Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ: Танай нам дотоод ”зодооноо” зогсоож, нийгэмд үүсээд байгаа шийдвэрлэх асуудлуудыг шийдэх цаг болоогүй юм уу


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2018.02.01/ чуулганы хуралдаанд оролцохгүй. Учир нь Сүхбаатарын талбайд Ардчилсан намаас зохион байгуулж байгаа олон нийтийн жагсаал, цуглаанд оролцох болсон гэдгээ мэдэгдсэн юм. Чуулганы хуралдаанд гишүүдийн хэлсэн үгийг бүрэн эрхээр нь хүргэж байна.

С.Эрдэнэ: Өнөөдрийн жагсаалыг АН зохион байгуулж байгаа хэдий ч ард түмний хүсэл шаардлагын өмнөөс дуу хоолой болж байна

Нэг шийдвэр гаргачихаад маргааш нь буцаадаг тогтворгүй бодлоготой өнөөдрийн эрхбаригчид хол явахгүй.Зөвхөн ХАОАТ нийгмийн даатгалын асуудал биш. ОУВС гэдэг хадны мангаа урдаа барьчихаад татвар нэм гэж шаардсан гээд байх юм. Энэ Монгол Улс чинь төрт улс юм уу, төргүй улс юм уу. Монгол Улс чинь Үндсэн хуультай тусгаар тогтносон улс. Гэтэл ОУВС гээд мөнгөтэй улсуудын бай болсон олон улсын санхүүгийн байгууллагын дохио заавраар хөдөлж байдаг энэ байдлаа хэзээ болих юм бэ. Та бүхэн нэртэйгээр нь Монгол төрийн тамгыг ОУВС-ийн даргад шилжүүлээд өгчих юм уу. Тусгаар улс мөн л юм бол бодлого өөрсдөө бие дааж явуул. Тусгаар улс биш юм бол ОУВС-д бүх эрхээ шилжүүлээд өгчих юм уу амар. Өнөөдрийн жагсаалыг Ардчилсан нам санаачилж, зохион байгуулж байгаа хэдий ч ард түмний дуу хоолой хүсэл шаардлагын дагуу бид жагсаал, цуглааныг зохион байгуулж байгаа.
Өнөөдөр ордны гадаа амьдрал хүнд байна. бензин шатахууны үнийг буулгачихлаа гээд зарлаад байгаа. Гэтэл гадуур ШТС-ууд чинь ямар ч бензин алга. Бензин байгаа ШТС-ууд чинь маш их очертой байна. Шатахууны үнийн өсөлтийг дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өсчихлөө. Энэ үнийг өсөлтийг хэн зогсоох юм бэ. Өнөөдөр үүсчихээд байгаа нийгмийн бухимдлыг хэн зөв тал руу нь гарцыг нь олж шийдэх юм. Эрх баригчид энэ мэт асуудалд анхаарч ажиллах цаг чинь болоогүй юм уу. Танай нам одоо энэ дотоод "зодооноо" зогсоож, нийгэмд үүсээд байгаа шийдвэрлэх асуудлуудыг шийдэх цаг болоогүй байгаа юм уу. Ард түмэн хэдий хүртэл хүлээх юм бэ. Арай дэндэж байна. Тиймээс Ардчилсан нам бусад улс төрийн намууд болон төрийн бус байгууллагуудтай хамтарч улс орон даяар эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнийг зохион байгуулж байгаа. Бид өнөөдөр 11:00 цагаас 21 аймаг болоод Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлж байна.

Л.Болд: 60 тэрбумын үр дүнд та бүхэн 65 суудал авсан

-УИХ-ын дарга аа та энд миний микрафоныг хааж болно. Гэхдээ талбай дээр гараад бид үгээ хэлнэ. Та бүхэн ард түмнээс санал авч 65 суудлыг авч Монголын төрийг бүрдүүлээд, үндсэндээ сонгуулийг хоосон амлалтаар хуурч хийсэн нь хүн бүрийн өмнө ил байгаа. Ард түмэн зөвхөн үнэнг шаардаж байна.Энэ шаардлагыг Ардчилсан нам хамтдаа илэрхийлэхээс өөр арга алга 60 тэрбумын үр дүнд та бүхэн 65 суудал авсан. Үүний цаана ард түмнийг өдөр бүр хоосон амлалтаараа хуурч, өдөр бүр хийж байгаа алхам бүр нь ард түмнээр тоглож, наадсан нөхцөл байдлыг бид хүлээн зөвшөөрч чадахгүй.
Ард түмний амьдралыг дордуулах, бизнес эрхлэгчдийг туйлдуулах, ард түмний халаасанд гараа шургуулах, бүх алхамыг хийчээд, хагас алхам ухарч буйгаа одоо татвар буурууллаа, мөн цалин тэтгэврийг бага зэрэг нэмлээ, тэтгэвэрийн насыг буурууллаа гээд улаам цайм худлаа ярьж байна. Энэ бүх зүйл нийгмийг асар их бухимдал руу түлхэж байна. Үүнийхээ хариуг та бүхэн өнөөдөр хүртэх ёстой. Өнөөдөр ийм тоглоомтой асуудлуудаа хэлэлцэнэ гээд сууж байна гэдэг бол үнэхээр байж болохгүй зүйл. Та бүхэн энэ чуулганы хугацаанд ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн. Ард түмэн үгээ хэлье, гомдлоо парламетад болон төрийнхөө дээд байгууллагад илэрхийлэх гээд ирхэд нь нүүр рүү нь ус цацсан.

Б.Пүрэвдорж: МАН-ын олонхи бодлого, судалгаагүй шийдвэр гаргадаг байдлаас болж Монгол төрийн нэр хүнд унаж байна

-Та бүхэнд нэг зүйлийг сануулая. МАН-ын мөрийн хөтөлбөрт нэг ч төрлийн татварыг шинээр бий болгохгүй гэж хэлээд 65 суудал авсан. Гэтэл өнгөрсөн оны хаврын чуулганаар төсвийн тодотгол хэлэлцэхэд, ОУВС-гийн нэрээр 7 төрлийн татвар нэмсэн. Оны эцсээр 2018 оны төсөв хэлэлцэхдээ дахин хоёр төрлийн татварыг өөрсдөө буюу ОУВС-гийн нэрийг бариагүй шинээр татвар бий болгосон. Ингээд есөн төрлийн татвараар ард түмнээ нурууг нь бөхийлгөж байгаа. Өнөөдөр үүнээсээ нэгийг нь хасахаар оруулж ирж байх шиг байна. Есөн төрлийн татварыг нэмэхэд ард түмэн зарим хэсэг нь дуугүй байгаад байсан. Учир нь 2016 онд 280 тэрбум төгрөг халамжийн бодлогыг Ардчилсан нам явуулж байсан. Гэтэл өнөөдөр 2018 онд нийт 772 тэрбум төгрөгийн буюу 500 тэрбум төгрөгөөр илүү мөнгөөр халамжийн бодлого явуулж байгаатай шууд холбоотой. МАН ийм явуургүй бодлого явуулж байгаа.
Ер нь аливаа шийдвэрийг гаргахдаа бодлого судалгаагүй гаргаж байна. Приусын татвар нэмлээ гээд приустэй залуус жагсахаар тун удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд зориулаад буцаах, хүүхдийн мөнгийг 40 хувь бууруулчихаад, мөн л Ерөнхийлөгчийн сонгуульд зориулаад, 100 хувь болгох жишээтэй. Энэ мэтээр бодлого, судалгаагүй шийдвэр гаргадаг байдлаас нь болж Монгол төрийн нэр хүнд унаад байгаа юм. Өнөөдөр бидний тавьсан шаардлагаас есөн төрлийн татвараас дөнгөж нэгийг нь буулгаж, дордохын долоон хувиар биелүүллээ. Тиймээс үлдсэн найман татварыг буулгахыг шаардаж байна. Та бүхнийг яаралтай дэгээр бусад татваруудыг буулгах, маш хурдан асуудлыг оруулж ирэхгүй бол бид бүхэн татваруудыг бүрэн буулгах хүртэл тэмцэх болно. Өнөөдөр ажил олгогчид, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, бүгд татвараа төлдөг. Түүнийг нь ард түмний амыг хаах гэж халамжид хавтгайруулан зарцуулж байгаад, харамсаж байна. Гэтэл энэ мөнгөөр нь маш олон ажлын байрыг, шинэ бүтээн байгуулалтыг хийх боломжтой байсан. Түүнчлэн маш их зардлыг сайд, дарга нарт зарцуулж байгаа. Энэ зардлуудаа хасч, баялаг бүтээгчдийн татварын мөнгийг буулгахыг Ардчилсан нам шаардаж байна.

Д.Эрдэнэбат: Эрх баригчдын одлогогүй шийдвэрийн эсрэг жагсаал, цуглаан хийх нь бидний эрх, та бүхэн бүү бухимд

-Горимын саналаар горимын санал хураадаг УИХ-ын түүхийг өнөөдөр анх удаа харж байна. Ер нь парламентад гишүүд үгээ хэлэх эрх нь нээлттэй байдаг. Та бүхнийг нэг зүйлийг ойлгоосой гэж хүсч байна. Монголчууд яагаад ядуу амьдрах ёстой юм бэ, Монголчууд яагаад өөрсдийнхөө шийдвэрээр амьдарч болдоггүй юм бэ. Бидний ажиллаж байсан үеийн Засгийн газрын бодлого одоо та бүгдийн ажиллаж байгаа Засгийн газрын бодлого хоёр өөр байна гэдгийг онцолж хэлмээр байна. 2012-2016 оны үед буюу хамгийн хүндрэлтэй үед бид баялаг бүтээгчдийг дэмжсэн, ажлын байрыг хадгалсан, олон түмний нүдэнд дээр зам, барилга, жижиг, дунд, хүнд үйлдвэрийг бүгдийг нь байгуулах ажлыг бүх чадлаараа хийсэн. Үүнийг Монголын ард түмэн харсан. Харин өнөөдөр бидний хийсэн бүх зүйлийг үгүйсгэж, баялаг бүтээдэг хүмүүсийг та нар хулгайч, гэмт хэрэгтэнгээр нь дуудаж байгаа. Энэ бол бодит байдал учир та нар бухимдах хэрэггүй. Би үгээ хэлэх эрхтэй. Тиймээс ч үгээ хэлж байна. Та нар жилийн хугацаанд юу ч хийгээгүй гэдгийг чинь ард түмэн хараад бухимдаж байгааг бид дамжуулж байгааг ойлго. Тиймээс Ардчилсан нам Сүхбаатарын талбайд та бүхний энэ бодлогогүй шийдвэрийн асуудлаар жагсаал, цуглаан хийх нь бидний эрх. Бидний эрхийг та нар хөндөх ёсгүй. УИХ-ын дарга аа өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй. Сүхбаатарын талбайд Ардчилсан намаас зохион байгуулж байгаа олон нийтийн цуглаанд оролцох болсон гэдгээ мэдэгдэж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан