Асуудлыг судалдаг төр, ар хударгаар нь өсдөг үнэ
2018 оны 1 сарын 11

Энэ он гарсанаар шатахууны Онцгой албан татвар нэмэгдсэн. Энэ нь импортлогчид нэг литр шатахууны үнийг нэмэхэд хүргэлээ. Ингээд бүх бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ хөдлөх дээр тулаад байгаа. Харин эрх баригчид шатахууны үнэ нэмэгдэхгүй. Иргэдийн төлөөлөл, шатахуун импортлогчид, төрийн байгууллагын мэргэжилтэн зэрэг оролцсон Шатахууны үнийн  зөвлөл хуралдаж байгаа гэсэн. Тэгвэл уг зөвлөл хуралдаж үнэ нэмэх эсэх бодит шалтгаан байгаа эсэхийг нарийвчлан судалж тогтоох ёстой гэж үзжээ.

УУХҮЯ-ны Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн “Өнөөдрийн хувьд шатахууны хангамж хэвийн улсын хэмжээнд 115 мянган тонн нөөцтэй байна.
Шатахууны хомсдол үүсч үнэ нэмэгдэх асуудал байхгүй. Харин ААН-үүд алдагдал хүлээж эхэлсэн талаараа УУХҮЯ, ШБХТГ зэрэг байгуулагуудад 12 дугаар сарын 14-ны өдрөөс хойш мэдэгдэж байгаа. Шатахууны үнийн зөвлөл үүнийг хэлэлцээд ААН-үүдийн мэдэгдлийг хэр үнэн бодитойг шалган нягтлах ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргалаа. Импортлогчдын зүгээс 3-4 сарын хугацаанд алдагдал руу орсон, 300 хүртэлх төгрөгийн алдагдалтай үнээр зарж байна гэдэг асуудлыг тавьсан. Энэ асуудлыг нягтлан тогтооно.Үнийг тогтвортой байлгахын тулд ямар хувилбар байж болох вэ гэдэг саналыг боловсруулна” хэмээн мэдээлэв. 

Мөн УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат “Дэлхийн зах зээлд өнгөрсөн оны 7 дугаар сараас газрын тосны үнэ 25-30 хувиар өссөн. Тухайлбал, Брент маркын нэг баррель газрын тосны үнэ 64 ам.доллар байсан. Одоо 69 ам.доллар болоод байна. Энэ нь шатахууны өсөх гол шалтгаан боллоо. Цаашид ч газрын тосны үнэ өсөх төлөв ажиглагдаж байгаа. Нэгдүгээр сарын 9-нд төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл байгуулагдаж, ААН-үүдийн тавьсан асуудлыг цаашид хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлыг боловсруулахаар ажиллаж байна” гэлээ.
Харин эрх баригчид асуудлыг судалсаар. Энэ хооронд өргөн хэрэглээний барааны үнэ өсч иргэдийн халаасыг нимгэлж эхлээд буй. Манайд нэг тогтсон заншил бий. Үнэ нэмэгдсэн бол эргээд буурдаггүй. Аливаа нэг сургаар үнэ нэмж сурсан үйлдвэрлэгч, наймаачидтай хариуцлага тооцож чаддагүй судлаач төртэй улс билээ. Сүүлийн зургаан жилд шатахууны үнийн талаар асуудал дэгдэж байгаагүй. Энэ нь Үнэ тогтворжуулах хөтөлбөр, татварын уян хатан бодлогтой холбоотой гэж эдийн засагчид хэлдэг. Одоо шатахууны үнийн асуудал дахиад л хөвөрч эхлэх нь. Шатахуун импортлогчид валютын ханш тогтвортой, дэлхийн зах зээлийн үнэ хямдарсан, татвар тэгэлсэн үед жижиглэнгийн үнэ ханшаа буулгадаггүй зантай. Харин үнэ өсгөх сэжүүр ашгүй нэг олдов бололтой.
Дашрамд дурдхад Монгол Улс өнгөрсөн онд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн тооцоо гарав. Үүнийг 2016 онтой харьцуулбал 271 мянган тонноор нэмэгдсэн байна.

Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.