Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замын хашлага ч бас чамгүй ашигтай бизнес

Зуны турш үргэлжлэн орсон бороо автозамуудын тарыг таниулж, чамгүй төвөг ч удлаа. Борооны улмаас зам засварын ажил ч саатав. Үүнээс шалтгаалан энд тэндгүй замын боржуур, явган хүний замын хавтанг солих ажил эхэллээ. Энэ хотод чинь өөр зөндөө л сольчихмоор, шинэчилмээр юм байна шүү дээ…гэж ярьж яваа хүмүүс олонтаа таарна. Жилийн жилд л хайс, хашлагаа сольж, төсвийн мөнгөөр тоглодог, дараа жил дахиад л бахь байдгаараа үнс, шороо, утаа, тортогтоо даруулсан хэвээрээ. Тэгээд дахиад л солих болдог. Ер нь, хотын утаа, хайс хашлага, зам засвараар бизнес хийж хөлждөг бүхэл бүтэн давхарга, бий болсон гэлтэй.

Ер нь, манай улсын төсөв данхайхын хэрээр цамаан загнадаг болчихжээ. Хотын төвийн авто замууд жолооч нарын хэлдгээр “там” болоод байхад Дамбадаржаагаас Шадивлан хүртэлх зуслангийн замын хашлага сольж байх жишээтэй. Бас болоогүй ашиглалтад ороод удаагүй байхад замын хажуугийн хоёр талын боржуурыг хуулж хаясан. Замын боржуур газраас 15 см-ийн өндөртэй байх стандарттай. Харин хятадууд боржуураа зарим газарт нь 13, нэг хэсэгт нь 20 см-ийн өндөртэй тавьчихсан юм байх. Стандарт ч яахав, шинээр тааруулж, тохируулаад л улсын комисст хүлээлгээд өгчихөж болох. Хамгийн гол нь чанар. Өнгөрсөн жилийн яг өдийд  Сансарын ШТС-аас Шадивлан хүртэлх 12.7 километр замын засвар өргөтгөлийн ажлыг Хятадын “НКВ интернэшнл холдинг” компани гүйцэтгэсэн. Улсын хэмжээнд  анх удаа замын хашлагыг цутгаж хийдэг технологи нэвтрүүлж, хугацаа хэмнэсэн ач тустай юм гээд л нийслэлийн Засаг даргын орлогч дарга Б.Мөнхбаатар тэргүүтэй хүмүүс газар дээр нь очоод баахан магтсан. Боржуурыг нь ухаж суулгахгүйгээр шууд бетон зуурмагийн тусгай машинаар өдөрт 500 метр замын хашлага хэвлээд явах хүчин чадалтай техник технолги ашиглаж буй нь сайшаалтай гэцгээсэн. Гэтэл цутгасан хашлага нь гурван хоногийн дараа үйрч бутран хөгөө чирцгээсэн. Өнөөх хятадууд нь “Автомашинууд хатаагүй байхад дээгүүр нь гарсан. Иргэд ч гишгэж гарснаас ийм юм боллоо” хэмээн чанаргүй ажлаа бусад руу бухсан удаатай.  Сүүлдээ Дарь-эх чиглэлийн зам нь газар нутгийн онцлог нь цэвдэгшилтэй, чийглэг. Өвөл хөлдөхөөрөө, хагарч, зундаа хайлж, доошоо суулт өгдөг гээд л орхицгоосон. Ингээд жил бүр сольдог уламжлал тогтсон замын боржуурын талаар сонирхлоо. Явган хүний болон замын хашлага хийдэг компани хангалттай олон юм. Арга ч үгүй юм даа. Явган хүний болон замын хашлага, хавтан үйлдвэрлэдэг автомат машин манай улсад 16 саяар зарагддаг юм билээ. “Батсайн” гэдэг компанийн хувьд жилдээ 15000-18000 метр урт замын хашлага үйлдвэрлэдэг гэв. Замын боржуур болон явган хүний хашлага үйлдвэрлэж, суурилуулдаг гэх “Мон-Бат” компанийн ерөнхий нягтлан Х.Болорчулуунаас зарим зүйлийг тодрууллаа.

-Замын боржуураа ямар үнээр борлуулдаг вэ?
-Урт, өргөнөөсөө шалтгаа­лаад нэг ширхэг замын хаш­лага 11-13 мянган төгрөг. Мөн 90кг, 45 киллограммын жин­тэй нь 5500-9000 төгрөг байдаг.

-Боржуурын стандарт ямар байх ёстой юм бол. Аль нь сайн юм бэ?
-Яг стандартад нь заасны дагуу бид үйлдвэрлэж байгаа. Санаанаасаа зохиогоод, дурын хэмжээгээрээ цутгачихдаг юм биш. Стандартад заасны дагуу өндөр, өргөн, уртаас гадна жингийн дагуу тусгай хуванцар хэвэнд хийж бүтээгдэхүүнээ бэлэн болгодог.

-Боржин, цементэн гээд дотроо янз бүр байна?
-Манайх цементэн хашлага л хийдэг. Боржиноор хийсэн замын хашлага эвдэрч гэмтсэн тохиолдол байнга гарч байгаа. Бетонон хашлага хамаагүй дээр.

-Явган хүний замын хашлага ямар үнэтэй вэ?
- 2100 төгрөг.

-Танайх замын хашлага суурилуулдаг гэсэн үү?
-Тийм ээ. Нэг ам. метр квадрат хашлага солиход 7000-8000 төгрөг байдаг. Том компаниуд үүнээс хамаагүй өндөр ханштай байгаа. Боржуур солих газрын тэгш бус, хэр их ажиллагаа орохоос шалтгаалаад үнийг нь тохирч болно.

-Энэ жилийн хийж буй зам засварт танай компани оролцож байгаа юу?

-Бараг л байхгүй дээ. Ихэнхдээ том компаниуд гүйцэтгэдэг. Манайх хувь хүмүүс, албан байгууллагуудын захиалгаар л замын хашлага хийж байна.
Өнгөрсөн жил Амар­санаа­гийн гудамжнаас Сөүлийн гу­дамж хүртэлх 900 урт.метр за­мын хашлагыг солиход най­ман сая 811 мянган төг­рөг зарцуулжээ. Энэ жил нийс­лэлд шинээр 21.5 км зам барьж, 76.2 км хуучин замыг шинэчилж өргөтгөх юм гэсэн. Үүнд, нийтдээ 52 тэрбум 455 сая төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулна. Үүнээс хэчнээн нь замын боржуурт зарцуулагдах тооцоо хийвэл овоо тоо гарна байх. Харин замын хашлага, хавтанг шинэчилсний дараа хуучныг нь тоо ёсоор нь дүүргийн ТҮК-иуд ачаад явчихдаг гэнэ. Ашиглаж байсан боржуур, хавтан худалдаж авна гэсэн зар сайтад ч олон байх юм. Энэ талаар Нийслэлийн авто замын газраас тодруулахад мэргэжилтэн нь “Нэг ширхэг хавтан ч нийслэлийн өмч. Харьяа дүүргийн тохижилт үйлчилгээний компанид хадгалагдаж байгаа. Эргээд ижилхэн зам засварлахад хэрэг болдог юм. Дүүргүүдийн ТҮК-иас тодруул” гэв. Харин Сүхбаатар дүүргийн ТҮК-иар очиход мэдээлэл өгөх хүн алга гэв. Худалдаж авах гэж байгаа юм шиг ТҮК-ийн ажилтнаас лавлахад “Манайх хуучин хашлага, хавтан энэ тэрээ зардаг л юм. Ерөнхий нягтлантай л уулзаж, үнэ мөнгийг нь тохирох байх даа” гэсэн хариултыг өглөө.

 

0 Сэтгэгдэл
яаж ч бодсон байгалийн чулуу нь дээр,тэгээд ч өөрийн баялагаа ашиглах нь өөрсдийгөө дэмжиж буй хэрэг
Хамгийн их уншсан