Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мөнгөний шинэ хэлбэр Биткойн


Т.Жанцан

Хүн төрөлөхтөний эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааны гол хэрэглүүр нь мөнгө. Түүнийг өнөөг хүртэл  төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, үнэт метал, цаас зэргээр бүтээн хөгжүүлж ирсэн. Мөн түүнийг эргэлтэд оруулдаг банк, хөрөнгийн бирж, брокер диллерийн компаниуд гээд тус тусдаа чиг үүрэгтэй байгууллагууд бий болов. Энэ бүгдийг өнөөдөр санхүүгийн зах зээл хэмээн нэрлэж байна. Тэгвэл санхүүгийн зах зээлд сүүлийн үед хүч түрэн орж ирж буй нэг шинэ мөнгөний урсгал бий. Мөнгөний энэ урсгалыг нийтэд нь крипото валют хэмээн нэрлэсэн. Уг урсгалыг одоогоор 1300 төрлийн цахим мөнгө бүрдүүлж байгаа. Эдгээрийн үнийн дүн 300 тэрбум ам.доллар давжээ. Цахим мөнгөний зах зээлийн хамгийн хүчтэй валют нь Биткойн болсон.
Цахим мөнгөний урсгал   нэмэгдэж байгаа хурд, цаашид хэрхэх чиг хандлагыг  улс орнуудын төв банк анхааралтай ажиглаж судалж байна. Тэгвэл манай улсын мөнгөний зах зээлийн гол зохицуулагч Монголбанк цахим мөнгөний талаар ямар бодлого баримталж буйг сонирхоё.
Монголбанкны Олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэл “Бид дэлхий нийтэд түгэн дэлгэрээд байгаа крипто валютын талаар судалгаа хийж байна. Энэ зах зээл тэлэхийн хэрээр төв банкуудын анхаарлыг татаж буй. Манай эдийн засагт 890 орчим тэрбум төгрөг бэлнээр эргэлдэж  байгаа. Энэ  нь нийт мөнгөний нийлүүлэлтийн ердөө 6 хувийг л эзэлдэг. Харин үлдсэн нь бэлэн бус буюу санхүүгийн байгууллагуудын компьютерийн санах ойд электрон хэлбэрээр оршиж буй.  Яагаад гэвэл бэлэн мөнгө нь хэнд ч гэсэн зардал ихтэй зүйл. Жишээ нь өндөр хөгжсөн орнуудад бэлэн мөнгө ашиглах зардал нь ДНБ-ийх нь 2 хувийг эзэлдэг. Манайх шиг хөгжиж буй орнуудад энэ зардал 7-8 хувьтай байна. Монголбанк жил бүрийн мөнгөний бодлогдоо төлбөр тооцооны системийг боловсронгуй болгох зорилт дэвшүүлэн ажилладаг. Ирэх оны 1-р сарын 01-нээс Төлбөрийн системийн тухай хуулийг мөрдөж эхэлнэ. Энэ хуульд цахим мөнгөний талаар зохицуулалт тусгаж өгсөн. Тухайлбал, Монгол Улсад ашиглаж байгаа цахим мөнгө ардаа заавал төгрөгийн баталгаатай байх ёстой. Иймд 1 цахим мөнгө 1 төгрөгтэй тэнцэж байх учиртай юм. Одоо уг хуулийн дагаж мөрдөх журмыг боловсруулж байна” хэмээн мэдээлсэн билээ. Гэвч Үндэсний төлбөр тооцооны тухай хуульд “Цахим төлбөр тооцоо гэдэг нь Монгол Улсын үндэсний мөнгөн тэмдэгтээр баталгаажсан, эргээд хөрвөх чадвартай бүтээгдэхүүнийг хэлнэ” гээд заажээ. Ийм учираас крипто валютын талаарх эрх зүйн  зохицуулалт дээрх хуульд тодорхой заагаагүй гэж хэлж болох юм.

Хүн бүр түрийвчин дэх хэдийгээ өсгөх, дансан дахь мөнгөө аривжуулахыг хичээдэг. Монголчууд бид цахим мөнгө, интернет банктай танилцаад удаагүй байна. Мөн хэдий ч дэлхий нийтийн технологийн хөгжил, мөнгө санхүүгийн шинэ эрин үеэс хоцрохгүй хөл нийлүүлэн алхаж байгаа. Ийм учраас дэлхийн санхүүгийн зах зээлд хүч түрэн орж ирсэн, үнэ ханш, олох ашиг нь сүүлийн үед огцом өсч буй Биткойныг монголчууд илүүтэй сонирхож эхлэв. Ингээд дэлхийн шинэ цахим мөнгөний урсгалд аль хэдийн нэгдэж түүний завин дээр суугаад байна.

Тухайлбал, Ард санхүүгийн нэгдэлийн санаачилгаар Гадаад харилцааны яам, Монголбанк,  Санхүүгийн зохицуулах хороо гээд төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцсон  "Крипто Үндэстэн" чуулган болсон билээ. Энэ чуулганы гол зорилго нь Блокчейн технологи, крипто валютын мөн чанар, ирээдүйн төлөв, чиг хандлага, зохицуулалтын талаар ярилцсанд оршино. Үүнээс гадна “Ард академи”-аас мөнгө болон түүний үүсэл хөгжил, крипто валют, түүний технологийн талаар “Цахим алт” хэмээх ном гаргаад байна. Бас нэг сонирхолтой зүйл гэвэл монгол залуус нийлж ирэх оноос Төлбөрийн системийн тухай хууль үйлчилж эхлэхээр Эгэрэг хэмээх цахим мөнгө гаргах болжээ.
Уг мөнгийг гаргаж буй  “Цахим Эгэрэг” компаниас мэдээлсэнээр дээрх зааснаар 1 эгэрэг 1 төгрөгийн ханштай байх юм.

Крипто валют нь өнөөдөр бидний сайн мэдэх төгрөг, ам.доллар, иен, юань, үнэт цаас, хувьцаа зэрэг чөлөөтэй хөрөвдөг мөнгөн тэмдэгт, санхүүгийн бүтээгдэхүүнтэй адил зүйл юм. Хамгийн гол нь шинэ сэргэг, танилцаад удаагүй, гарт баригдахгүй хэлбэрт оршдог, үнэ ханшийн хэт өндөр савалгаа зэргээрээ их эрсдэлтэйд тооцогдож байна. Ийм ч учраас санхүүчид хүмүүст нэг л зөвлөгөө өгч буй. Тэр нь эрсдэлээ сайтар тооцож аж амьдралаараа дэнчин тавьж, их хэмжээний зээл авч  крипто валют худалдан авахгүй байх явдал юм. Муугаар ярьвал ямар нэг тооцоогүй эрсдэлийн улмаас алдсан ч “Одоо яахав дээ. Ийм л юм боллоо” хэмээн харамсахгүй мөнгөө илүүчилж цахим мөнгөний зах зээлд оруулах нь зүйтэй гэдэг. Нөгөө талаар ямар нэг бүтээгдэхүүн худалдан авахдаа Биткойноор төлбөр тооцоо хийж захиалж болно. Гэвч тухайн худалдагч барааг нь өгөхгүй, захиалгыг нь хийхгүй бол Биткойноо буцаан авах ямар ч боломжгүй. Учир нь төвлөрсөн бус технолгийн шийдэлтэй тул төлбөр төлсөн баталгаа гарахгүй, гүйлгээг нь хянах боломжгүй сул талтай.

Цахим мөнгөний гол амин сүнс нь блокчэйн технологи. Энэ технологи нь ямар нэг халдлагад өртөх боломжгүй. Түүний мэдээллийн сан нь тогтсон нэг газарт хадгалагддаггүй, мэдээ баримт нь олон нийтэд нээлттэй хийсэн гүйлгээ нь амархан баталгааждаг аж. Мэдээлэл нь олон сая компьютерт хадгалагдаж байгаа тул интерент орчинд байгаа хэн ч халдах боломжгүй. Бас хийсэн гүйлгээ нь хэн нэгэн өөрчлөх боломжгүйгээр мэдээллийн санд хадгалагдан үлдэнэ. Ийм учраас гадны ямар нэг халдлага дайралтаар мэдээллээ алдах, устаж үгүй болох үндэсгүй юм. Харин мэдээлэл устаж болох ганц л нөхцөл бий аж. Тэр нь дэлхий нийтээр цахилгаан тасарвал ийм асуудал гарч магадгүй гэдэг. Тэгэхээр блокчейн крипто валют төдийгүй  цахим орчны аюулгүй байдлыг хангах шинэ технологийн шийдэл болсон гэхэд хилсдэхгүй биз ээ.

Сүүлийн үед цахим мөнгө сонирхогчид түүнийг худалдан авах, зарахаас гадна олборлоход илүүтэй анхаарах болжээ. Өнөөдөр монголчууд Биткойныг худалдан авах, зарахаас гадна олборлох нь олширсоор. Тухайлбал, Биткойн олборлох өндөр хүчин чадалтай хамгийн сүүлийн үеийн “Antminer S9” төхөөрөмжийг  худалдах зар цахим орчинд хаа сайгүй үзэгдэх болжээ. Зарын дагуу холбогдоход ийм төхөөрөмжийг  5, 8, 15 сая төгрөгөөр үнэлж байгаа юм.  Гэтэл ийм үнээр авсан төхөөрөмж нь сар, өдрөөр шинэчлэгдэж дараа дараагийн илүү хурдтай болж шинэчлэгдэн гарч ирж байна. Өөрөөр хэлбэл технолгийн хөгжил  таны дансан дахь мөнгөний өсөлтөөс илүү хурдан байна гэхэд нэг их хэтийдэхгүй байх. Иймд дэлхийн хэмжээнд хүчин чадалтай сайтай сая, сая  төхөөрөмж ажиллаж байхад таны өндөр үнэтэй худалдаж авсан ганц нэг төхөөрөмж үр ашигаа өгөлгүй амархан хуучирах нигууртай юм. Тэгэхээр энэ эрсдэлийг тооцон үзэж  төхөөрөмж худалдан авахаасаа өмнө сайтар бодож цэгнэх зүйтэй.
Эрсдэл бол хаа сайгүй, салбар бүрт л байдаг. Ялангуяа, шинэ тулгар үүсч буй зүйлд бүр их. Ийм ч учраас крипто валют болон түүний нэг  Биткойны талаар хар бараан тамааглал, төсөөлөл их гарч байгаа. Жишээ нь үнэ ханш нь хурдацтай өсч байгаа тул амархан нурж унана. Хэр өндөрт гарна төдий чинээ хатуу хөтүү эрсдэл дагуулна хэмээж буй. Мөн  крипто валютын нэрээр луйврын шинжтэй, санхүүгийн пирамид босгох явдал ч гарсаар байгаа билээ. Ийм учраас цахим мөнгөний зах зээлд та хөл тавих гэж байгаа бол тал бүрээс нь сайн судалж оновчтой шийдвэр гаргах ёстой. Нөгөө талаар ямар нэг эрсдэл хүлээхэд бэлэн байх хэрэгтэй юм.
Дашрамд дурдахад хүн төрөлөхтөн үүссэн цагаас хойг бартерийн арилжаа нэвтэрсэн. Энэ нь улам хөгжиж метал, зоосон, цаасан мөнгө үүссэн түүхтэй. Эдүгээ Жиралл буюу хуурмаг дансны мөнгө, цахим мөнгө болон хөгжөөд байна. Мөн мөнгийг орлодог, амархан хөрвөх чадвартай алт, мөнгө гэсэн металаас гадна үнэт цаас, хувьцаа гээд хэлбэр дүрс, овор хэмжээ, нэршилээрээ өөр царай зүсээ хувиргасан мөнгө хүн төрөлөхтөний танил болоод удаж байгаа билээ. Тэгэхээр тодорохой цаг хугацааны дараа цахим мөнгө буюу крипто валют ч бас дээрх мөнгөнүүтэй эн зэрэгцэж албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж хүн төрөлөхтөний арилжаа, хөрөнгө оруулалтын найдвартай, чухал хэрэгсэлийн нэг болох хандлагатай боллоо. Ийнхүү шинэ зуун эхлээд удаагүй байхад хүн төрөлөхтөний хэрэгцээгээ аль болох хялбар, найдвартай, түргэн шуурхай хангахын тулд бодож олсон мөнгө хэмээх зүйлийн шинэ хэлбэр крипто валют аль хэдийн санхүүгийн далайд хөвж эхлээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан