Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрүүл мэндтэй холбоотой хуулийн төслийг танилцуулав


УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Хуулийн төслийн үзэл баримтлалыг төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир танилцуулсан.
Хорт хавдрын өвчлөл сүүлийн 10 жилд манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болж байгаа бөгөөд хорт хавдрын улмаас 2015 онд 3999, 2016 онд 4112 хүн нас баржээ.
Сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлтээр 4800 орчим хүн хорт хавдраар өвчилж, 3400 гаруй хүн нас баржээ. Өвдөж буй хүмүүсийн 90 гаруй хувь нь 45-59 насныхан буюу хөдөлмөрийн насны хүмүүс байгаа нь хүний эрүүл мэнд, амь нас төдийгүй нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна хэмээн төсөл санаачлагч хэлсэн.
Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхайн хорт хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаан хоолойн хорт хавдар зонхилон тохиолдож, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа юм.
Тиймээс хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд зорилтот бүлгийн эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг хамруулж, хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх шаардлага байгааг үндэслэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 40 ба түүнээс дээш насны, элэгний В,С вирус тээгч, элэгний архаг үрэвсэл, хатууралтай иргэнийг ЭХО, хавдрын маркер, биохимийн шинжилгээнд жилд 1-2 удаа, 40 бас түүнээс дээш насны иргэнийг ходоод, улаан хоолойн хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа хамруулах, 30-60 насны эмэгтэйг умайн хүзүү, хөхний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд гурван жилд нэг удаа, 50 ба түүнээс дээш насны иргэнийг уушгины хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд жилд нэг удаа, бүдүүн, шулуун гэдэсний хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээнд хоёр жилд нэг удаа хамруулахаар тусгасан байна. Түүнчлэн хуулийн төсөлд хорт хавдрыг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэн бүрийг хуульд заасны дагуу хамруулах үүргийг эрүүл мэндийн байгууллагад, үзлэг, шинжилгээ, оношилгооны зардлыг Эрүүл мэндийн даатгалын сан хариуцахаар тусгажээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх боломжгүй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Чинзориг, Ц.Даваасүрэн, Н.Оюундарь, Д.Сарангэрэл, Д.Оюунхорол нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Хорт хавдраас зайлсхийх гол арга нь урьдчилан сэргийлэх үзлэг гэдгийг гишүүд хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр энэ асуудлыг журамлаад шийдэх боломжтой гэж үзэж байлаа.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэх бөгөөд даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах журмыг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Үндэсний зөвлөл батална” гээд заасан аж.
Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлснээр үдээс өмнөх хуралдаан өндөрлөсөн бөгөөд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан