Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шёогакүкан” компани монголчуудын шаардлагын хариуг өгөхгүй бол шүүхэд хандана

Японы Хитоцүбаши группийн Шёогакүкан ХК-наас сар бүр бага сургуулийн хүүхдүүдэд зориулан эрхлэн гаргадаг Корокоро хошин зурагт номонд Чингис хааны духан дээр бэлэг эрхтэн зурж, нэрийг нь ч бас бэлэг эрхтэн гэдэг дуудлаганд оруулан хэвлэсэн асуудал монголчуудын эсэргүүцэлтэй тулж, Японд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад хүргэсэн. Энэ жагсаалыг өвөрмонголчууд зохион байгуулж, монголчууд дэмжин оролцсон байна. 
Зурагт номыг эрхлэн гаргадаг Шёогакүкан компанийн уучлалт гуйсан бичиг Монгол Улсын Элчин сайдын яаманд ирсэн хэдий ч цаашид ямар арга хэмжээ авах тухай юу ч бичигдээгүй байсан нь ийнхүү эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахад хүргэсэн. 
Корокоро комикийг Японы бага сургуулийн 4-6 ангийн хүүхдүүдийн 1/2 нь уншдаг гэсэн судалгаа байдаг аж. Тэр бүү хэл өнгөрсөн оны 7-9 дүгээр сард 760.000 хувь, 10-12 дугаар сард 800.000 хувь хэвлэгдэж, номын дэлгүүрүүдэд хүргэгдсэн байдаг юм байна. Эл асуудалтай холбоотойгоор эргэн тойронд нь өрнөж буй үйл явдлыг тоймлон хүргэе.

Шёогакүкан компанид шаардлага хүргүүлж, таван хоногийн хугацаа өгчээ

Токио дахь "Шёогакүкан" хэвлэлийн компанийн үүдэнд Японд амьдардаг ар, өвөр монголчууд нэгдэн Цагдаагийн газрын зөвшөөрлийн дагуу эсэргүүцлийн жагсаал хийжээ. Энэхүү үйл ажиллагаанд "Япон дахь Монгол Иргэдийн Нэгдсэн Холбоо"-ныхон оролцож, эсэргүүцлийн үгээ хэлсэн байна. Гэсэн хэдий ч тэд энэ асуудлыг ЭСЯ-нд явуулсан жирийн уучлал хүссэн мэйлээр дуусгалгүй хэвлэлийн компани болон зургийн зохиогч Ёшино Асуми нартай хариуцлага тооцож, албан ёсоор уучлал гуйлгуулахаар тэмцэнэ гэдгээ ч илэрхийлээд байна. 
Шёогакүкан компанид өгсөн шаардах бичигтээ: 
1. Монголын ард түмэнд хандаж уучлал хүссэн мэдэгдлээ Асахи ТВ-р оройны 7-8 цагийн хооронд 1 долоо хоногийн турш үргэлжлүүлж цацах.
2.   Японы хамгийн том сонинууд болох Асахи, Никкэй, Ёмиүрид хийсэн үйлдэлдээ гэмшсэн нийтлэл гаргуулах.
3.Корокоро комик сэтгүүлийн 5 дугаар сарын дугаарт уучлал хүссэн мэдэгдэл оруулах.
4. 3 дугаар сарын худалдаанд гаргасан дугаараа бүгдийг нь зогсоож өөрсдөө буцааж авах ажлыг яаравчлан эхлүүлэх.
5. Чингис хааны зургийг хошин маягаар зурах уралдааныг таслан зогсоох.
6. Монголчуудын зүгээс дэлгүүрүүдэд зарагдаж байгаа номнуудыг зарахаа болихыг шаардах шаардлагыг хүлээн авах мөн худалдаж авсан тохиолдолд компани авсан үнээр нь буцааж авах зэргийг багтаажээ. 

Энэхүү шаардлагын хариуг таван хоногийн дотор өгөхийг шаардаж, хариу өгөөгүй болон хүлээн аваагүй тохиолдолд шүүхэд хандахаар төлөвлөсөн байна. 
Японд амьдардаг монголчууддаа хандаж уриалга гаргажээ
Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан монголчууд маань дээрх шаардлагын хариуг иртэл Япон даяар үйл ажиллагаа явуулж байгаа номын дэлгүүр болон “Seven Eleven conbini”-д зарж байгаа Корокоро комик сэтгүүлийн 3 дугаар  сарын дугаарыг худалдаалахыг зогсоох талаар ойлгуулахыг монголчуудаасаа хүсчээ. 
Уриалга нь ч эхнээсээ үр дүнд хүрч зарим томоохон дэлгүүрүүд нь зарахаа зогсоож байгаагаа зарлаж эхэлсэн байна. Тухайлбал, Кинокүния номын дэлгүүр тус сэтгүүлийг энэ сарын 25-ны өдрөөс эхлэн худалдаалахаа зогсоожээ. Мөн интернэт дэх Корокорогийн сайт дээр 3 сарын дугаарт алдартай хүмүүсийн нүүрэн дээр зурах зургийн уралдаанаа зогсоосон байна. Ямартай ч эсэргүүцлийн жагсаалд албан ёсоор ямар нэгэн хариу өгөөгүй байгаа учир асуудал нааштайгаар шийдэгдэхгүй бол дахин жагсаал зохион байгуулах аж. 

 Кондо Хидэмаса: Япончууд бид бүгд асуудал болгож авч үзэх ёстой

Японы “KIS Kondo” хууль эрх зүйн газрын төлөөлөгч Кондо Хидэмаса гэдэг хүн Японы хэвлэлийн қомпанийн буруутай үйл ажилгааны талаар ярилцлага өгчээ.
Тэрээр уг компани дээр болсон жагсаалд өөрийн биеэр очиж энэхүү ярилцлагыг өгсөн байна. Өгсөн ярилцлагыг нь Харгана овогтой Отгонбаярын орчуулснаар уншигч танд хүргэж байна. 
“Бусад орны түүхэн хүнийг ашиглахдаа, тухайн хүн нь уг улсдаа ямар байр суурьтай хүн бэ гэдгийг огт тооцолгүйгээр хэвлэж байгаа явдал бол үнэхээр сэтгэмж дутаж байгаагийн илрэл гэж бодож байна. 
Түүгээр ч барахгүй Корокоро комик сэтгүүл нь аливаа итгэл үнэмшил дээр тулгуурлаж ийм зүйлийг бүтээж байгаа гэхээсээ илүү гагцхүү “Мунхаг” байдлаасаа болж ийм асуудал үүсгэсэн гэлтэй
(Энэ бол чөлөөт сэтгэлгээний асуудал биш гэж бодож байна.)
Иймэрхүү “ Мунхаглал” бол Азийн хөгжингүй орон гэх Японд цаашилбал оюуны салбарын үндэс суурь болсон хэвлэлийн газарт байж боломгүй зүйл юм.
Түүнчлэн Қороқоро комик сэтгүүлийг би хүүхэд ахуйдаа уншиж байсан бөгөөд хүүхэд багачуудад маш их нөлөө бүхий мэдээллийн хэрэгсэл болдог. Үүнээс нь хараахан бичиг үсэг тайлагдаагүй хүүхдүүдэд ямар муу нөлөө үзүүлэхийг хялбархан төсөөлж болно. Одоогоор Японд арван мянга гаруй Монгол Улсын иргэн, хорин мянга гаруй Өвөр Монгол иргэн оршин сууж байгаа гэж үздэг. 
Мөн Монгол бол Японтой найрсаг харилцаатай улс гэдэг. Ийм учраас Монгол үндэстний сэтгэл санааг үймүүлэхээр үйлдлийг, түүхтэй Японы аж ахуй ( Хэвлэлийн газар) хийсэн явдал нь Япончууд бид бүгд асуудал болгож авч үзэх ёстой.
Тэгээд энэ асуудалтай нүүр тулж, улам илүү Япон, Монголын найрамдалд түлхэц болохоор чармайх ёстой юм. Жинхэнэ утгаараа Азийн хөгжингүй орон “Япон” болохын тулд бусад Азийн орон нутгийн тухай мэдлэг, сэтгэмжлэх чадвар нь манай Япон хүн болгонд байх ёстой зарчим болов уу!” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан