Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийн байнгын хороо долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэжээ


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар долоон асуудал хэлэлцэж шийдвэрлэжээ. Эхэлж Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна.
Анхны хэлэлцүүлгийн үеэр хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу “банкны үйл ажиллагаанд хийх хязгаарлалт” гэсэн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг тодорхой болгож түүний шалгуурыг тусгах, мөн төслийн 36 дэх хэсгийн 36.1.2, 36.1.4хэсгийг нэгтгэн “эдийн засаг, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхол, авлига, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэг үйлдэж байгаагүй” хэмээн өөрчлөн найруулахаар саналыг томъёоллыг бэлтгэжээ. Мөн төслийн 3 дугаар зүйлийн 34.2.3 дахь заалтыг “бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх” гэж өөрчлөн найруулах, “Банкийг татан буулгах арга хэмжээ хэрэгжих нөхцөл” гэсэ төслийн 1 дүгээр зүйлийн 9 дэх заалт буюу 70 дугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулах саналыг томъёоллыг Ажлын хэсгээс бэлтгэсэн байна. Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулж хэлэлцүүлэхээр бэлтгэсэн болохыг танилцуулжээ. Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэж, хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.
Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжив
Дараа нь Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эдийн засгийн агуулгаараа банкны хараат болон охин компанитай холбоотой заалтууд тусгагдсан байгаа. Иймд хуулийн хэрэгжиж эхлэх хугацаатай холбоотой зохицуулалтуудыг тусган дээрх хуулийн төслүүдийг боловсруулсан аж. Мөн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулжээ.
Хуралдаанд оролцсон гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн бөгөөд дээрх төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасан байна. Байнгын хорооны даргын гаргасан уг горимын саналаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 70 хувийн саналаар дэмжжээ.
Хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ
Засгийн газраас 2018 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг дараа нь шийдвэрлэсэн байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж хамт өргөн мэдүүлсэн байна. Гишүүд ийнхүү асууж, байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн учир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Энэ үеэр Байнгын хорооны дарга дээрх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатараар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Ж.Ганбаатар, Б.Жавхлан, З.Нарантуяа нар багтсаныг танилцуулжээ.
ҮСХ-ны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэв
Хуралдаанаар үргэлжлүүлэн Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Байнгын хорооны өмнөх (2018.01.10) хуралдааны үеэр Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг хойшлуулсан бөгөөд өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцжээ.
Статистикийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн гурван гишүүнийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, гурван гишүүнийг Засгийн газар санал болгож, Улсын Их Хурал томилно. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүд нь орон тооны бус байна” гэж заасан байдаг. Засгийн газраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын даргыг нэр дэвшүүлсэн. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны дэд ерөнхийлөгч, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөхийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгосон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан ШУА-ийн тухайн асуудал эрхэлсэн чиглэлийн ерөнхийлөгчийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах саналыг гаргав. Ийнхүү нэр дэвшигчдийг дэмжих эсэх болон Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгов
Үүний дараа жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг дагнан хариуцаж бодлогын баримт бичиг, асуудал боловсруулах буюу санал, дүгнэлт гаргаж, түүнийгээ Эдийн засгийн байнгын хороонд, шаардлагатай бол Байнгын хороогоор уламжлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, түүнчлэн хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх эрхтэй Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.10-т "Дэд хорооны даргын бүрэн эрхийн хугацаа нэг жил байх ба түүнийг улируулан сонгож болно" хэмээн заасан байдаг бөгөөд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар гишүүнийг улируулан тус дэд хорооны даргаар сонгох саналтай байгаагаа танилцуулсан. Хуралдаанд оролцсон гишүүдээс өөр санал гараагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны даргаар улируулан сонгохыг олонх дэмжин, энэ талаарх Байнгын хорооны тогтоолыг баталжээ.
Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Монгол Улсын эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2018 оны төсвийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Байнгын хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан