Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сард шатахууны үнэ буурна


Засгийн газар шатахууны Онцгой албан татварыг 0 болгосон. Гэвч импортлогчид үнэ нэмж нэг литр АИ-92 автобензин 1680, зарим шатахуун түгээх станцад 1720 төгрөг болоод байна. Импортлогчид үнэ нэмсэн шалтгаанаа дэлхийн зах зээлд нэг баррель газрын тосны үнэ өссөн, гадаад валютын ханшийн зөрүүнээс 2017 оны намраас алдагдал хүлээж эхэлсэн хэмээн тайлбарлаж буй билээ. Тэгэхдээ АИ-92 автобензинээс гэхэд литр тутамдаа 140 төгрөгийн алдагдал хүлээж буй хэмээн мэдэгдсэн. Харин 3, 4 дүгээр сард шатахууны үнэ буурах боломж бий аж. Энэ талаар УУХҮЯ-ны Түлшний бодлогын газрын дарга Ч.Чулуунбат ийн тайлбарлав. Тэрээр “Газрын тосны үнэ энэ оны хоёрдугаар сар хүртэл 33-40 хувиар өссөн. Гэвч цаашид шатахууны үнэ тогтвортой байх боломж бий. Ирэх 3, 4 дүгээр сард нийлүүлэх шатахууны хилийн үнийг харвал буурах төлөв байгаа. Учир нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ буурч байна. Нөгөө талаар гадаад валютын ханш тогтворжсон. Шатахууны үнийг тогтвортой барихын тулд гаалийн 5 хувь, НӨАТ-ын 10 хувийн татварын асуудлыг УИХ-д оруулж болох тал бий” хэмээн мэдээлэв.
Ашигт малтмал, газрын тосны газрын дэд дарга Л.Раднаасүрэн “Импортлогч компаниуд шатахууны үнийг литр тутамд нь 20-30 төгрөгөөр нэмсэн шалтгаанаа тайлбарласан. Үнийн энэ нэмэгдэл нь 2017 оны намраас хойш хүлээсэн нийт алдагдалынх 60 хувийг хааж байгаа. Гэтэл хоёрдугаар сард авч буй шатахууны хилийн үнэ тонн тутамдаа 28 ам.доллараар нэмэгдсэн. Үүнийг жижиглэнгийн үнэд шилжүүлэн тооцвол нэг литр шатахуун 60 орчим төгрөгөөр нэмэгдэхэд хүрээд байна” гэлээ.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Энэ сарын 26-28-ны өдрүүдэд Москва хотноо ОХУ, Монгол Улсын Засгийн газрын комиссын ээлжит хурал болно. Энэ үеэр шатахууны асуудал яригдана. Засгийн газар өргөн хэрэглээний А-80, АИ-92 зэрэг шатахууны Онцгой албан татварыг болиулсан. Иймд улсын төсөв 60 гаруй тэрбум төгрөгөөр дутна. Монгол Улс төрийн мэдэлд байж зохицуулалт хийж авч явах ёстой стратегийн гол гол салбаруудаа хувьчилсан. Энэ нь өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэх гол шалтгаан, алдаа болсон нь тод харагдаж байна. Тэгэхээр одоо барих газрын тос боловсруулах үйлдвэрийг төрийн мэдэлийн “Эрдэнэс Монгол” компанид төвлөрүүлэх байр суурьтай байгаа. Хэрэв хувийн компанийн мэдэлд очвол үнэ ханшаа өөрийн дураар нэмж зоргоороо аашлах нөхцөл бүрдэж  мэднэ. Тэгэхдээ төр өнөөгийн муу менежер болсон системээ өөрчилж баялгийн жинхэнэ эзэд ард түмэнд ил тод, нээлттэй болох ёстой. Өнөөдөр стратегийн 16 орд төрийн мэдэлд бий. Үүгээр хязгаарлагдахгүй, уран, газрын тос зэрэг ашигт малтмалын томоохон ордууд ч нэмэгдэх учиртай. Төр өмчөө бүртгэж, тодорхой мэдэж ард түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” гэж мэдээлэв.
УУХҮЯ-ны мэдээллээр газрын тосны бүтээгдэхүүний нөөц хангалттай хомсдол үүсэхгүй аж. Тухайлбал, өнгөрсөн 05-ны өдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний 38 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 97, АИ-92 автобензин 36, дизелийн түлш 33, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтай байгаа юм.
Дашрамд дурдахад энэ онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож улсын төсөвт 223.4 тэрбум төгрөгийн татвар төвлөрлүүлэх төлөвлөгөө бий. Он гарсанаас хойш 616.8 мянган баррель буюу 83.6 мянган тонн газрын тос олборложээ. Ингээд 75.7 мянган тонныг нь экспортолж улсын төсөвт 19.2 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан