Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Москвад зорчигч тээврийн АН-148 онгоц осолдож, 71 хүн нас баржээ


“Саратов”-ын авиа компанийн АН-148 онгоц Москвагийн Домодедово онгоцны буудлаас хөөрөөд удалгүй осолдсон байна. Москва хотоос зүүн зүгт 80 км-т нисэж байсан онгоц хяналтын дэлгэцнээс гэнэт алга болж, удалгүй осолдсон мэдээ иржээ.
Зорчигч тээврийн энэ онгоц нь 65 зорчигч, нисэх багийн 6 хүнтэйгээр аялалд гарсан мэдээ байгаа бөгөөд ослын улмаас бүгд амь үрэгдсэн гэжээ. Нисэх буудлын нислэгийн хуваариар Москвагаас ОРСК 6W703 онгоц 14 цагт ниссэн байж. Москва хотод өнгөрсөн долоо хоногт маш их цас орсон төдийгүй өчигдөр өглөө ч цас орсон аж. Хэргийн газрын гэрчүүдийн яриагаар онгоц Москва мужийн Аргуново Воскренсенский дүүрэг орчимд осолдсон байна.

“FlightRadar24 “ сайтын зургаас харвал онгоц 14:26 цагт гэнэт жолоодлогоо алдаж, ойролцоогоор мянган метрийн хурдтай унасан байна. Хэдийгээр онгоцны хар хайрцгийг олсон ч ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа гэнэ.
Гэрчүүд онгоц агаарт хөөрч байхдаа гал авалцан шатаж, дэлбэрсэн гэж хэлсэн бөгөөд ослын газар онгоцны хэлтэрхий энд тэндгүй цацагдсан байдалтай байгаа гэнэ. Одоогоор ОХУ-ын Онцгой байдлын албаны 167 аврагч ослын газарт ажиллаж, утасны тусгай дугаар ажиллуулж эхэлжээ. Москва мужийн захирагч Андрей Воробов, Тээврийн сайд Максим Соколов нар хэргийн газарт ажиллаж байгаа аж.
Ослын бүсээс Оросын шуудан компанийн нисдэг тэрэгний хэлтэрхий олдсон бөгөөд зорчигч тээврийн онгоц хөөрөх үедээ жижиг нисдэг тэрэгтэй мөргөлдсөн байж болзошгүй гэсэн таамаг эхлээд гарсан ч ОХУ-ын Шуудан харилцаа, холбооны газраас энэ мэдээллийг үгүйсгэсэн юм. Учир нь шуудангийн компанид одоогоор ямар ч нисдэг тэрэг байхгүй гэдгээ баталжээ. 
ОХУ-ын Ерөнхийлөгч АН-148 онгоцны сүйрлээр амь үрэгдэгсдийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлээд маш яаралтай ослын шалтгааныг тодруулахыг Засгийн газарт даалгаж, Сочи руу нисэх ажлаа хойшлуулсан гэв.
"Saratov Airlines" нь Орск руу нислэг хийдэг ганц компани бөгөөд галт тэрэг хоёр өдөрт нэг удаа явдаг байна.
Осолдсон АН-148 онгоцын хувьд “ОРОС” авиа компанийн нисэх буудалд долоон жил зогсч байсныг  нь "Saratov Airlines" худалдан авч, жилийн өмнө ашиглалтанд оруулж, нислэг үйлдэх болсон байна. 
Онгоцны дарга ослоос хэдхэн минутын өмнө компанийн удирдлагуудад жолоодлогоо алдаж байгаа талаар дуулгасан бөгөөд яаралтай Жуковскийн буудалд газардах үүрэг авсан ч харамсалтай нь газардаж чадаагүй гэнэ. Жуковский нисэх буудал нь ослын газраас 30 км-ийн зайд байрлаж байсан юм. Одоогоор Ерөнхий сайдын тушаалаар онгоцны ослын шалтгааныг тодруулах тусгай комиссыг Засгийн газар байгуулж, Тээврийн сайд даргалан ажиллаж эхэлжээ.
АН-148 онгоц нь 2011 онд туршилтын нислэгийн явцад сүйрч байсныг эс тооцвол ийм хэмжээний осол өмнө нь гарч байгаагүй гэсэн байна.


Харин "Saratov Airlines"-ийн үйлчилгээ болоод онгоцны техникийн бүрэн бус нөхцөлийн талаар 2017 оны 8 дугаар сарын 18-нд Анна Анжерева гэх эмэгтэй гомдол гаргаж, ерөнхий захиралд нь хандсан байдаг. Тэрээр “Дөнгөж хөөрч эхлээд бид чичиргээний бүст орчихсон. Онгоц хүчтэй сэгсчиж байлаа. Энэ сэгсрэлт нь удаан хугацаанд үргэлжилсэн бөгөөд удаан хугацаанд ингэж сэгсэрдэггүй гэдгийг би хувьдаа мэдэж байв. Гэнэт онгоц доошилж байгаа нь мэдрэгдсэн. Үнэндээ бид үүлэн дунд биш газраас бага зэрэг л хөндий нисч байгааг тэр үед ойлгосон. Биднийг цонхоо хаа гэсэн бөгөөд онгоцонд маш бүгчим байлаа. Удалгүй онгоц газардаж байгааг онгоцны дарга зарласан.  Бид маш их цочирдсон. Онгоцны даргыг гарч ирэх хүртэл бидний хэн ч дуугарч чадахгүй байлаа. Тэр маш их хөлөрсөн бас цочирдсондоо хувхай цайсан харагдсан.” За босч болно” гэж хэлээд онгоцны шатаар түрүүлээд буусан” хэмээн бичсэн нь интернэтэд хадгалагдаж үлджээ.
Цагдаагийнхан ослын улмаас амь үрэгдэгсдийн нэрсийн жагсаалтыг гаргаж, ар гэртэй нь холбоо тогтоож байна. Саратовын авиа компанийн эрсдэлийн даатгалыг хариуцагч “Альфа даатгал” компанийн зүгээс амь үрэгсдийн ар гэрт 100 мянган рублийн тусламж шууд үзүүлэхээ мэдэгдсэн гэнэ. Харин ОХУ-ын Хөдөлмөрийн сайд Макс Топилиний хэлснээр АН-148 онгоцны ослоор нас барагсдын гэр бүлд даатгалаас тус бүр 2 сая рубль олгоно гэсэн байна. Ослоор нас барагсдын дунд 5-17 насны гурван хүүхэд байсан аж. Мөн Швейцарь, Азербайжаны иргэн байжээ.
Дашрамд дурдахад, ОХУ нь АН-148 нисэх онгоцны хамгийн том эзэмшигч. Сүйрлийн дараа ОХУ-ын хэмжээнд 30 ширхэг үлдсэн байна.  Бусад улсын хувьд Украйнд нэг, БНХАУ-д хоёр ашиглагдаж байгаа гэх мэдээ бий. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан