Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.Манлайбаатар: ”Хоёр туулай хөөсөн” болохоор айж байна


 “Их өв хөрөнгийн эзэн өвгөн насны бөгсөнд гурван хүүгийнхээ эрэлд гарна. Гол нь гурван хүү нь бие биенээ мэдэхгүй”.  Энэ бол ДАРАА ЖИЛ буюу 2018 оны НЭГДҮГЭЭР САРЫН 12-нд нээлтээ хийх “Ах дүү гурав” инээдмийн уран сайхны киноны нэгээхэн хэсэг юм. Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг киноны гол дүрд тоглосон СТА, жүжигчин Х.Манлайбаатар, Р.Адьяа, Ө.Мөнх-Эрдэнэ үргэлжлүүлэх учраас олныг үл нуршин, үзэгчдэд үлдээлээ. Харин кино хэрхэн бүтсэн талаар болон амьдрал, уран бүтээлийнх нь талаар Х.Манлайбаатартай ярилцсанаа уншигч танд хүргэж байна.
-Энэ 2017 онд олз омог арвин байв уу?
 -Монгол хүн амныхаа бэлгээр гэдэг дээ. Уран бүтээлийн хувьд олз омогтой сайхан жил байлаа. Жил гаруй хугацаанд бодож явсан киногоо дуусгаад нээлтээ хийхэд бэлэн болсон байна. Ямар бүтээл болсныг үзэгчид дүгнэх байх даа. Бас арванхоёрдугаар сарын 31-нд “Монгол HD”-гээр гарсан “Гацуурхан” кинонд тоглолоо.
Гэхдээ би сүүлийн гурван жил уран бүтээлийн ажил хийсэнгүй. Сэтгэл санаа ч тааруухан байлаа. Хоёр ч сайхан найзуудаа дараалуулаад алдсан. Даулэтжантайгаа хамтдаа кино хийнэ гэж бодож байсан юм. Даанч хэлж ирэхгүй гэнэтийн айхтар юм боллоо.  Ер нь хүн чинь хамтдаа байх нь л чухал юм байна.  Тэрнээс мөнгөтэй, мөнгөгүй байх нь чухал биш. Сайхан, муухай  ааштай байх нь ч хамаагүй. Үхэл хагацал үзэхээр хүн улам л зөөлөн болдог юм шиг санагдаж байна.
 -Тэр үнэхээр харамсалтай юм болсон шүү. Гэхдээ дурсах юмтай байна гэдэг тайтгарал авчирч байгаа биз дээ.
 -Даулэтжан маань мундаг хөдөлмөрч, бас их нийтэч хүн байлаа. Ямар эмх цэгцтэй, цэмцгэр, нямбай гэж санана. Бид чинь Үндэсний телевизийн “бүтээгдэхүүнүүд”. Мэдээж тэр том байгууллага шууд ажилд авахгүй. Дагалдангаас эхэлж байгаа юм. Бид чинь “Гэрэлтэй цонх”-ын дэргэдэх “Захиалгат инээд” хамтлаг нэртэйгээр байгуулагдсан. Их сургуулиа дөнгөж төгссөн хүүхдүүд болохоор бас дэггүй ч байжээ. /инээв/ Телевизийн хашааг  даваад л орчихно. Тэгсэн дарга нар мэдээд хашаан дээгүүр нэг хар юм түрчихэж. Гэнэдээд давсан, хувцас будаа. Тэр үед Даулэтжан нэг их гоё цагаан ороолтыг, кашмерин пальтотой хослуулан өмсдөг байсан юм. Ер нь ганган л даа. Гутал бол байнга тослоотой, үс бас гелитэй. Тоглолт болоход өмсөх хувцсаа жимбийтэл нь эвхээд, дарааллаар нь өрөөд  тавьчихаад “Хүн хүрч болохгүй шүү” гэж анхааруулна.  Телевизэд өнгөрүүлсэн тэр жилүүд бидний хувьд хамгийн сайхан дурсамжийг үлдээсэн байдаг. Хоолны мөнгөгүй үедээ хоёр мантуун бууз, нэг ундаатай авчихаад дөрвүүлээ хуваагаад идэх жишээний. Тухайн үедээ хэцүү мэт санагдаж байсан ч эргээд санахад амттай байдаг юм аа.
 -Таны нэг алимны онигоо байдаг биз дээ. Багшийндаа очоод ширээн дээр байсан ганц алимыг хазаад баригдсан тухай?
-/Инээв/ Тэрийг бас мэдчихсэн үү. Би багадаа плитан шалан дээр ойчоод нэг шүдээ унагачихсан юм. Тэгсэн хажуудах нь шахагдсаар урдаа нэг том шүдтэй болчихсон. Ядаж байхад тэр дорсгой болохоор хөөрхий юманд амархан “өртөнө” өө. Ер нь сургуульдаа дэггүй оюутан байлаа.
-Шинэ жил бас сайхан  дурсамж үлдээдэг?
-Тийм ээ. “Захиалгат инээд”-ийнхэн маань зөндөө сайхан шинэ жилүүдийг хамтдаа  үзсэн. Амбий ахтайгаа хоёр, гурван жил уран бүтээл хийсэн юм. Тухайн үедээ шинэ жилээр дандаа л тайзны тоглолтуудыг хийдэг байлаа. Энд дахиад л ахыгаа дурсмаар байна. Нутгийн ах  биднийг тоогоод хамтран ажиллахаар болоход үнэхээр их олзуурхаж билээ. Бөөн баяр хүлээж авсан.
-Тухайн үедээ мөрөөдөл бол асар их байсан биз?
-Мөрөөдөх сайхан шүү дээ. Магадгүй мөрөөдөл байхгүй гэж төсөөлбөл хэцүү санагдаж байна.  Бидний хамгийн их хүсч байсан зүйл бол телевизийн олон ангит кино хийх байсан юм. Тэр чинь 2006 он л доо. Тэгээд “Ногоон төгөл” хороололд тухайн үеийн УИХ-ын гишүүн байсан Батж.Батбаяр нэг том заал гаргаж өгөөд, олон ангит кино эхлүүлсэн. Даанч арваад анги  яваад цаашаа яваагүй. Одоо ч надад дүрс нь бий. Тэгээд шантраагүй л дээ.  Таван жилийн дараа дахин эхлүүлж, 80 ангит цуврал хийсэн нь “Амьдралд тавтай морил” байгаа юм. Энэ бол бидний мөрөөдлийн том хэсэг. Хоёр жил  хийсэн киноныхоо 80 дахь ангийг хийчихээд уйлж байлаа. Гэр оронгүй л юм шиг амьдарсан он жилүүд гэж болно. Хоёр хүүхдээ ээж аавдаа  өгч явуулаад, өөрсдөө нэг газар хамтдаа амьдраад л. Эхнэр маань мантаж хийдэг байлаа.  
- Хоёр жилийн дараа амьдралд “бууж ирэхэд” ямар байх юм?

 -Цээж дүүрэн амьсгалсан. /инээв/ Гоё байсан л даа. Энэ кино надад Ситимэн нэрийг өгсөн. Одоо энд тэнд шинэ жил хөтлөөд явахаар киноныхоо дууг дуулаач гэсэн хүсэлт их ирнэ ээ. Орой болгон л тэр дуугаа дуулаад, дурсамж сэдрээд аятайхан байгаа шүү. Би ер нь дуулах дуртай. Одоо “Ах дүү 3” киноныхоо дууг дуулж байна. Гэхдээ жоохон зориг дутаад, өмнөхөөсөө онцгүй болчихвол яах уу гээд л айдастай л байна.
- Та нар хамтлагийнхаа төрсөн өдрийг тэмдэглэдэг үү?

-Ажил ажил гэж гүйгээд хийж байсангүй. Бодоод байсан хийж баймаар юм байна.
- “Амьдралд тавтай морил” кинондоо гардагчлан оддын өвчин тусаж байв уу?
- Тусдаг байж магадгүй. Гэхдээ туссан чигээрээ удаан явбал ужигарч мэднэ. Гэхдээ оддын өвчин гэдгийг юу гэж ойлгож байгаагаас болох байх аа.
- Та ирсэн саналаас татгалзаж байсан  удаа бий юу?
-Надад тохирохгүй дүрийн санал ирвэл татгалзахаас өөр аргагүй. Болно гээд  мөнгийг нь аваад тоглодог, таалагдахгүй уран бүтээл гарчихвал яах юм бэ. Эсхүл өөртөө “амттай” тоглож чадахгүй бол яах юм. Бас лаг лаг залуучуудын дунд орчихвол би чинь хэцүү болно шүү дээ.
- Тэгвэл таны сайн гаргаж чаддаг дүр гэвэл?
 -Одоогоор үнэхээр тултал нь тоглосон дүр алга л байна. Би тайзан дээр эмээ болох их дуртай.
Саяхан youtube-д орцны жижүүр эмээ болдог нэг үзүүлбэрээ оруулсан. Олон сэтгэгдэл ирсэн шүү. Ер нь жүжигчин хүн чинь хэн ч болж болно. Гэхдээ эмэгтэй хүнийг бол гоёор л харуулах ёстой.
- Ичмээр дүр гэж байж болох уу?  
-Тоглоод дараа нь ингэж байж гэж бодсон дүр бий. Дэлгэцийн бүтээл чинь яаж тоглоно тэр чигээрээ үлдэх учраас амаргүй. Тайз бол яахав засчихна шүү дээ.
- Гэр бүлийнхэн тань  аль дүрд чинь дуртай вэ?
-Эхнэр, хүү хоёр нэг темперамэнтийн улс шиг байгаа юм. Эхнэр бол айхтар ач холбогдол өгөхгүй. Хүү болохоор “Аав та тийм кинонд тоглож байна лээ” гэж тогтож анзаарсан хэрнээ бас ичдэг шиг байгаа юм. Харин охин бол ааваараа бахархана. “Аав аа та сургуулиас авна биз дээ” л гэдэг юм. Намайг энд тэнд арга хэмжээ хөтлөөд, Ситимэний дуугаа дуулахаар хүү ичнэ  ээ. Тэр нь андашгүй хэрнээ асуухаар зүгээр ээ л гэдэг юм. Би хүү, охин хоёртой. Охин зургаа, хүү гуравдугаар ангид сурдаг.
- Танайханд урлагийн хүмүүс бий юу?  
-Байхгүй ээ. Би хүүхэд байхын урлагт дуртай нэгэн явлаа. Сургуулийн урлагийн үзлэг алгасахгүй. Бас гитар дарна. Бид орцны сүүлийн гитарчид байх аа. Тэр үед чинь гитар сайн дарвал  охидын дунд нэр хүндтэй. Зусланд бол тасаг тасгаар нь уригдаад явчихдаг байлаа.
- Шинэ киноныхоо тухай яриагаа үргэлжлүүлье. “Ах дүү гурав”-т юу өгүүлэх гэж байна даа?
-Би энэ төслийг санаачлаад жүжигчин Мөөжиг, Адъяа, найруулагч Мөнх-Амьдрал нартайгаа хамтран ажиллалаа. Миний хувьд киноны продюссер, жүжигчнээр оролцож байна. Одоогоор өөрөөсөө ичиж байна. Кинондоо сайн тоглоогүй, сайн продюссер хийгээгүй бол яана даа гэж айж л байна шүү. Хоёр туулай хөөхөөр яадаг гэдэг билээ.../инээв/
Уг нь 11 сарын сүүлээр киноныхоо нээлтийг хийхээр төлөвлөсөн ч ажил давхцаад хойшлуулсан. Кинонд насны бөгсөнд  хүн аз жаргалтай сайн сайхан амьдрахад гэр бүл, үр хүүхэд, хань ижлээс өөр хэрэгтэй юм байдаггүй ойлгосон өвгөн гурван хүүгээ хайж байгаа тухай өгүүлнэ. Энэ бол инээдмийн кино. Зураг авалтыг Улаанбаатар хотоос мянгаад км-ийн цаана орших Буйр нуур дээр хийлээ.
- Кино хийх амархан уу?
 -Яалаа гэж маш хэцүү. Жишээлбэл би энэ киногоо жил гаруй бодож төлөвлөж эхлүүлсэн. Өнөөдөр кино хийгээд гаргахад марктингийн шаардлага маш өндөр болсон. Лаг марктингтай кино бол лаг үзнэ. Гэтэл лаг кино байсан ч марктингүй бол үзэхгүй. Сайн бүтээл хийчихээд марктинг дутаад бүтэлгүйтсэн тохиолдлууд амьдрал дээр байдаг шүү дээ. Гэхдээ марктингийн тал дээр гаршчихсан кино продакшнууд байна. Одоогийн нөхцөлд бид чадах юм аа л хийж байна.
- Ямар нэг юмаа барьцаанд тавьсан уу?
- Тэр бол тодорхой. Эдийн засаг хүнд энэ үед байгууллагууд хамгийн түрүүнд  зар сурталчилгааны мөнгөө таначихдаг юм байна. Тэгэхээр ивээн тэтгэгч олох хэцүү. Аймаар зовлон ярьсан уу. /инээв/ Гэхдээ эдийн засаг хүнд гээд хойшлуулах аргагүй. Зохиолд иртэй үе гэж байдаг шиг санагддаг. Хэрвээ дараа жил гээд хойшлуулчихвал сонирхолтой биш болно. Мэдээж түүхэн, эсвэл сериал бол өөр.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан