Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Батбаяр: Газрын тосны хайгуулын ажлыг орон нутгийн иргэд зогсоож байна

-Монгол Улс энергийн хувьд тусгаар тогтнож чадаагүй-

Шатахууны үнэ иргэдийн түрийвчийг тэмтэрч эхэлсэн. Газрын тосны бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь түүхий эд нь бий ч дотооддоо үйлдвэргүй, импортоор авдагтай холбоотой гэдэг. Энэ хавраас газрын тос боловсруулах йүлдвэрийг Энэтхэгийн Засгийн газраас авах 1 тэрбум ам.доллараар барьж эхлэх шийдвэр Засгийн газар гаргасан. Тэгвэл энэ үйлдвэрийг түүхий эдээр хангах асуудал тулгамдаж байна. Учир нь уг ашигт малтмалын хайгуулын ажил удаан байгаа аж. Ингээд Ашигт малтмал, газрын тосны газрын хайгуулын хэлтэсийн дарга М.Батбаяртай газрын тосны нөөц, хайгуул ямар хэмжээнд байгаа талаар ярилцлаа.

-Манай улс газрын тос боловсруулах үйлдвэр энэ зунаас барьж эхэлнэ. Тэгвэл газрын тосны хайгуулын ажил ямар түвшинд явна вэ?
-Өнөөгийн байдлаар газрын тосны гурван орд нээж нөөц нь батлагдаад ашиглаж байна. Үүнээс гадна Бүтээгдэхүүн хуваах гэрээтэй гурван талбайд газрын тос илэрсэн. Тухайлбал,  Галба 11 талбайгаас нь 1000 орчим тонн тос туршилтын журмаар олборлоод байгаа. Мөн Хөх нуур 18 талбайд газрын тос илэрсэн. Эдгээр талбайн нөөц арай батлагдаагүй. Эхлээд туршилтын олборлолт хийх ёстой. Учир нь хэдий хэмжээний даралттай гарч байгаа, өтгөн, шингэн нь ямар эсэхийг судалж байж нөөцөө боддог.

-Тэгвэл Монгол Улсын Эрдэс баялгийн санд хэдий хэмжээний газрын тосны нөөц батлагдан бүртгэгдээд байна вэ?
-Газрын тосны хайгуулын ажил их онцлогтой. Яагаад гэвэл Засгийн газар, хөрөнгө оруулагч хоёр тал гэрээ байгуулж ажилладаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газар газрын тосны хайгуул хийх талбайг нээлттэй зарладаг. Уг талбайд хөрөнгө оруулагч тухайн талбайд доод тал нь төдий хэмжээний мөнгө зарцуулж хайгуул  хийнэ гэсэн гэрээ байгуулдаг.  Газрын тосны хайгуул хийхэд хөрөнгө мөнгө чамгүй шаардлагатай. Доод тал нь 10 сая  ам.доллар зарцуулдаг. Тухайлбал, нэг цооног өрөмдөхөд 2-3 сая ам.долларын ажил хийнэ.

-Одоогоор хайгуул хийхээр зарласан хэдэн талбай байгаа бол. Энэ онд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө хайгуулд зарцуулах вэ?

-Хоёр талбайд хайгуул хийхээр зарлаад байна. Үүнээс гадна газрын тосны хайгуулын 22 талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан. Мөн Бүтээгдэхүүн хуваах дөрвөн гэрээг цуцлуулхаар УУХҮЯ-нд санал гаргаад байгаа. Компаниудаас тайлан төлөвлөгөөг нь одоо авч байна. Ирэх дөрөвдүгээр сард газрын тосны хайгуулд хэдэн төгрөг зарцуулах нь тодорхой болно.

-Эдгээр талбайн гэрээг нь яагаад  цуцлах болов?
-Гэрээгээ цуцлуухаар 26,13, 14, Төхөм 10  талбайн хөрөнгө оруулагч нар мэдэгдсэн.  Тухайн компаниуд энэ талбайд хөрөнгө оруулахаас татгалзаж байна гэдгээ мэдэгдсэн юм. Үүний шалтгаан нь санхүүжилт дутсантай холбоотой. Эдгээр талбайн геологийн тогтоцыг харвал газрын тос байх магадлал маш өндөр. Тухайн талбайнуудад өрөмдлөгөөс бусад бүхий л судалгааг хийсэн.

-Газрын тос боловсруулах үйлдвэр барилаа гэхэд түүнийг түүхий эдээр тасралтгүй хангах боломж хэр байна вэ?
-Тухайн үйлдвэрийг түүхий эдээр хангах  нөөц тогтоох боломжтой хайгуул хийх сав газрууд бий. Тэгэхээр газрын тосны хайгуул судалгааны ажлаа сайн хийх шаардлагтай юм. Газрын тосноос ганц шатахуун бус дагвар бүтээгдэхүүн ихтэй.  Жишээ нь цардмал замын асфалть, хуванцарын зарим түүхий эд, тослогооны болон гадаадад экспортолж болох химийн бүтээгдэхүүн гардаг.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр газрын тос олборлож буй компаниуд Газрын тос боловсруулах үйлдвэрт түүхий эдээ бүрэн нийлүүлэх баталгаа бий юу. Бид танайд зарахгүй гээд байх юм биш биз?
-Түүхий эдээ нийлүүлэх баталгаа бий. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахад тухайн компани манай Засгийн газарт саналаа өгдөг. Тухайлбал, олборлосон газрын тос 40:60 эсвэл 51:49 хувиар хуваая гэдэг. Үүн дээр нэмээд ашгийн тодорхой хувь тохирно. Үүнийг роялти гэж ярьдаг. Хуульд энэ ашгийг 5-10 хувиар тохирно гэж заасан.    Ихэнх компаниуд 5 хувиар оруулж ирж байгаа. Засгийн газрыг төлөөлж гэрээ байгуулж буй ажлын хэсэг аль болох өндөр хувь тогтоох саналтай ажилладаг. Манай хуульд бүтээгдэхүүн хуваах талаар тодорхой заасан загвар бий. Энэ загварын дагуу төлөх роялти, олборлосон газрын тосны хувааж авах хэмжээг тогтоож байгаа юм. Одоогоор роялти дундажаар 5 хувь, газрын тосны 40:60 хувиар тогтсон Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулж байгаа байх гэж бодож байна. Ер нь хөрөнгө оруулагч эхний оруулсан мөнгөө буцааж авах учиртай. Үүнийг олборлож буй газрын тосноос авна гэсэн үг. Энэ хугацаанд манай улсын авах газрын тос бага байна. Харин хөрөнгө оруулалтаа нөхөж дууссаны дараа дийлэнхийг нь авна.

-Тэгвэл хөрөнгө оруулалтаа хэдий хугацаанд нөхөх бололцоотой бол?
-Хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсанаас шалтгаална.Жишээ нь  нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 5-13,6 хувь нь, нийт БХГ-ний 69,5 хувь нь 10-аас дээш хувиар нөөц ашигласны төлбөр төлөх нөхцөлтэй.
Өртөг нөхөлтийн хэмжээ 35-40 хувь, нийт БХГ-ний 73,9 хувь  40 хувиар өртөг нөхөх нөхцөлтэй.
Засгийн газарт ногдох бүтээгдэхүүн хуваалт өдрийн олборлолтын хэмжээнээс шалтгаалж 38,75-аас 60 хувь  хүртэл нэмэгдэх буюу ордын үр ашиг нэмэгдэх тусам Засгийн газарт ногдох хувь хэмжээ өсч байдаг “прогрессив” нөхцөлтэй юм.

-Одоо мөрдөж буй Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр манай улс өөрт ногдох хувь хэмжээгээ үйлдвэртээ нийлүүлнэ гэж бодоё. Тэгвэл үйлдвэрийхээ хүчин чадлын хэдэн хувийг хангаж вэ?
-Энэ нарийн тооцоо нь ТЭЗҮ-ээр тодорхой гарна. Геологич бидний хувь бол энэ үйлдвэрийг тасралтгүй ажиллуулах түүхий эдийн нөөцийг олж өгөх ёстой. Төр засгийн бодлогод хайгуулын ажлыг эрчимжүүлнэ гэж тусгасан. Үүний цаад утга нь бол энэ үйлдвэрийг тасралтгүй ажиллуулж дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэсэн үг. Хүмүүс өнөөдөр газрын тос боловсруулах үйлдвэрийг шатахуун гэж хараад байна. Маш өргөн хүрээнд харж ойлгох хэрэгтэй. Газрын тосоо боловсруулаад эхэлвэл аж ахуйн нэгжүүд түүнийг дагсан жижиг, дунд үйлдвэрүүдийг босгоод ирнэ гэж бодож байна. Тэр хэмжээгээр иргэд ажилтай орлогтой болно. Мөн импортоор урсах гадаад валют дотооддоо үлднэ. Энэ нь эдийн засгийн өсгөх гол хөшүүрэг юм. Хөгжил эндээс харагдаж байгаа юм. Хөгжлийн сууриас нь бодож хийх учиртай. Түүнээс биш нэг зүйлийг хараад зүтгээд байх асуудал биш. Иймд геологи бол гол суурь нь. Бид энэ суурийн ажлаа л маш сайн хийх ёстой.

-Бид газрын тосоо боловсруулж шатахууны хараат байдлаас гарна гээд байдаг. Тэгвэл дээрх дагвар бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийн талаарх мэдээлэл алга. Үйлдвэрийн төсөлд энэ талын зүйл тусгасан болов уу?
-Энэ нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ дотор байгаа байх. Газрын тос боловсруулахад дагаж гардаг химийн олон бүтээгдэхүүнийг боловсруулах жижиг, дунд үйлдвэрийг бас л барих хэрэгтэй. Ер нь Монгол Улс энергийн хувьд тусгаар тогтнож чадаагүй. Бид энергийн бүхий л бүтээгдэхүүнээ үргэлж гадаадаас авдаг. Жишээ нь шатахуун. Мөн баруун аймгууд эрчим хүчээ мөн гадаадаас авч байгаа.

-Манай газрын тосыг чанар муутай, өтгөн гэсэн яриа бий. Энэ талаар мэргэжилийн хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Газрын тосны чанарыг API гэсэн нэгжээр хэмждэг.  Манай газрын тос энэ хэмжигдэхүүнээр 40 гарсан үзүүлэлттэй тул гайгүй. Саудын Аравийнх 50 байдаг. Энэ нь дизелийн түлш шингэн тос гардаг гэсэн үг. Манай улсад жаахан өтгөн тос бий. Үүнийг олборлодог арга, технологи байна. Манай улс олборлож буй газрын тосондоо зориулсан үйлдвэрийг барих ёстой. Өнөөдөр боловсруулах үйлдвэр маш нарийн технологитой болсон. Тэгэхээр өтгөн тос боловсруулахад хүндрэлтэй зүйл байхгүй.

-Шатахууны үнэ өсөх нь иргэдийн халаасанд шууд гар дүрж байна гэж хэлж болно. Тэгвэл дотооддоо шатахуун үйлдвэрлэхэд үнэ тогтвортой, өнөөгийн түвшинээс хямдхан байх боломж бий юу?
-Байна. Гэхдээ манай төр засгийн тухайн үеийн бодлогоос ихээхэн шалтгаална. Татварын ямар бодлого баримтлахаас өгсүүлээд нэг литр шатахуун ямар байх нь тодорхой гараад ирэх байх. Түүнээс биш би яг төд өд байна гэж хэлхэд хэцүү. Нөгөө талаас нь харвал бид энергийн хараат байдлаас ангижирна. Энэ бол хамгийн том давуу тал юм.

-Газрын тосны хайгуулд тулгамдаж буй ямар асуудал байна вэ?
-Орон нутгийн ард иргэд хайгуулын ажил зогсоодог гол асуудал байна. Би ард иргэдэд буруу өгөхгүй. Хамгийн гол нь ард иргэдийн толгойг буруугаар эргүүлж төр засгийн бодлого, Монголын ирээдүйн эсрэг турхирч хувийн ашиг хонжоо хайдаг  хүмүүс олширсон. Ард иргэд мэдээлэл, мэдлэг дутмагаас болж буруу хүмүүсийг дагаад Монгол Улсын бодлогоор хэрэгжиж буй ажилд садаа болж байгаа юм. Нөгөө талд нь Монголд сонгууль гэж зовлонтой юм бий. Бүх ажил, хөрөнгө оруулалтыг гацаадаг, түүнтэй холбоотой болдог талтай. Сонгуульд нэр дэвшиж байгаа хүн өөрийгөө сурталчилахын тулд буруу аргаар явдаг. Хөгжлийн ирээдүй харж шинэжлэх ухаанч байдлыг эрхэмлэхгүй байгаа юм. Санал авахын тулд ард иргэдэд буруу мэдээлэл дамжуулж хувийн эрх ашигаа нэн тэргүүнд тавьдаг. Үүнийгээ нэр дэвшигчид болих хэрэгтэй. Уг нь шинжлэх ухаанч байдлаар бусад орны хөгжлийн түвшинд хүрэх арга замаа ярих ёстой юм.

-Тэгэхээр орон нутгийн иргэдтэй хэрхэн тохирох ёстой вэ?

-Тохиролцоо биш. Бие биенийгээ ойлгох ёстой. Монгол хүн бүр улс орныхоо ирээдүйн төлөө сэтгэл зовниж  байх ёстой. Бидний үр хүүхэд, хойч үеийн хөгжлийн төлөөх ажил юм. Түүнээс биш байгаль, дэлхийгээ сүйтгэе гэсэн хорон санаатай нэг ч геологич байхгүй. Харин ажлыг нь зогсоож хөөж туухаас илүүтэй хайгуул хийж буй компанид орон нутгийн иргэд сайн хяналт тавих ёстой гэж бодож байна. Тухайлбал, байгаль орчинд нөлөөлж буй байдал, гэрээнд заасан ажлаа хийж буй эсэх, алдаа дутагдал зэргийг нь дүгнэж цэгнэх хэрэгтэй юм.

-Орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарч ажил нь зогссон газрын тосны хайгуулын талбай хэчнээн байна вэ?
-Тухайлбал Увс 1, Хэнтий аймаг дахь 16, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нутаг дахь Онги 5 гэсэн талбайн ажил зогссон. Иргэд нь эсэргүүцээд аймгийн Засаг дарга нь иргэдийн саналаар  хайгуул хийхийг зогсоогоод байгаа. Энэ бол цаад утгаараа улс орны хөгжил дэвшилээ, ирээдүйгээ, Засгийн газраа тухайн аймгийн Засаг дарга ард иргэд эсэргүүцэж байна гэсэн үг.

-Тэгвэл газрын тосны хайгуул хангалттай хийж чадахгүй байгаа гэж ойлголоо. Газрын тос боловсруулах үйлдвэрээ түүхий эдээр бүрэн хангаж чадах вэ?
-Үүнийг хэлхэд хэцүү. Одоогийн тогтоосон нөөц 20 жилдээ хүрэлцэх байх. Гэхдээ манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд өсч байна. Цаашдаа ямар хэмжээнд хүрэхийг бид яг таг тооцоолж мэдэхгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан