Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оскарт нэр дэвшигчид тодорчээ



Америкийн кино академиас 90 дэх удаагийн Оскарын шагналд нэр дэвшигчдийг Лос-Анжелост зарлалаа. Энэ удаад хамгийн олон номинацид “ Усны төлөв” киноны баг хамт олон нэр дэвшиж өрсөлдөхөөр болсон байна.

Гильермо дель Торогийн уран зөгнөлт энэхүү кино нь “ Шилдэг кино”, “ Шилдэг найруулагч ”, “Шилдэг жүжигчин /Салли Хокинс/ ”, “ Шилдэг хоёрдугаар дүр /эрэгтэй Ричард  Женкинс/, Шилдэг хоёрдугаар дүр /эмэгтэй Октавия Спенсер/, болон өөр зургаан төрөлд нэр дэвшиж өрсөлдөх юм. Оскарын түүхэнд ийм олон төрөлд ердөө гурван кино өрсөлдсөн байдаг. “Виржини Вулфаас хэн айдаг вэ”, “Бөгжний эзэн”, “Бенжамин Баттоны хачирхалтай түүх” гэх алдарт гурван киног манай уншигчид мэднэ. 
Тэгвэл энэ удаагийн “шилдэг кино” номинацид “Усны төлөв”-өөс гадна 9 кино өрсөлдөхөөр болжээ.  “Нэрээр минь дуудаач”, “Бүрхэг цаг хугацаа”, “Дюнкерк”, “Зайл”, “Хатагтай Бёрд”, “Хачирхалтай дуудлага”, “Эббинг, Миссуригийн заагт орших зарлалын самбар”, “ Нууц материалууд” зэрэг 9 сонирхолтой кино шалгарч үлджээ. Өмнөх Оскарт нэр дэвшиж байсан кинонуудаас ялгарах нь энэ удаад түүхэн болон намтарчилсан киноноос гадна  уран зөгнөлт, инээдмийн, аймшгийн гэх зэрэг төрөл бүрийн жанраар бүтээсэн кино тунаж үлдсэн байна. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сарын 24-нд нээлтээ хийсэн “Хачирхалтай дуудлага” кино 6 номинацид өрсөлдөх болсон  нь кино уран бүтээлчдийн хувьд хамгийн гэнэтийн тохиол болж буй гэнэ.
Тэгвэл Оскарын 3 баримлын эзэн Дэниэл Дей Льюис, шинэхэн уран бүтээлч Тимоти Шалам /Нэрээр минь дуудаач/ болон Дэниэл Калуи /Зайл/, Дензел Вашингтон /Роман Изриал/, Гэри Олдман /Бүрхэг цаг хугацаа/ нарын уран бүтээлчтэй өрсөлдөж байгаа аж. Тэднээс Оскарын эзнээр тодрох хамгийн өндөр магадлалтай уран бүтээлчээр Гэри Олдманыг нэрлэжээ.
“Шилдэг найруулагч” номинацид  “Усны төлөв”-ийн Гильермо дель Торо болон Кристофер Нолан, Жордан Пил, Грета Гервиг, Пол Томас Андерсен нар өрсөлдөх нь.
Хэдийгээр энэ удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол томоохон ойтой давхцан тохиож байгаа боловч Холливудыг донсолгосон сенсаациуд бас дагалдаж буй.

Өнгөрсөн жилүүдэд Оскарын үеэр дэгдэж байсан бас нэг шуугиан бол арьс өнгөний үзлээр ялгаварлан гадуурхсан уу гэх. Энэ жилийн хувьд ийм асуудал гарахгүй гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байгаа аж.
Харин бүсгүйчүүд кино урлагийн салбарт давамгайллаа тогтоож буйг хэд хэдэн төрөлд бататгах нь.  Шилдэг кино төрөлд өрсөлдөж буй 9 киноноос 4 нь эмэгтэй гол дүртэй бөгөөд энэ “Шилдэг эмэгтэй дүр” номинацид хамгийн хүчтэй өрсөлдөөн өрнөхийг илэрхийлж буй гэнэ. Салли Хокинс, Фрэнсис Макдорманд, Марго Робби, Сирша Ронан болон алдарт Мерил Стрип нарын хүчтэй эмэгтэйчүүд шилдгээр өрсөлдөхөөр тодорсон байна. 

“Шилдэг зураглаач” номинацид Роджер Дикинс, Брюно Дельбоннель, Хойте ван Хойтема нарын мастеруудтай Рейчел Моррисон хэмээх бүсгүй өрсөлдөхөөр тодорчээ. Ингэснээр Оскарт  шилдэг зураглаач  төрөлд анх удаа эмэгтэй хүн өрсөлдөж буй юм. 

Харин манай “Чингисийн хүүхдүүд” кино өрсөлдөөд тунаж чадаагүй “ Гадаад хэл дээрх шилдэг кино” номинацид  Оросын уран бүтээлч Андрей Звягинцевагийн “Хайр биш”, Чилийн “ Гайхамшигт эмэгтэй”, “Шведийн “ Квадрат”, Ливаны “Доромжлол” зэрэг кино өрсөлдөхөөр тунажээ.
 Оскарын шагнал гардуулах ёслол ирэх гуравдугаар сарын 4-нд Лос-Анжелос хотноо болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан