Агаарын бохирдол ихтэй СХД-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээнд анхаарал хандуулна
2018 оны 1 сарын 11

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар Сонгинохайрхан дүүргийн III амбулаторийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Нийслэлийн хэмжээнд хүн амын тоогоороо дээгүүрт тооцогддог, мөн агаарын бохирдол ихтэй бүсэд байрладаг тус дүүргийн ард иргэдэд үзүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж болон бусад асуудлыг судалж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар очсон нь энэ юм байна.
Сонгинохайрхан дүүргийн III амбулаторийн хувьд, ахмадын хэвтэн эмчлүүлэх нийт 35 ортой тасаг ажиллуулдаг бөгөөд нийслэлийн хэмжээнд ард иргэдэд харьяалал харгалзахгүйгээр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг аж. Харин тус амбулатори нь төвийн халаалтын системд холбогдоогүй тул хэрэглээний хүйтэн устай, тасалгааны тогтсон температур байхгүйн улмаас иргэд, үйлчлүүлэгчдээс энэ талын гомдол тасардаггүй гэдгийг эмч, ажиллагсад хэлж байжээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар ахмадын хэвтэн эмчлүүлэх 150 ор бүхий төв байгуулж, тус амбулаторийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор барилгын зураг, төлсийг хийлгэж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар эмнэлгийн удирдлага болон эмч, ажилтнуудад мэдээлэл хийсэн байна.
Мөн зуу гаруй айл өрх газраа чөлөөлбөл нийслэлийн “Баянхошуу дэд төв”-ийн дэд бүтэц, дулааны шугам сүлжээний ажил үргэлжлэх боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэлсэн. Ингэснээр агаар, хөрсний бохирдол ихтэй тус хорооны 300 гаруй айл өрх гал түлэхгүйгээр өөрийн газар дээрээ ая тухтай амьдрах боломжтой гэжээ.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.