Амьжиргааны доод түвшин нэмэгдэж байгаа нь монголчууд баяжсаны илэрхийлэл биш
2018 оны 2 сарын 8

Хүн амын амьжиргааны доод түвшинг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгон ашигладаг.
Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуульд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо /ҮСХ/ тодорхойлно” гэж заасан байдаг. Ингээд ҮСХ энэ онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг шинэчлэн тогтоолоо. Тодруулбал, Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшин 198600,  Баруун бүсэд 178.000, Хангайн бүсэд 182.600,  Төвийн бүсэд 175.600, Зүүн бүсэд 174.000 төгрөг байх юм.  Үүнийг  2017 оныхтой харьцуулбал Улаанбаатар хотод   13300, Баруун бүсэд 11500, Төвийн бүсэд 9400, Хангайн бүсэд 9100, Зүүн бүсэд 8300 төгрөгөөр тус тус  нэмэгджээ.
Энэ онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 72.5-82.8, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 62.1-70.9, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 71.6-81.7 хувийг хангаж байна.  Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 12.3-28.1 хувиар илүү байна гэсэн тооцоо гарлаа.

ҮСХ-ны эдгээр судалгаанаас үзэхэд Монгол Улсын хүн амын амьжиргааны доод түвшин жилээс жилд нэмэгдсээр. Энэ нь монголчуудын орлого нэмэгдэж амьдрал сайжирсан гэсэн дүгнэлт биш. Амьжиргааны доод түвшин гэдэг нь өрхийн нэг хүнд сард ногдох хэрэглээний мөнгөн илэрхийлэл. Өөрөөр хэлбэл хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ байдаг.
Тэгвэл эдийн засагчдын зарим судалгаанд Монголчуудын нэг хүн ногдох орлогын дүнг харвал амьжиргаа нь дээшилсан байна. Гэвч бүх хүний орлого нэмэгдсэн гэж хэлж болохгүй. Харин орлого, хуваарилалтын харуулдаг үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдсөн эсвэл ядуурлын түвшин ямар  байгаа зэрэгээр амьжиргааг нь тогтоож харна хэмээн дурдсан байдаг. Учир нь маш бага орлоготой иргэдийн орлого буурсан байлаа ч өндөр орлоготой бүлгийн өсөлт давчихсан байвал мөн тэр хэмжээгээр орлого өссөн юм шиг харагдана.

Ингээд монголчуудын хэрэглээний төвшинг харая. Нэг хүн ногдох сарын орлогыг зуун хувь хэмээн үзье. Тэгвэл орлого багатай бүлэгийнхэн нийт орлогынхоо 7 хувийг бусад хэрэглээнд үлдэснийг нь хүнсэнд зарцуулдаг тооцоо бий. Хамгийн өндөр орлоготой бүлэгийнхэн хүнснээс бусад хэрэглээнд орлогынхоо 43-44 хувийг зарцуулдаг аж. Эндээс харвал  орлогын хуваарилалт тэгш бус шог байгааг илэрхийлж буй юм.
Ийм учраас баячуудын орлого жилээс жилд нэмэгдэж, ядуусынх буурч байна. Өөрөөр хэлбэл Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” өгүүллэг шиг эрс тэс амьдарлын хэв маяг манай нийгэмд улам гүнзгийрч байгаагын илэрхийлэл гэж хэлж болно.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.