш сайн төлөлт. Үүнийг тухайн үеийн бүх аж ахуйн нэгжүүд нуруундаа үүрч гарсан. Өнөөдөр ямар ч аж ахуйн нэгж буруу байсан гэж ярихгүй. Ард түмэн 800 төгрөгийн үнэтэй байсан талх 3000 төгрөг болчихлоо гэж бухимдахгүй байгаа биз дээ. 1100 төгрөгийн үнэтэй байсан бензин 3000 давчихлаа гэж уурлахгүй байгаа биз. Яагаад байхгүй байсан гэдгийг асуултыг өнөөдөр хэн асууж байгаа юм бэ. Тэгэхээр ажиллах л хэрэгтэй. Тэр үеийн Ардчилсан намын Засгийн газар Монголбанктай энэ хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлсэн бодлогын шийдэл байсан юм.

-Гэхдээ өнөөдөр Н.Золжаргал гэдэг хүн баривчлагдсан. Энэ хүнээс өөр хэн ч байсан үүнийг хийх байсан гэсэн үг үү?


-Асуудал нь хүндээ биш, Төвбанкны ерөнхийлөгчдөө биш. Хэрэв Н.Золжаргал руу, Н.Алтанхуяг руу, хувь хүн руу чиглэж байгаа бол улс төржилт. Асуудал нь Төвбанк Монголын төр хоёрын эдийн засгаа амьд авч гарахын тулд авч хэрэгжүүлсэн бодлогын хөтөлбөр. Энэ үед хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийг хэн нэгэн Ерөнхий сайд, Төвбанкны ерөнхийлөгч дураараа хийчихсэн юм биш. 2012-2016 онд төр барьж байсан 76 гишүүн шийдвэр гаргаж хийснээс биш дуртай нэг нь гүйж очиж мөнгө зээлээд хийчихсэн юм биш.
Монгол төр залгамж чанараа хадгалах ёстой. 2012-2016 онд Монголын төр өөрийнхөө бодлогыг явуулсан. Монголын төр тэлсэн эдийн засгийг яаж зөв авч явуулах вэ гээд тэр том харанхуй ангал руу унагаахгүйн тулд хийсэн юм. Тэгвэл 2016-2020 он хүртэл МАН-ын Засгийн газар ямар бодлого барьж явах юм бэ. Яагаад өмнөх төрийнхөө уламжлалт бодлогыг үгүйсгээд нөгөө хэдийгээ гэмт хэрэгтэн мэт харах болов? Энэ нь эдийн засагт хийсэн дүгнэлтийн гаргалгаа юу эсвэл улс төрийн ашиг хонжоо хийх гэсэн популизм уу. Үүнийг ялгаж салгах ёстой. Одоо үүнийг бүгдээс нь асуух цаг болсон. Яахав ээ, Чингис, Самурай бондын 4.9 их наяд төгрөгийг дэд бүтэц, уул уурхай, барилгын салбарт оруулсан. Энэ өгөөжөө өгсөн. Монголын ард түмэн дээр хэлсэн тэр том хохирлуудыг анзааралгүй давж гарсны үр дүн юм. Үүнийг ойлгох хэрэгтэй.
Жил гаруйн хугацаанд шинэ Засгийн газрын өр таван их наяд төгрөгт хүрлээ. Үүнийгээ яагаад ярихгүй байгаа юм. Тэд энэ өрийг авахдаа төрийн мөнгөний бодлогыг төсвийн бодлого руу оруулсан. Энэ нь төсвийн алдагдлыг нэмсэн. Төвбанк төсөл хөтөлбөр хэрэгжүүлж болохгүй гэдэг шийдвэрийг тэд гаргасан. Энэ зөв юм уу.

-Харин танаас л асуумаар байна...?

-Буруу. Ардчилсан намын үед 2.9 их наяд төгрөг гаргаж ипотекийн зээлээр 80 мянган өрхийг орон сууцтай болсон. 80 мянган орон сууцыг гуравхан жилд барьдаг ийм улс орон байгаагүй юм. Харин бид байлгасан юм. Гэхдээ бид “Эдийн засаг уначихлаа. Мөнгө байхгүй болчихлоо” гэж гоншигнож байгаагүй юм. Үүгээр олон залуу гэр бүл орон байртай болсон. Байрны зээлээ төлөхийн тулд залуус ажилтай, бүтээгч байх эрмэлзлийг өдөөж өгсөн юм. 80 мянган орон сууц, Амгалангийн дулааны станц өнөөдрийн Улаанбаатарын утаа нэмэгдэх эрсдлийг бууруулах эхлэл байсан. Э.Бат-Үүлийн хэрэгжүүлсэн хотын дахин төлөвлөлт үр дүнгээ өгч эхэлж байсан юм шүү дээ. Одоо бүгд зогссон. Биднийг муу гэж хэлж болно. Гүтгэж, доромжилж болно.. Бидний хэрэгжүүлсэн “Сайн” хөтөлбөр, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоогоод оронд нь өр зээл авчихаад энэ хүмүүс юу эхлүүлэв. Юу хийв.

-Хариултыг нэхсэн нэхээгүй мөнгөгүй гэдэг ганц үг л хэлдэг л дээ?


-ОУВС-гийн хөтөлбөрт орлоо гээд зээл авчихсан. Тэдний дэмжлэгээр өчнөөн зээл авлаа. Төсвийн бодлогоо явуулж эхэллээ. Чингис бонд, Хөгжлийн банк, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг төсөв рүүгээ хийгээд 2.4 их наядын алдагдалтай төсөв баталсан. Ипотекийн зээл одоо зогссон. Ипотекийн зээлийг Төвбанкны мөнгөний бодлогоос хассан. Уг нь Төвбанкны мөнгөний бодлогоор ипотекийн зээл хэрэгжих нь маш зөв байсан. Учир нь Төвбанк дөрвөн хувийн хүүтэй гаргаад арилжааны банкууд дөрвөн хувийн маржин нэмээд найман хувийн зээлийн бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн юм.Гэтэл төсөв рүү аваад хийчихсэн. Төсөв үнэт цаас гаргана. Төсвөөс ипотекийн зээл олгоно гээд боддоо. Хэдэн хувьтай олгогдох вэ.

-Эдийн засаг ийм амаргүй нөхцөлд тун хэцүү байх л даа...?


-Чингис бондоор бүтээн байгуулалт, үйлдвэрлэлийн зээл авсан аж ахуйн нэгжүүдийн авсан зээлийг буцаагаад төсөв рүү оруулсан. Төсвийн хүү 10 гараад явчихна шүү дээ. Ингэж болох юм уу. Эдийн засаг гэдэг бол аж ахуйн нэгжүүдээ дэмжин бага хүүтэй зээл эрсдэлгүй гаргаж том бүтээн байгуулалтыг хийхийг зорих юм байгаа биз дээ. Түүнээс биш 76 гишүүн эдийн засгийг босгохгүй. Харин бодлогоо зөв гаргах ёстой. Өнөөдөр харин бүх бодлого зогссон.

-МАН-ынхны нам доторх албан тушаалын төлөөх тэмцэл нь төрийн бодлогоос чухал болчихсон юм шиг харагдаж байгаа...?

-Монголын төр бодлогогүй болж байгааг анзаарах хэрэгтэй. Алсын хараатай бодлого юу байна вэ. Монголчууд бие биенээ янз бүрээр хэлдэг, намаараа талцдаг зүйл рүү яваад байх юм бол Монголын ирээдүй хаана өндийх юм бэ. Бидний үр хүүхэд ямар нийгэмд амьдрах юм бэ. Нийгэмд сайхан гэж сонсогдсон бүх зүйлээр улс төр хийдэг, бие биенийхээ алдаан дээр популизм хийдэг энэ балиар зүйлээ дуусгах хэрэгтэй. Одоо бүр хөгийн харагдаж эхэллээ. Зүгээр л бие бие рүүгээ дайрсан, давж гарах гэсэн оролдлого бүр нь нийгэмд сенсаци болон очдог. Харин бодлого тээр хол үлдчихсэн. Хэн ч тоохгүй. Хэрэлдсэн өдрийн тоогоор чинь хүмүүсийн амьдрал доройтож байна.

-Уг нь би танаас л асуугаад байгаа ухаантай. Та харин зөрүүлээд асуух юм. Ер нь энэ улсад нууц гэж байх ёсгүй мэт байх болсон санагддаг. Харин та?


-Бүх зүйлээ ил дэлгэж тавьчихаад хэрэлдээд сууж байдаг улс манайхаас өөр дэлхийд байдаг юм уу. Би лав дуулаагүй. Үнэндээ бид арчаагүй харагдаж байна. Заримдаа би энэ олон жил улс төрд байсан хүмүүсийг ийм хов живийн зүйлээр хошуу холбон сууж байгааг хараад гайхах юм. Төр барих ухаан дутагдаж байна уу даа гэж. Эцсийн дүнд бодлого боловсруулаад түүндээ хүрэхийн төлөө нэгдмэл санаа бодолтой байж чаддаггүй. Төр барих ухаан байхгүй болсны шинж. Би Их хурлын гишүүн болохдоо хэрүүл хийе гэж орж ирээгүй. Намуудын талцлыг хар. Энэ бидний туулах ёстой зам биш. 2018 он бидэнд их ойлголцлын жил байгаасай гэж бодож байна. Ард түмэнд таалагдах гэж явах биш ард түмнийг өөд нь татаж босгох юмсан.

-Энэ нийгмийн тогтолцоо өөрөө хэн нэгнийг харлуулах, яллах чигт эргэчихээд байгаа юм биш үү. Уг нь чиглүүлэгч луужин нь та нар шүү дээ?

-Ардчилал бидний 27 жил сонгон явж ирсэн энэ зам мөн. Энэ ардчилал замбараагүй зүйл рүү явуулах гэсэн оролдлогууд яваад эхлэнгүүт татолитар дэглэмийг хүсдэг боллоо. Бүхнийг нийгэмчилье, сахилга дэг журманд оруулъя гээд эдийн засгийн тухай ойлголт, хүний өмчийн тухай ойлголт алслагдаж байгаа биз. Өнөөдөр бүтээн байгуулалт, ажлын байр нэмэгдүүлэх, хувийн өмч хохироож байгааг ярьдаг хүнгүй боллоо. Зүгээр л хов живээр хооллож байна. Ойлголцлыг бий болгохгүй,тэр дундаа улс төрд байгаа хүмүүс ойлгохгүй юм бол ард түмэн ойлгохгүй шүү дээ. Ард түмэн ядуу байгаа бол улс төрчдийн арчаагүй үйлдэл, буруу бодлогын үр дүн.

-Сүүлийн үед та нэлээд бухимдалтай байна уу гэж харагдах болсон. Чуулганы хуралдаан дээр “Энэ парламентыг тараах албан бланк дээр гарын үсэг зуруулна” гэж байсан даа...

-Намрын чуулган эхэлснээс хойш бид ямар асуудал шийдэв. Засгийн газрын халаа сэлгээг л баахан ярилаа. Засгийн газар хүн ярьсаар хоёр жил дууслаа. Өөр бид юу хийсэн юм бэ. Энэ төр юу хийв. Ямар хууль санаачилав. Ямар ч хууль гарсангүй. Ард түмний амьдралыг дээшлүүлэх ямар бодлого гаргасан юм бэ. Энэ мэтчилэн ямар ч үр дүнгүй хувь хүний хэрүүл рүү гүйж ордог, хүн шүүгээд сууж байдаг ийм парламент хэрэгтэй юм уу. Хоёр дахь хэрүүл рүүгээ гүйгээд орчихлоо. Гурав дахь хэрүүл нь юу юм бүү мэд.

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Уг хуулийн хүрээнд ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь төрийн албанд ажиллаж болохоор орж ирж байгаа юм билээ. Нэг үгээр хэлбэл чадварлаг мэргэжилтэй хүмүүс нь ажлаа хийгээд ИТХ-д сонгогдох боломжгүй болж байгааг нээж өгсөн гэх юм. Танай бүлгийн зүгээс 60 гаруй хүнд зориулсан хууль болж байна гээд байгаа?


-Үнэн. Өнөөдөр аймаг, нийслэлийн хэмжээнд 60 хүн хууль зөрчин үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Нэг өнцгөөс нь харвал хууль зөрчиж байгаа 60 хүнийг албан ёсоор хуульчлахын тулд оруулж ирж байгаа юм. Хууль зөрчсөн үйлдлээ тэд хэзээ ч буруу гэхгүй байгаа. Хууль зөрчиж болохгүй гэчихээд асар том хуулийн зөрчлөөр энэ явж байна л даа. Сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн захирлууд үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь үнэн. Хэрэв ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг нь Төрийн захиргааны албан хаагч нар байна гэвэл Монгол Улсын хэмжээнд 2400 хүнд зориулж энэ хуулийг өөрчлөх гэж байна. Төрийн албан хаагч улс төрөөс ангид байна гэдэг концепци бүрэн алдагдаж байна л даа. Төрийн албыг улс төрөөр хөндөж болохгүй гэж байгаа нь зөв. Өнөөдрийн Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний нэгжийн удирдлагын тухай хууль ч гэсэн ийм л дээ. Шинээр өргөн баригдсан хуулинд “Улс төрийн албан тушаалтнаас бусад төрийн албан хаагч нар улс төрийн аль нэг намд харьяалагдахгүй, үйлчлэхгүй, сурталчилгаанд явахгүй байх ёстой” гэдэг заалт маш зөв. Яг үүнийг хэлэлцэж байхад эсрэгээр нь хууль оруулж ирж байгаа байхгүй юу. ИТХ гэдэг бол сонгуулиар байгуулагддаг, улс төрийн намуудын өрсөлдөөнөөр бий болдог иргэдийн төлөөллийн байгууллага. Харин төрийн алба гэдэг бол улс төрөөс хараат бус ангид байх ёстой байгууллага. Яагаад өнөөдөр хэлэлцэж буй хуулиасаа 180 градус эсрэг зүйл хийгээд байгаа юм. Намынхаа нөхдөд ажлын байр бий болгох гэсэн явцуу санаархал. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийнхэн хамгийн сайн ажилладаг хүнээ дотроосоо ярьж байгаад даргаараа сонго л доо. Энэ ИТХ-д ямар хамаатай юм. Харин ИТХ-д нэр дэвших эрх нь бүх хүнд нээлттэй. Сургуулийн захирал хийхийг хүсэхгүй байгаа бол түүнээсээ татгалзаад ИТХ-ын төлөөлөгч болоод суу л даа. ИТХ-д сууж байгаа хүмүүсийг ажлын байраар хангах үүргийг төр хуулиар ингэж хийж болохгүй. Зарчим зөрчигдөөд байгаа учраас үүнийг болохгүй гээд байгаа юм. Сөрөг хүчний ярьсан болгон буруу байж, үнэмлэхүй олонх бүх зүйлийг хүчээр хийхдээ өөрсдөдөө таарсан хууль баталж болохгүй. МАН-ынхан ийм алдаа гаргаж байгаа. 2012-2016 онд эдийн засаг хүндэрчихлээ гээд өрийн босгыг 50 хувь болгохгүй бол болохгүй байна гэхэд “Монголд өр нэмэх шаардлагагүй. Болохгүй” гэж байсан. Үүнээс өөр эдийн засгийн илүү боломж байхгүй байсан учраас энэ бүтээн байгуулалтуудыг Чингис бонд,Төвбанкны мөнгөний бодлогоор хийсэн. Өөр гарц байгаагүй. Өөрсдөө 2016 онд засгийн эрхийг авангуутаа дөрвөн жил гацаасан хуулиа өөрсдөдөө зохицуулан өөрчилсөн. Тэд өрийн босгыг юун 50 хувь 100 хувь болгон өөрчилсөн шүү дээ. Гэтэл 50 хувь болгоно гэхэд ямар их улс төр хийж гацаасан билээ. Энэ нь Монголын эдийн засгийг гурван жил чөдөрлөсөн байхгүй юу. Юу үнэн тэр үнэн. Төсвийн алдагдал -2.4 их наяд шүү. Дахиад та нар 2.4 их наядаар өр тавина гэсэн үг. Дахиад гурван жил 2.4 их наядаар явна гэвэл 10 их наядын өр нэмж төлөгдөх нь зөв юм уу. Үүнээс хариулт нэхэх ёстой.

-ИТХ-д нэр дэвшигчид сонгуулийн жилийн нэгдүгээр сард ажлаа өгч байгаад нэр дэвшдэг байсан. Нэмэлт, өөрчлөлтөөр үүнийг болиулж байгаа юу?

-Энэ хуулиар болиулах гэж байна. Суманд боловсон хүчин байхгүй учраас ИТХ чадавхгүй байна гэж эсрэгээр нь яриад байгаа. Тийм юм байхгүй ээ. ИТХ жилд хоёр гурван удаа хуралддаг. Дээрээс өгсөн төсөв, аймаг, улсын бодлогын хүрээнд асуудлаа хэлэлцэн шийддэг. Засаг даргын томилгоон дээр хуралддаг. Томилохын тулд улс төржиж талцдаг. Энэ нь сум орон нутгийн амьдралыг тогтворгүй болгодог. Улс төрийн талцлыг асар ихээр өдөөдөг. Энэ буруу. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр бид уг заалтыг заавал анхаарч үзэх ёстой. Орон нутагт намаар талцдаг байдлыг болиулах хэрэгтэй. Засаг даргыг иргэд сонгодог эсвэл дээрээс томилдог байх ёстой. Суманд 20-30 хүний бүрэлдэхүүнтэй хурал байх шаардлагатай юм уу. Үүнийг эргэж харах шаардлагатай. Төсвөө хэрхэн зарцуулах эрхийг Засаг даргад бүрэн өгөх нь зөв. Хэн нэгэн ачаа үүрээд хариуцлагаа хүлээгээд явах ёстой байтал 30 амбицтай нөхөрт Засаг дарга нь барьцаалагддаг байж болохгүй. Энэ нь орон нутгийг хүчгүйдүүлж байгаа юм. Бид алсын хараатайгаар шийдвэр гаргахаас биш өнөөдрийн богино зайн улс төрөө бодож шийдвэр гаргаж болохгүй.

-Сүүлийн үед утааны тал дээр яндангаас татвар авах асуудлыг хөндөж байсан. Английн жишиг үү?

-Утааг бууруулах талаар бид 10 гаруй жил ярилаа. Агаарын бохирдлыг бууруулах Засгийн газрын мэдээллийг сонсож байхдаа би “Яндангаас татвар ав” гэсэн. Эхлээд Улаанбаатар хотын төв бүст байгаа өрхүүдийн янданг таван жилийн хугацаанд хориглох хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй. Төрийн зүгээс хориглож, хязгаарласан бүсүүдэд нэн тэргүүнд дэд бүтцийг бий болгох ёстой. Бодлогоор хий. Бид их сонин шүү дээ. Утаа гамшиг боллоо гэж хамгийн их ярьдаг. Гамшгийн эсрэг ямар арга хэмжээ авдаг вэ гэхээр шууд л шийдвэртэй арга хэмжээ авдаг болохоос түүхий нүүрс хот руу оруулахаа болъё, утаа гаргадаггүй зуух тавья гэсэн үлгэр зохиож болохгүй. Үүнийгээ л больчих. Энэ асуудлын шийдэл биш. Ерөнхий сайд нь маскаа сайн зүү гэж байх жишээтэй. Англид Цэвэр агаарын тухай хууль гэж бий. Энэ хуулинд “Яндангаараа хар утаа гаргаж буй этгээд нь гэмт хэрэгтэн мөн” гэж туйлын үнэн тодорхойлсон байдаг. Энд хүний эрхийн тухай асуудал биш нийтлэг эрх ашгийн асуудал хөндөгдөх учиртай.

Э.ЭНХБОЛД

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан