Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Пёнчан-2018”-д оролцох Монголын баг тамирчдыг 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр баталжээ


Сүүлийн үед хүмүүсийн анхаарлын төвд байгаа нэгэн мэдээлэл нь “Пёнчан-2018” өвлийн олимп. Тус олимпод эх орноо төлөөлөн оролцож байгаа тамирчдаас илүүтэй хүмүүс хувцас, хамт явж буй багийн бүрэлдэхүүнд ихээхэн анхаарал хандуулж буй. “Хоёр тамирчнаа дагаж 200 гаруй хүн явах гэж байгаа юм байна”, “Зуун ямаанд 60 ухна” гээд элдвээр гоочлох болсон. Тэгвэл үнэн, худал нь мэдэгдэхгүй багийн бүрэлдэхүүнтэй холбоотой мэдээлэлд Монголын үндэсний олимпын хорооноос цэг тавьж чадлаа. Тодруулбал, бүрэлдэхүүний тухай, мөн дагалдан явж буй хүмүүсийн зардлыг хаанаас гаргаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг сайтдаа байршуулжээ. Тус мэдээллийг нь бүрэн эхээр нь хүргэе.
Монголын үндэсний олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурал 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдаж, “Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын бүрэлдэхүүнийг баталсан билээ.
“Пёнчан-2018” Өвлийн XXIII олимпын наадамд Монголын баг тамирчид дараах бүрэлдэхүүнтэй оролцоно.
1. Монголын баг тамирчдын ахлагч - Б.Бат-Эрдэнэ /МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн/
Монголын баг тамирчдын ахлагч нь “Пёнчан-2018” Өвлийн олимпын наадамд оролцогч орнуудын багийн ахлагч нарын хуралд өдөр бүр оролцож, Олимпын наадам зохион байгуулах хорооноос гаргасан шийдвэр, зөвлөмжүүдийг үндэслэн баг тамирчдаа ахлан, удирдах ажлыг гүйцэтгэнэ. Мөн Олимпын наадмын нээлт, хаалтын ажиллагаа болон бусад соёлын арга хэмжээнд оролцоно. Замын зардлыг ОУОХ, байр хоолны зардлыг Олимпын наадам зохион байгуулах хорооноос хариуцна.
2. Дасгалжуулагч Х.Хаш-Эрдэнэ /ҮШБ-ийн дасгалжуулагч/
Олимпын наадам зохион байгуулах хорооны бэлтгэл, сургуулилтын хуваарийн дагуу тамирчдаа дасгалжуулж, тэмцээнд оролцуулна.
3. Тамирчин - Ч.Отгонцэцэг /ҮШБ-ийн тамирчин/
02 дугаар сарын 15-ны өдрийн 15:30 цагт гүйлтийн цанын 10км зайд Монгол Улсаа төлөөлөн уралдана.
4. Тамирчин - Б.Ачбадрах /ҮШБ-ийн тамирчин/
Олимпын наадмын нээлт, хаалтын ажиллагаанд Монгол Улсын тугчаар ажиллах бөгөөд, 02 дугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагт гүйлтийн цанын 15км зайд Монгол улсаа төлөөлөн уралдана.
Дасгалжуулагч, тамирчид нь Олимпын наадмын нээлт, хаалтын ажиллагаанд жагсан оролцоно. Замын зардлыг БТСГ, байр хоолны зардлыг Олимпын наадам зохион байгуулах хорооноос хариуцна.
5. Монголын цанын холбооны ерөнхийлөгч - Д.Хишигжаргал - Олимпын наадмын эхний хоногуудад ажиллах бөгөөд нээлтийн ажиллагаанд оролцоно.
6. Монголын цанын холбооны дэд ерөнхийлөгч - Ч. Гантөмөр - Олимпын наадмын сүүлийн хоногуудад ажиллах бөгөөд хаалтын ажиллагаанд оролцоно.
Монголын цанын холбооны удирдлагууд нь Олон улсын болон Азийн цанын холбоо, бусад Олимпын наадамд оролцогч улс, орнуудын цанын холбоодын удирдлага, төлөөлөгчидтэй уулзалт хийнэ. Замын зардлыг Монголын цанын холбоо, Байр хоолны зардлыг Олимпын наадам зохион байгуулах хороо хариуцна.
7. Монголын багийн штаб - Б.Баяртуяа /МҮОХ-ны гадаад харилцаа хариуцсан нарийн бичиг/
Монголын баг тамирчдын штабыг хариуцан ажиллах бөгөөд Олимпын наадам зохион байгуулах хорооны мэдээ, мэдээллийг баг тамирчдадаа хүргэж тэмцээн уралдааны  техникийн зөвлөгөөнд оролцоно. Мөн орчуулгын ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Замын зардал болон байр хоолны төлбөрийг Олимпын наадам зохион байгуулах хороо хариуцна.
8. Хэвлэл мэдээлэл хариуцсан атташе - А.Ундрал /МҮОХ-ны хэвлэл мэдээлэл,  түншлэл хариуцсан нарийн бичиг/
"Пёнчан - 2018" Олимпын наадам зохион байгуулах хорооны хэвлэл, мэдээллийн төвд ажиллаж,  олон нийтэд олимпын наадамтай холбоотой мэдээ, мэдээллийг хүргэнэ.  Замын зардал болон байр хоолны төлбөрийг МҮОХ хариуцна.
ПЁНЧАН-2018 ОЛИМПЫН НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОРООНЫ УРИЛГААР
9. БСШУС-ын сайд - Ц.Цогзолмаа
10. БСШУС-ын сайдын спортын зөвлөх - Н.Баярсайхан
БСШУС-ын сайд нь Олимпын наадмын нээлтийн ажиллагаанд оролцох бөгөөд мөн Олимпын наадамд оролцогч орнуудын Спортын сайд нартай уулзалтуудыг хийнэ. Замын болон байр хоолны зардлыг БСШУСЯ хариуцна.
ОЛОН УЛСЫН ОЛИМПЫН ХОРООНЫ УРИЛГААР
11. МҮОХ-ны ерөнхийлөгч - Д.Загдсүрэн
12. МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга - Э.Бадар-Ууган
МҮОХ-ны удирдлагууд нь хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг Үндэсний олимпын хороод, Олон улсын болон Азийн цанын холбоо, Олон улсын тэшүүр, Биатлоны холбооны удирдлага, төлөөлөгчидтэй уулзалтуудыг хийнэ. Мөн Олимпын наадам зохион байгуулах хорооноос явуулж буй соёлын болон бусад арга хэмжээнүүдэд оролцоно. Замын зардал болон байр хоолны төлбөрийг ОУОХ хариуцна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан