Хамгийн алдартай маугли хүүхдүүдийн хувь тавилан
2018 оны 2 сарын 5

Хүн бага насандаа өссөн орчин нөхцөлийн нөлөөгөөр л хүн болж төлөвшдөг аж. Хэрэв тав хүртэлх насандаа хүмүүсийн дунд биш амьтны дунд өсвөл амьтны зан араншинтай, тэр бүү хэл гадаад төрх байдлаа ч алддаг хэмээн эрдэмтэд үзжээ. Зэрлэг байгаль дунд өсч, зэрлэгшсэн хүүхдүүдийг шинжлэх ухаанд “ Мауглигийн хам шинж” хэмээн нэрлэх болжээ. Тэдний олонхийг хүн төрөлхтөн олж чадсан ч нийгэмшүүлж чадаагүй байна.  Хамгийн алдартай маугли хүүхдүүдийн хувь тавилангийн тухай зарим мэдээллийг хүргэе.

Ромулу, Рему хоёр ба тэднийг тэжээсэн чоно
Зэрлэг амьтан хүний хүүхдийг тэжээсэн хамгийн анхны алдартай домог бол Ромула, Рема нарын түүх. Хэдийгээр энэ нь үнэмшиж боломгүй домог боловч амьтан хүний үрийг тэжээдэг гэх ойлголтыг анх буй болгосон гэж хэлж болно. Домогт өгүүлснээр чонын хөхийг хөхөж өссөн хоёр хүүхдийг нутгийн малчин олсон бөгөөд өсч том болоод Ромула нь Ром хотыг байгуулсан гэдэг. Харин тэднийг тэжээж өсгөсөн чоно нь Италийн нийслэлийн бэлгэ тэмдэг болсон аж. 
Гэсэн ч бодит амьдрал дээр зэрлэг амьтдын дунд өссөн маугли хүүхдүүдийн тухай түүхүүд аз жаргалтай төгссөн нь маш ховор юм.

“Маугли” хүүхэлдэйн кино 1973

Рудард Киплингийн төсөөллөөс төрсөн энэ кино шиг амьдрал хэзээ ч байдаггүй гэдэг. Маугли хүүхдүүд хэрвээ алхаж, ярьж сурахаасаа өмнө ширэнгэн дунд орхигдож, эндээ өсч торнисон бол хүний ертөнцөд эргэн ирсэн ч эдгээр чадвараа эзэмших ямар ч боломжгүй хэмээн эрдэмтэд өнөөдрийг хүртэл үзэж байна.
Чонон дунд хүүхэд өсч хүмүүжсэн  гэх хамгийн анхны бодит түүхийн талаар 1341 онд Германд тэмдэглэн үлдээсэн байдаг. Анчид чонон дунд амьдарч буй нэгэн хүүг олсон байна. Тэр дөрвөн хөлөөрөө гүйж, харайж, үсэрч, бүүр хазаж, түүхий хоол идэж байсан бөгөөд 8 настай хүү, дөрвөн жилийн турш чонын сүрэгт амьдарсан байж. Хүү огт ярьж чаддаггүй, болгосон хоол ч идэж чадахгүй байв. Харамсалтай нь, тэр хүний амьдралдаа эргэж ирээд удалгүй нас барсан гэдэг.

“Авероноос олдсон зэрлэг  хүү”
Киноны дүр ба бодит зураг нь

«Зэрлэг хүү» уран сайхны кино, 1970

Хамгийн тодорхой тэмдэглэж үлдсэн нь “Авероны зэрлэг хүү”-гийн тухай түүх юм. 1797 онд Францын тариачид ойгоос яг л зэрлэг амьтан шиг авирлах 12-15 насны нэгэн хүүг олж, хотдоо авчирсан байна. Хүү огт ярьж чадахгүй ч чоно шиг ульж бас архирч байв. Хүү нэг биш удаа уул руу хүмүүсээс зугатсан гэнэ. Түүнийг хамгийн сүүлд олж авчирсны дараа эрдэмтэд судалгааны объект болгосон байна. Байгаль, ан амьтны тухай зохиолоороо алдартай зохиолч Пьер Жозеф  хүүг олон жилийн турш ажиглаж, судалсан тухайгаа “Авероноос олсон зэрлэг хүүгийн тухай түүхэн тэмдэглэл” хэмээх зохиол болгон үлдээсэн аж.
Хүү халуун хүйтний мэдрэмжгүй ч сонсох үнэрлэх мэдрэхүй нь сайн хөгжсөн байлаа. Тэр хувцас өмсөхөөс үргэлж цааргалж байсан аж. Жан-Марк эмч Виктор хэмээн нэрлэсэн хүүг зургаан жилийн турш нийгэмшүүлэх гэж оролдсон боловч тэр насан эцэслэтлээ ярьж сураагүй гэдэг. Гэсэн ч 40 насалсан энэ хүний амьдралаас сэдэвлэн “Зэрлэг хүү” киног бүтээсэн аж.
1970 онд бүтээсэн “ Зэрлэг хүү” кино

Дина Саничар
Маугли хам шинжтэй хүүхдүүдийн олонхийг Энэтхэгээс олсон байдаг. Эрдэмтэд 1843-1933 оны хооронд ийм тохиолдол 15-ыг бүртгэсэн байдаг. Дина Саничар бол чонон дунд амьдарч байсан бөгөөд түүнийг 1867 онд олжээ. Хүү хэдийгээр хоёр хөл дээрээ явж, аяга тавагнаас хоол идэж, хувцас өмсч сурсан боловч ярьж сураагүй байна. Саничар 34 насандаа өөд болсон гэнэ.


Энэтхэгийн маугли Амала, Камала хоёр


1920 онд Энэтхэгийн нэгэн тосгоны иргэд ширэнгэн ойд нь аймшигтай сүнс хорогдсон тухай гомдоллож, түүнийг зайлуулж өгөхийг номлогчоос хүссэн байна. Гэтэл тэрхүү сүнс нь чонон дунд амьдардаг найм болоод хоёр настай хоёр бяцхан охид болж таарчээ. Охидыг өнчин хүүхдүүдийн асрамжийн газарт аваачиж, Камала, Амала хэмээн нэрлэсэн байна.Тэд архирч, дөрвөн хөллөн гүйж, түүхий мах идэж байсан гэдэг. Амала жил гаруй л амьдарсан бол Камала хэдийгээр 17 нас хүрсэн ч түүний оюуны хөгжил нь 4 настай хүүхдээс ч муу байсан гэдэг.

1975 онд Италид чонын сүрэг дундаас 5 настай хүүг олсон байдаг. Түүнийг Роно хэмээн нэрлэж, хүүхдийн сэтгэлзүйн институтын эмч нар нийгэмшүүлэхээр ажиллаж эхэлсэн гэдэг. Харамсалтай нь хүү хүний хоол хүнс идэж эхэлснээс хойш удалгүй нас барсан байна.



Хэдийгээр зэрлэг байгальд өссөн хүүхдүүд байнга олдоод байдаггүй ч нохой, сармагчин, хулсны баавгай, ирвэс, имжний сүргээс хүүхэд олдсон байдаг ч чонон сүргээс олдсон тохиолдол нь олон.Зэрлэг амьтдын дунд өссөн буюу Мауглийн хам шинжтэй хүүхдүүдэд нийтлэг илэрдэг шинж тэмдэг нь дөрвөн хөллөж явах, огт ярьж чадахгүй, хүнээс айх зэрэг байдаг ч биеийн дархлааны хувьд харин маш сайн байдаг аж.

Гэсэн ч зэрлэг байгаль дундаас олдсон хүүхдүүд Маугли хүүхэлдэйн кинонд гардаг шиг хүчтэй, царайлаг байдаггүй төдийгүй 5 хүртэлх насандаа зэрлэг амьтан дунд орчихсон бол нийгэмшиж бараг л чаддаггүй юм байна. Хэдийгээр хүүхдийг амьд үлдээж чаддаг ч нийгэмшүүлэх бараг боломжгүй байдгийг маш олон жишээ баталжээ.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.