Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БАЯН АЙРАГ, ТАВТЫН АЛТНЫ ҮНДСЭН ОРДЫГ ИРЭХ ЖИЛЭЭС АШИГЛАНА

Уул уурхай, эрдэс баялаг, түлш эрчим хүч, хүнд үйлдвэрийн салбарт 2013-2017 он хүртэл нийт 22341.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөв. Үүний 1446.2 тэрбумыг нь  улсын төсвөөс, 3208.7 тэрбумыг гадаадын зээл тусламжаас, 14957.8 тэрбумыг нь Хөгжлийн банкны санхүүжилтээр хийх ажээ. Ирэх жилүүдэд нүүрс, газрын тос, ураны олборлолтыг нэмэгдүүлэхэд нэлээд анхаарч хөрөнгө оруулалт хийнэ. Мөн нүүрс шингэрүүлэх болон газрын тос боловсруулах үйлдвэрийн судалгааны ажлыг эрчимжүүлэх юм. Үүнээс гадна ихэнх хөрөнгө оруулалт нь цахилгаан хангамжийг сайжруулахад чиглэж буй. Тухайлбал, Багануур-Өндөрхаан-Чойбалсангийн чиглэлд цахилгаан дамжуулах 220 кВ-ын шугам татах нь. Үүнээс гадна Могойн голын цахилгаан станц барьж, Тэлмэн-Мөрөнгийн чиглэлд цахилгаан дамжуулах шугам татна. Бас төвийн эрчим хүчний системийг Алтай-Улиастайтай холбох ажээ. Таван толгой, Оюу толгойн ордыг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих шийдвэр гарсан. Мөн Цагаан суваргын зэсийн ордыг ч Чойрын цахилгаан дамжуулах шугамтай холбоно. Нийслэлд барих тавдугаар цахилгаан станцын нэгдүгээр ээлжийг ашиглалтад оруулах юм. Сэлэнгэ мөрний ай савд усан цахилгаан барихаар төлөвлөж байна.
Сүүлийн үед нүүрс шингэрүүлж, дизелийн болон онгоцны түлш, бензин үйлдвэрлэх судалгааны ажил нэлээд хийж мэдээллийн сан бүрдүүлэх болсон. Ирэх жилүүдэд уг үйлдвэрийн суурийг тавих нь. Үүнээс гадна Улаанбаатар, Дархан, Говь сүмбэрт шатахуун хадгалах агуулах ашиглалтад оруулах нь. Мөн газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-г гаргаж барих газрыг нь тодорхойлохоор боллоо. Багануур, Шивээ Овоогийн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлж, техник технологийн шинэчлэлт хийх юм. Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах ажил эхэлнэ. Хамгийн түрүүнд нүүрс боловсруулах  кокс химийн үйлдвэрийн суурийг тавьж барилгын ажил эхлэх ажээ.
Эдүгээ Таван толгой, Нарийнсухайтын нүүрсний ордыг түшиглэж кокс химийн үйлдвэр байгуулах судалгаа хийж байна. Ирэх жилүүдэд Төмөртэй, Баянголын төмрийн хүдрийн ордод уурхай нээнэ. Одоогийн байдлаар хүдэр баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ хийж буй ажээ.

Мөн Хустай Төмөр толгойн төмрийн хүдрийн ордыг ашиглах бэлтгэл ажлаа хангаж байгаа. Цайдам нуур, Төгрөг нуур, Хөшөөтийн хүрэн нүүрсний ордуудын нөөцийг тогтоосон. Эдгээр ордын лиценз эзэмшигчидтэй гэрээ хийж, эрчим хүчний нүүрс олборлох, шахмал түлш үйлдвэрлэх үйлдвэрийн суурийг тавиад байгаа аж. Монголын алтны хоёр том орд ирэх жилээс ашиглалтад орно. Энэ нь Тавт, Баян айргийн алтны үндсэн орд юм. Ирэх жилээс газрын ховор элемент олборлож эхлэх нь. Тухайлбал, Халзан бүргэдэйн газрын ховор элементийн ордыг ашиглана. Улаан уулын гянтболдын хүдрийг баяжуулна. Энэ баяжмалаа боловсруулж, цахилгаан техникийн түүхий эд болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр төлөвлөсөн байна.  Ирэх жилүүдэд уран олборлох юм. Тухайлбал, Мардай, Дорнод, Гурван булгийн ордоос уран олборлох үйлдвэр барихаар боллоо. Уг үйлдвэр хоёр жилийн дараа ашиглалтад орох ажээ. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр өнөөдөр бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. Ирэх жилээс уг үйлдвэрийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах бөгөөд дэргэд нь төмрийн баяжмал хайлуулж ган үйлдвэрлэнэ. 

Үүнээс гадна уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг түшиглэж зэс хайлах үйлдвэр байгуулна. Ирэх хоёр, гурван жилд манай зэсийн баяжмалын үйлдвэрлэл нэг сая тоннд хүрэх тооцоо бий. Учир нь, Оюу толгой, Цагаан суваргын ордууд ашиглалтад орох юм. Эдгээр төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Ингээд дурдаад байвал хөрөнгө оруулалт хийх төсөл хөтөлбөр барагдахгүй. Гагцхүү цаасан дээрээс амьдралд буух эсэхийг цаг хугацаа харуулах нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан