Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төв банкны тухай хуулийг нухацтай хэлэлцэхийн тулд АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа


УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа  Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Уг хуулийн төсөлд Монголбанкны дотоод бүтэц, зохион байгуулалттай холбоотой асуудлыг хуульчлах шаардлагагүй, олон зөвлөл, хороо байгуулахаар төсөлд тусгасныг цэгцэлж Монголбанк нь Мөнгөний бодлогын хороо, Хяналт шалгалтын хороотой байж, тэдгээрийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох нь зүйтэй хэмээн тусгасан байна. Мөн төсөл дэх Улсын Их Хурал, Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийн асуудлыг хөндсөн зохицуулалтуудыг хасах, Монголбанк төрийн мөнгөний бодлогын хэрэгжилт, зээлийн  байдлын талаар Улсын Их Хуралд зургаан сараар бус улирал тутам танилцуулахаар төслийг өөрчилжээ. “Мөнгөний бодлого” хэмээх нэр томъёог Үндсэн хуульд нийцүүлэн “Төрийн мөнгөний бодлого” хэмээн өөрчлөх буюу одоогийн хуулийн нэр томъёог хэвээр үлдээх, Монголбанкны ерөнхийлөгч нарын эрх зүйн баталгааг нэмэгдүүлсэн заалтуудыг хасах, тус банкны хянан шалгах бүрэн эрхийг Төв банкны тухай хуульд хэвээр үлдээх, Засгийн газраас Монголбанкинд зөвлөмж, чиглэл өгөхийг хориглосон заалтуудыг тусгайлан оруулах шаардлагагүй тул хасах, салаа утгатай, ойлгомжгүй хэсэг бүлэг заалтуудыг тодорхой болгон өөрчлөн найруулахаар зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг банкны салбарын эрх зүйн зохицуулалтыг хийх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий  Ажлын хэсгээс бэлтгэсэн байна.
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар асуулт асуув. Гишүүдийн асуултад ажлын хэсэг хариулт өгөхдөө, Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамт өргөн мэдүүлсэн болохыг хэлэв.

 Хууль зүйн байнгын хорооноос төсөл санаачлагчид нь буцаах нь зүйтэй хэмээн үзсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Монголбанкнаас захиргааны буюу нийтийн хэм хэмжээ тогтоож буй эрхийн актыг Хууль зүй, дотоод хэргийн яамын улсын бүртгэлд бүртгүүлэхтэй холбоотой асуудлыг хөндсөн зохицуулалтыг тусгасан байсан. Үүнийг Хууль зүйн байнгын хороо хүлээж аваагүй учир одоо байгаа зохицуулалтаар цааш үргэлжлүүлэх боломжтой хэмээн үзсэн болохоо Ажлын хэсэгээс тайлбарлалаа. Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсгийн хуралдааны үеэр “мөнгөний бодлого” хэмээх нэр томъёог одоо хэрэгжиж буй хуулийн нэр томъёогоор нь буюу “төрийн мөнгөний бодлого” хэмээн хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооноос Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн гэлээ. Монголбанк нь Эрдэнэсийн сантай холбогдолтой, гадаад валютын нөөцийг бүрдүүлэх зэрэг нэлээд онцлогтой ажил үйлчилгээг эрхэлдэг тул Монголбанкны үйл ажиллагаатай холбогдсон бараа, ажил, үйлчилгээ, худалдан авахтай холбоотой харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар зохицуулахгүй байх хуулийн төслийг боловсруулсан. Төсвийн байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд Монголбанкны өдөр тутмын үйл ажиллагаа нь холбогдох хуулийнхаа хүрээнд явах нь зүйтэй, харин эрдэнэсийн сан, мөнгөн тэмдэгт хэвлүүлэх, валютын арилжаа хийх зэрэг онцгой үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулиар зохицуулахгүй байхаар төсөлд өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн үзэж шийдвэрлэсэн гэв.
Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан хуулийн зорилтыг өөрчлөх болсны үндэслэлийг тодруулж, Монголбанкны удирдлагуудаас хариулт авсан юм. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Төв банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад гишүүдийн байр суурь өөр, өөр байна. Мөн Байнгын хороод харъяалах асуудлынхаа хүрээнд дагалдах зарим хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаахаар шийдсэн. Төслийн зохицуулалттай холбоотой олон санал гишүүдээс гарч байна, тэдгээрийг тусгах шаардлагатай. Иймд төслүүдийг нухацтай хэлэлцэж, нягтлах үүднээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байна” хэмээн мэдэгдлээ. Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээс Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч байгаа тул хойшлуулахаар болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан