Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

У.Хүрэлсүх:Залуучуудын тоо хамгийн өндөр байгаа энэ үеийг ашиглаж чадвал хөгжилд хүрэх нь гарцаагүй


Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Тогтвортой хөгжилд залуучуудын оролцоо” үндэсний чуулганыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн төлөөлөл болох 15-34 насны залуус, эрдэмтэн, судлаач зэрэг 850 төлөөлөгч оролцож буй. Чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн залуучууддаа хандаж хэлсэн үгийг тоймлон хүргэе.
Манай улсын нийт хүн амын 34,6 хувийг 15-34 насны залуучууд Та бүхэн эзэлж байна. Бас хөдөлмөрийн насны 50 хувийг залуучууд эзлэх боллоо. Эдгээр тоо баримт “Монгол залуучуудын орон” гэсэн ойлголт үнэлэмжийг баталгаажуулахын зэрэгцээ манай улсын хөгжил дэвшлийн ирээдүйг нотлон харуулж байна. Өөрөөр хэлбэл манай улсын жинхэнэ баялаг бол залуучууд та бүхэн юм. Улс орны баялаг ирээдүй болсон залуучуудын тоо хамгийн өндөр байгаа энэ үеийг зөв зүйтэй ашиглаж чадвал бид хөгжил дэвшилд хүрэх нь гарцаагүй. Ийм тааламжтай үеийг ашиглаж хөгжил дэвшилд хүрсэн улс орны түүх, туршлага олон бий.   Залуучуудад зориулж хөрөнгө оруулалт хийх нь хөгжил дэвшилд хүрэх, ажилгүйдэл, ядуурлаас ангижрах нэг гарц мөн. Тиймээс Засгийн газар залуучуудаа дэмжсэн олон бодлого, хөтөлбөрийг дэвшүүлж, хэрэгжүүлэхийн төлөө хичээн чармайж байна.
УИХ анх удаа Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг баталлаа. Энэ хууль 19 хоногийн дараа хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлнэ. Мөн хуулийн дагуу “Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газар удахгүй батлана. Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, бодлого, хөтөлбөрүүд нь Үндэсний хөгжлийн цогц бодлого, Тогтвортой хөгжлийн зорилт 2030, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төслүүд, улсын төсөв, төлөвлөлттэй нарийн нягт уялдаатай байж амжилттай хэрэгжинэ.  Дэлхийн бүхий л улс орны хөгжил дэвшлийн гол хүч нь залуучууд байсаар ирсэн. Тиймээс залуучууд та бүхнийг шударга нийгмийг цогцлоож, тогтвортой хөгжлийг манлайлж, шинэчлэлийг түүчээлж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Бид ямар ирээдүйг хүсч байна, тийм ирээдүйг бүтээж чадах залуучуудыг бэлтгэх ёстой. Үүний төлөө манай Засгийн газар бүхнээ дайчлан ажиллах болно.
Залуучуудын эрүүл мэнд, өрсөлдөх чадвар бүхий мэдлэг боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн идэвх оролцоо, хариуцлагатай манлайлал гэсэн таван үзүүлэлтээр дэлхийн улс орнууд залуучуудынхаа хөгжлийг хэмжиж байна. Энэ индексээр 2016 оны байдлаар Монголын залуучууд дэлхийн 183 орноос 71-р байрт эрэмбэлэгдэж байна. Дэлхийн залуучуудын хөгжлийн индексээр Монгол залуучуудын хөгжлийг хойш татаж байгаа хоёр үзүүлэлт бол залуучуудын эрүүл мэндийн байдал, үүний дараагаар эзэмшсэн мэргэжил, олж авсан мэдлэгээ баяжуулан эрхэлж буй ажилдаа хэрэглэх, тогтвортой хөдөлмөр эрхлэх асуудал болоод байна. Ийм учраас дараах хэдэн чиглэлээр холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгч байна.
Өнгөрсөн оны эрүүл мэндийн статистикийн мэдээллийг үзэхэд архины шалтгаант элэгний өвчнөөр өвчилсөн иргэдийн 14.6 хувийг залуучууд эзэлж байна. Хүн амын дундах эрүүл мэндийн байдлыг энэ мэтээр дүгнэн үзэхэд өвчлөлийн нэлээд хувийг залуучууд эзлэх боллоо. Бидний улсын ирээдүй эрүүл саруул байж улс орон хөгжил дэвшилд хүрнэ. Тиймээс залуучуудын эрүүл мэндийн асуудалд холбогдох байгууллагууд судалгаа шинжилгээ хийж, эрүүл, зөв амьдралын хэв маягийг бүрдүүлэх талаар арга хэмжээ авахыг үүрэг болгоё.
БСШУСЯ-наас гаргасан судалгаагаар 2015-2016 оны хичээлийн жилийн их, дээд сургууль төгсөгчдийн 21.7 хувь нь тухайн жилдээ ажлын байртай болсон байна. Үүнд боловсролын, сургуулийн, төгсөгчдийн чанар гээд олон асуудал яригдана. Үүнд дүгнэлт хийж, холбогдох арга хэмжээг авахын боловсролын байгууллагын удирдлагуудад үүрэг болгож байна.
Залуучуудын хөдөлмөр эрхлэлт бидний санааг зовоосон асуудал хэвээр байсаар ирлээ. Эрүүл чийрэг, боловсролтой залуучуудад хөдөлмөр эрхлэх боломж нээлттэй байх ёстой. Харамсалтай нь энэ боломж хаалттай байна. Залуучуудын маань 50 гаруй хувь нь ажил хөдөлмөр эрхлэж чадахгүй байна. Тиймээс залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр тодорхой, бүтээлч, үр дүнтэй ажил хийж үр дүнг нь танилцуулахыг ХНХЯ-ны удирдлагуудад үүрэг чиглэл болгож байна. Миний өгсөн эдгээр үүрэг, чиглэлүүдийг хэрхэн хэрэгжүүлснээр та бүхний ажлыг үнэлж дүгнэнэ.
Гэхдээ хөтөлбөр, төслүүдэд хэдэн төгрөг зарцуулснаар, ямар арга хэмжээ хэрэгжүүлсэн тайлангаар биш ганцхан гарсан үр дүн, ахиц дэвшлээр ажлыг хэмжихээ онцлон дурдъя.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан