Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Австралид хар түүх бий буюу Аборигенчууд тэмцэхийн учир


МАНАЙ СУРВАЛЖЛАГЧ Б.СЭВЖИДМАА
АВСТРАЛИАС БИЧИЖ БАЙНА


Австрали гэхээр хамгийн түрүүнд таны санаанд юу буудаг вэ. Мэдээж дэлхийд ганцхан тив улс, асар их газар нутаг, байгалийн баялгийн нөөц, бас кенгуру, коала баавгай гээд олон л зүйл санаанд зурсхийж байгаа биз ээ.
Гэхдээ аян замын тэмдэглэлээ эдний тухай яриагаар эхлэмгүй санагдана. Хэдийнэ танил болсон эдгээр нэрийн хуудсыг түр алгасаад цааш нь жаахан лавшруулаад харвал Австралийн тэр бүр олонд дэлгээд байхыг хүсдэггүй нээлттэй юм шиг атлаа хаалттай өөр нэг хуудас сөхөгдөнө. Энэ бол аборигенчуудын түүх. Аборигенчууд бол Австрали орны түүхийн эхлэл билээ. Одоо ч тэд Австралийн түүхийн нэг хэсэг хэвээр оршин амьдарсаар байгаа ч харамсалтай нь энэ тийм ч сонсоход таатай түүх биш ээ.


Австралид хар түүх бий буюу Аборигенчууд тэмцэхийн учир

One, two, three
Sovereignty
That’s how easy it can be
Брисбэн хотын парла­ментын ордноос Масгрейвийн цэцэрлэгт хүрээлэн рүү хагас цаг гаруй алхах хооронд эл хэдэн үгийг аль хэдийнэ цээжилж амжив. Энэ л үгсийг аль болох олон хүний сонорт хүргэх гэж Брисбэний хөл хөдөлгөөн ихтэй хотын төв гудамжаар 20 хүрэхтэй үгүйтэй цомхон бүрэлдэхүүнтэй жагсагч хоолой нийлүүлэн хашгирч явна. Цөөхөн атлаа хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, хүүхдээ тэвэрсэн, хосоороо хөтлөлцсөн гээд харьцангуй олон янзын төлөөллийг багтааж чадсанаараа давуу талтай ч гэх үү эл жагсаалын сүүл хавьцаа хэдэн ази нөхөд явах нь чухам л тоон дунд үсэг цохино гэдэг шиг содон харагдана. Тэд аборигенчуудын баярыг сонирхохоор иртэл нөгөөх нь эсэргүүцлийн жагсаал болж таарсан, гэвч урам хугаралгүй шинэхэн танилуудынхаа жагсаалд хүч нэмж яваа бидний хэдэн монгол сэтгүүлч билээ.  Уг нь, энэ өдөр аборигенчуудын тэмдэглэлт баяр тохиож буй. Гэвч тэдэнд баярлах шалтгаан  алга бололтой. Баярынхаа өдөр эсэргүүцлийн жагсаал хийхээр шийджээ. “Австралид хар түүх бий” гэсэн бичиг бүхий хар цамцаар ижилссэн аборигенчууд Куйнслэнд мужийн парламентын ордны өмнөх талбайд ганц микрофон, хоёр өсгөгч, нэг чанга яригч, бас хэсэг эсэргүүцлийн пайзтай үгээ хэлэхээр цугларч. Пайз дээрх бичгийг уншихад л тэд яагаад зүгээр баярлаад сууж чадахгүй байгааг бэлхнээ ойлгоно. “Аборигенчууд Авст­ра­лийн хүн амын гурав хүрэхгүй хувийг эзэлдэг. Гэтэл шоронгийн хоригдлуудын 26 хувь нь аборигенчууд байна”, “Аборигенчуудын хоригдол болох магадлал бусдаас 14 дахин өндөр” гэх мэт үгс харагдана. Байдал ийм л байгаа учраас тэд жагсчээ.

Тэд эрх тэгш байдлыг эрх баригчдаасаа хүсч буй аж. Бас өөрсдийн хэргийг өөрсдөө шийдэх эрх мэдэл шаардаж байна. Өмнөх гашуун түүхийн ул мөр болсон гомдол гуни­гийг нь нимгэлнэ хэмээн найдаж Засгийн газраасаа нөхөн төлбөр ч шаардаж байгаа юм байна. Магадгүй тэд баярынхаа өдөр жагсаал хийж буй учраас эрх баригчид нь илүү хүндэтгэлтэй хандсан уу, эсвэл Австралийн эрх баригчид аливаа жагсаал цуглаанд тэгж тайван ханддаг юм уу. Магадгүй абори­генчуудын асуудал эмзэг сэдэв учраас хүлээцтэй байдал үзүүлэх гэж хичээсэн үү. Ямартай ч, Брисбэн хотын засаг захиргаа аборигенчуудыг жагсаал цуг­лаан хийх нөхцлөөр гай­гүй сайн хангаж өгчээ. Пар­ла­ментын ордноос або­ригенчуудын цугларалт болж буй Масгрейв хэмээх парк хүртэл жагсах маршрутынх нь замын хөдөлгөөнийг бүрэн чөлөөлж, жагсаалын эх болон сүүл хэсэгт эгээ л Ерөнхийлөгчийн хамгаалалт аятай машин, мотоцикльтэй цагдаа нар гарч, жагсагчдын аясаар тун тайвуухан явах. Хотын төвөөр жагсах замдаа нэлээд хэдэн дэмжигчийг эгнээндээ элсүүлж, бас манай хэдэн сэтгүүлчдээр багагүй хүч нэмэгдүүлээд авсан уугуул иргэдийн жагсаалыг Масгрейв паркт хүрэх үед харин баяр наадмын уур амьсгал угтан авав. Наадмын үеэр манайхан цэнгэлдэхээ тойроод асар майхнаа барьж, хуушуур ундаа эргүүлддэг шиг аборигенчууд ч бас баяраараа аль нэг паркт цуглараад барбекью, кенгуруны махан шорлогоо хийгээд, зовлон жаргалаа ярилцдаг ажээ. Онцлог нь үндэсний уламжлалт бүжгээс өөр үзэж харах зүйл нь хомс учир баярын гол үйл ажиллагаа нь эрх баригчдад хандсан үг, хүсэлт, шаардлага л байдаг бололтой.  Жаал жагсч цуглан, үгээ хэлж авсныхаа дараа үндэснийхээ уламжлалт бүжгийн тоглолтыг сонирхуулсан нь аборигенчууд төдийгүй тэдний баярыг сонирхохоор очсон бидний мэтийн хөндлөнгийн үзэгчдийг нэлээд сайхан хөгжөөж, сэтгэл сэргээлээ.  Манайд адуучин, саальчин гэх мэтийн нүүдэлчин ахуйг харуулсан бүжиг их байдаг шиг аборигенчуудын бүжгийг загасчин, анчин гээд нэрлэсэн ч буруудахааргүй амьдралынхаа ерөнхий хэв маягийг харуулсан хөдөл­гөөнтэй юм. Нүүр, биеэ цагаан шохойгоор будаж эртний төрх байдалдаа орсон уугуул иргэд хүүхэд хөгшидгүй бүжгийн талбай болсон зүлгэн дээрээ гараад шувуу шиг дэвж, ирвэс шиг гэтэж, заримдаа загас барих мэт дүр үзүүлнэ. Эртний хүмүүс хэрхэн байгаль дэлхийдээ зохицон амьдарч байсныг үйлдэл хөдөлгөөнөөрөө өнөө үеийнхэнд харуулах ажээ. Цоглог хэмнэлтэй бүжгийн үзүүлбэрээр аборигенчуудын энэ жилийн баяр ерөнхийдөө өндөрлөв. Гэхдээ тэдний тэмцэл үүгээр дуусахгүй нь илт. Энэ удаагийн жагсаал цуглаа­ныг удирдсан авга Сэмийн гэр бүлийнхэнтэй уулзаж ярилцан суухад аборигенчуудын яс маханд шингэсэн гомдол бараг хэзээ ч тайлагдахгүй байх даа гэсэн гунигтай бодол өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун.
 


УУГУУЛ ИРГЭДИЙН СУУГУУЛ НУТАГ- ҮЗЭСГЭЛЭНТ СТРАДДИ

Аборигенчуудын эрх ашгийн төлөөх тэмцэлд уугуул иргэдээ тэргүүлэн оролцдог Сэм Ватсон хэмээх абориген эр Австралид туршлага судлахаар ирсэн бидний хэдэн сэтгүүлчийг өөрийн уугуул нутаг Страдброукийн үзэсгэлэнт аралд урьж нутаг ус, өвөг дээдсийнхээ тухай хууч яриа дэлгэсэн юм. Түүний яриаг энд сийрүүлэхийн өмнө хэдэн үеийн өвөг дээдсийнх нь амьдарч ирсэн арлын тухай уншигчдадаа танилцуулахгүй өнгөрч боломгүй. 

Нуунүккал, Гоенпал, Нгуги гэсэн аборигений гурван аймаг эрт дээр үеэс нутаглан сууж ирсэн Страдброукийн арал Куйнслэнд мужийн нийслэл Брисбэн хотоос цаг шахам усан онгоцоор явах зайд бий. Хүмүүсийг ч машинтай, юутай хээтэй нь ачаад явчихдаг усан онгоцууд хот-арлын хооронд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг учраас хөл хөдөлгөөн ихтэй газар ажээ. Өдөртөө хэд хэдэн рейс хийдэг учраас амралтын өдрөө зугаатай өнгөрүүлэх гэсэн хүмүүс гэр бүл, найз нөхдөөрөө өглөө оччихоод орой буцаад хотдоо ирчихдэг юм байна. Ингэхдээ өөрсдийн унаа тэргээр явбал арлаар зугаалахад амар учраас голдуу гэр бүлийнхээ машинаар Страдброукийг зоригсод ферригээр дүүрэн. Ийм зорчигчид хоёр талдаа 130 австрали доллар төлдөг бол явган зорчигчид 11 австарли доллар төлөөд л аралд хүрчихнэ. Австралид өвөл болж байгаа гэхэд арлыг зоригсдын урсгал ер тасрахгүй, боомтод машин машинаараа дугаарлан зогсч байх юм. Одоо Австралид өвлийн сар ид дундаа үргэлжилж байгаа ч температур уналаа гэхэд сайндаа нэмэх 13, 14 хүрэх учраас үнэндээ амралт зугаалга зогсоод байх шалтгаан ч үгүй аж.    

Австралийн уугуул иргэ­­дийн суугуул нутаг болсон Страдброук чухам л уул ус нь тэгширсэн сайхан газар учраас гадаадын жуулчид, дотоодын амрагчдын хөлд дарагджээ. Уртаашаа 38, өргөөшөө 11 километр үргэлжлэх энэ арлыг дэлхий дээрх хоёр дахь том элсэн арал гэх боловч далайн эрэг хавиараа л элсийг нь олж харахаас битүү модоор бүрхсэн газар мэт л  санагдана. Ой модон дунд жирийх манай хотын замаас хавьгүй дээр дардан хар замаар арлын аль ч хэсэгт очиж болох бөгөөд аялагч амрагчид хүссэн эрэг рүүгээ хэдхэн минут давхиад хүрэх боломжтой.  Зүлэг ногоо, мод ургамал нь тэгширсэн өндөрлөг хэсгээс харахнээ Номхон далай зах хязгааргүй цэлэлзэж, сэ­рүүн чийглэг салхи нь цээж уужруулж аборигенчуудын нут­гийн сайхныг гайхуулна.  Байгалийн энэ сайхан дээр зочид жуулчдын ая тухыг хангах үйлчилгээний газрууд жинхэнэ амралтын орчныг бүрдүүлж өгөх ажээ. Хэдэн зууны тэртээд абориген үндэстэн бумерангаа шидэн, ан гөрөөгөө хийж,  кенгуру, коалатайгаа ажин түжин амьдран байсан онгон дагшин байгальтай энэ нутгийг орчин үед уул уурхай, аялал жуулчлал нэлээд өөрчилж.

Элсний нөөцөөрөө дэл­хийд тэргүүлэх энэ арлаас ipad, iphone мэтийн орчин үеийн ухаалаг төхөөрөмжийн мэдрэгч бүхий дэлгэцний шилийг бүтээхэд ашиглахаар сайн чанарын элс олборлодог байна.  Бизнесийн ашиг со­-нирхол арлын онгон байгальд сүүдрээ аль хэдийнэ тусгаж эхэлсэн нь нутгийн иргэд уул уурхайн компаниудын хоо­ронд дуусашгүй маргаан мэтгэлцээн ундруулжээ.
Ст­радб­роукээс элс олборлох бизнес бүр 1960 оноос эхэлсэн ч олборлолтын хэмжээ нь 500-600 мянган тонноор яригдах болсон сүүлийн хэдэн жилд уул уурхайн нөлөөлөл илт мэдэгдэж, сансраас авсан зураглалд Страдди сийчүүлж орхисон юм шиг таагүй дүр зураг харагдах болжээ. Тийм ч учраас энэ талаархи олон нийтийн хэлэлцүүлэг Куйнслэнд даяар хэдэн жил өрнөж, хэв­лэлийн шахалт шаардлага ч эзэддээ хүрсэн байна. Бай­галийн үзэсгэлэнгээрээ алдар­тай Страдди арлаа аврах гэсэн тэмцэл хөдөлгөөн бага ч болов өгөөжөө өгч, 2026 он гэхэд арлыг бүхэлд нь үндэсний парк болгон, уул уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэр гаргажээ. Ингэхдээ арлын байгаль орч­ныг хамгаалах, нөхөн сэр­гээх ажилд элс олборлогч компаниудаас хөрөнгө татаж буй аж. Үүний дүнд нэгэн үе уул уурхайн олборлолт хийж байсан хэсэг өндөр өвс ногоогоор хучигдсан бай­­хыг бид Страддигаар аялж байхдаа үзсэн юм. Гэхдээ арлаа сайхнаар нь хадгалан үлдэх гэсэн нутгийн иргэдийн санаа зовнил одоо ч хэвээр. Харамсалтай нь, уул уурхайн бизнесээс орж ирэх орлого ашиг, ажлын байр зэрэг эдийн засгийн ашиг сонирхол нь багагүй мөнгөөр яригдах учраас Страддигийн хөрсийг онгичих хүнд тоног төхөөрөмжүүдийг юу юугүй зайлуулаад хаяхад саад тээг болсоор байгаа аж. Элсний компаниудын ажиллах хүчний 15 хувийг аборигенчууд бүр­дүүл­дэг учраас уул уур­хай нөгөө талаар уугуул иргэ­­дийн амьжиргааны эх үүсвэр болжээ. Ан гөрөөгөөр амьжиргаагаа залгуулж ирсэн аборигенчууд амьдрахын эр­хэнд нутаг орныг нь аажим аажмаар өөрчилсөөр байгаа уурхайн компанийн гар хөл болон ажиллах энэ цагийг магадгүй 100 жилийн тэртээд тэдний өвөг дээдэс төсөөлөө ч үгүй  биз ээ.


НУУРЫН ЭРЭГ ДЭХ ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

Страдброук арал хоёр сайхан нууртай. Түүний нэг Браун лэйк буюу Хүрэн нуурын эрэгт Авга Сэмийн гэр бүл биднийг өглөөний цайнд урьсан юм. Аборигенчууд дундаа ахимаг насны эрчүүдээ тэр, энэ авга гэж авгайлан дууддаг аж.
Моддоор хүрээлэгдсэн Браун нуур өглөөний наранд мишээн гялтганаж байх зуур бид энэ байгалийн үзэсгэлэнд аборигенчуудын домог түүхийг сонсонгоо ширээн дээр дэлгээтэй төрөл бүрийн жимсийг өглөөний цайндаа зооглов. Страдброук арал жуулчдын ая тухыг бүрдүүлсэн газар гэж дээр дурдсан даа. Арлаар аялагчид Браун нуурын эрэгт түр амсхийх гэж ирдэг учраас тэднийг хоол ундаа тав тухтай зооглоход зориулж хоорондоо хэд хэдэн метрийн зайтай модон ширээ сандал байрлуулжээ. Түүнээс холгүйхэн хогийн сав, бие засах газар, тэр бүү хэл модон дунд хүүхдийн тоглоомын талбай засч тохижуулсан байна.
Браун нуурыг эмэгтэйчүүдэд тун сайн гэлцэнэ. Энд эрт үеийн абориген эмэгтэйчүүд хүүхдээ төрүүлэх гэж ирдэг байжээ. Хэрэв эсэн мэнд амаржиж чадалгүй, хүүхэд нь эндэх аваас энэ нуурынхаа эзэн савдагт тахил болгон өргөдөг байсан гэнэ. Нуурын савдаг айл бүрээс хүүхдийг нь авч явдаг гэлцдэг учир хэрэв эндсэн хүүхдээрээ нуурт тахил өргөвөл дараа үр хүүхэд нь эсэн мэнд төрж, эрүүл саруул бойжино хэмээн итгэдэг байжээ. Гэхдээ одоо эмэгтэйчүүд ийшээ амаржихаар бус, арьсаа гоё болгох гэж л ирдэг болж. Браун нууранд сэлвэл арьс хачин гоё зөөлөрдөг ер бусын найрлагатай гэнэ.
Ийм л газар аборигенчууд хэдэн зууны турш эртний домогтоо итгэн-, байгаль дэлхийтэйгээ шүтэлцэн амьдарч иржээ. Гэвч энэ амьдралын хэв маяг нь одоогоос 200 гаруй жилийн тэртээ 1788 онд Британийн анхны оршин суугчид Австралид ирснээр орвонгоороо өөрчлөгдөж эхэлжээ.   

АВГА СЭМИЙН ЯРИА БУЮУ “ХУЛГАЙЛАГДСАН ҮЕИЙНХЭН”

Британичууд 1700-аад оны сүүлчээр Австралид суурьшиж эхэлсэн ч аборигенчуудын амьдралд хөндлөнгөөс гар дүрэн оролцож  эхэлсэн нь 1800-аад он ажээ. Нэн ялангуяа 1869-1969 оны хооронд аборигенчуудын амьдралд хар бараан өдрүүд ээлжилж байж. Түүхэнд бичигдэн үлдсэн энэ 100 жилийн хугацаанд төрсөн ихэнх хүүхэд “Хулгайлагдсан үеийнхэн” гэсэн нэр зүүх гашуун хувь тавилангийн эзэд болжээ. 

Австрали хэмээх асар том атлаа арвин шимтэй газар нутаг, байгаль цаг уурын тун таатай нөхцөлтэй нутаг орон британичуудын хувьд бурхнаас заяасан аз байсан нь лавтай. Энэ сайхан нутгийг эзэмшилдээ оруулж, нутгийн уугуул иргэд болсон аборигенчуудыг нь өөрсдөдөө нэгтгэх зорилготой хатуу бодлогыг тэд түүхэндээ цөөнгүй хэрэгжүүлсэн. Тэр дундаас аборигенчуудыг өөрсдөдөө уусган нэгтгэх “Хулгайлагдсан үеийнхэн”-ий бодлого магадгүй хамгийн харгис хатуу нь байв. Тухайн үед Британийн эрх баригчид ганц бие, залуухан цэрэг эрчүүдээ Австрали руу илгээж, абориген бүсгүйчүүдийг жирэмслүүлэн, үр хүүхдийг нь улсын халамжинд хүчээр авах бодлого хэрэгжүүлжээ. Зөвхөн цагаан эрчүүдийн хүүхэд гэлтгүй абориген гэр бүлийн гурван хүүхэд тутмын нэг нь энэ бодлогын дагуу улсын халамжинд очдог байжээ. Улсын халамж гэдэг нь сүм юм уу хандивын байгууллагуудын ажиллуулдаг хүүхдийн асрамжийн газар бөгөөд хүүхдүүд 18 нас хүртлээ тэнд хүмүүжихдээ хөвгүүд нь хар бор ажилчин, охид нь цэвэрлэгч, үйлчилгээний ажилтан болж бэлтгэгддэг байж.  Цэвэр цусны уугуул иргэдийн тоог цагаан арьстнуудтай эрлийзжүүлэх замаар цөөлөх, нөгөө талаар аборигенчуудыг нийгэмшүүлэн, өөрийн соёлд иргэншүүлэн уусгах зорилготой энэ бодлогод өртөөгүй үлдсэн гэр бүл бараг үгүй гэлцдэг. Зарим хүний эрхийн тухай илтгэлд абориген гэр бүлийн гурван хүүхэд тутмын нэг буюу 100 мянга гаруй хүүхэд “Хулгайлагдсан үеийнхэн” болсон гэдэг бол Австралийн түүхчид үүнээс харьцангуй бага буюу 25 мянган хүүхэд л улсын халамжинд очсон гэдэг. Гэхдээ хэдий тооны хүүхэд хулгайлагдсан нь энд тийм ч чухал биш. Харин Австралийн түүхэнд, аборигенчуудын амьдралд ийм хар бараан толбо байсан нь үнэн гэдэг нь л хамгийн чухал билээ. Учир нь, Австралийн Засгийн газар “Хулгайлагдсан үеийнхэн” байдаг гэдгийг саяхныг хүртэл үл хүлээн зөвшөөрч, зарим тохиолдолд аборигенчуудын өөрсдийнх нь зохиосон хий хоосон яриа мэт болгон чихнийхээ хажуугаар өнгөрүүлсээр олон арван жилийг үдсэн. Гэвч аборигенчуудын тэмцэл, хүний эрхийн байгууллагуудын илтгэл баримт, олон улсын шахалт шаардлага, хулгайлагдсан үеийнхний амьдралд гарсан нууж далдалж чадашгүй сөрөг үр дүн Австралийн эрх баригчдыг өнгөрсөн үеийн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүргэсэн юм. 2008 онд Австралийн өмнөх Засгийн газар буюу Ерөнхий сайд асан Кевин Раддын танхим бүх ард түмнийхээ өмнө уугуул иргэдээсээ уучлал гуйсан билээ.

Ерөнхий сайдын үгийг орон даяар шууд дамжуулан үзүүлж, аборигенчуудаар зогсохгүй жирийн австрали иргэд ч халуун алга ташилт, баяр хөөрөөр угтан авсан. Харин парламентын танхимд уур амьсгал арай өөр байсан бөгөөд Ерөнхий сайдын дараа сөрөг хүчний удирдагч 20 минут үг хэлэхдээ аборигенчуудын үр хүүхдээ өсгөх орчин нөхцөл тааруу, өөрсдөө соёлжиж иргэншээгүй учир бараг өмнөх үеийн төр засгийн барьсан бодлогыг зөвтгөх шалтгаан бий гэсэн утгатай мэдэгдэл хийсэн байдаг. Түүний мэдэгдлийг орон даяар үзэж байсан хүмүүс буруутгаж тэр дороо эсэргүүцлээ илэрхийлж, Мельбурн, Сидней зэрэг хотын томоохон дэлгэцийн өмнө цугларсан хүмүүс мэдэгдлийг уншиж байх хооронд бүгд нуруугаа дэлгэц рүү харуулан зогссон юм.
Аборигенчуудын үр хүүхдийг хулгайлан, эцэг эх гэр бүлээс нь холбоо харилцаагүй өсгөх энэ бодлого амьдрал дээр асар муу үр дагавар авчирсан учир эгэл жирийн иргэд хүртэл ийнхүү эсэргүүцжээ. Хар багадаа эцэг эхээсээ хүчээр салж сарнин, нийтийн асрамжийн газарт өссөн хүүхдүүд сэтгэл зүйгээрээ маш эмзэг хүн болж төлөвшдөг байна. Төрөлх хэлээрээ ярьснаас болж шийтгүүлэхээс эхлээд сэтгэл санааны болон биеийн хүчирхийлэлд хүртэл өртөж өссөн хулгайлагдсан үеийн хүүхдүүд насанд хүрч, улсын халамжаас гарсны дараа сэтгэл мэдрэлийн өвчтэй болох, архи, хар тамхинд донтох, амьдралаа авч явах чадваргүй болох нь нийтлэг үзэгдэл болжээ. Тийм ч учраас хулгайлагдсан үеийнхэн гэмт хэрэгт холбогдох, мансууруулах бодистой орооцолдох явдал бусад аборигенчуудаасаа 2-3 дахин өндөр байдаг аж. “Австралийн хүн амын гурав хүрэхгүй хувийг эзлэх аборигенчууд шоронгийн хоригдлуудын 26 хувь нь болчихоод байна” гэсэн эсэргүүцлийн пайз ийм л учиртай байжээ.


ЖАГСАХ ӨӨР НЭГЭН ШАЛТГААН

Бидний танил Сэм авга нэлээд жин ихтэй, хурц ширүүн байрын харцтай. Үс нь бууралтсан эхнэрээ байнга хөтлөн явах энэ эрийг гаднаас нь харахад тийм гэж төсөөлөмгүй ч, гэр бүлийнхэндээ, ялангуяа ахан дүүстээ их хүндэтгэлтэй хандана. Тэрээр Страддид бидэнтэй уулзахдаа нэлээд өндөр настай байрын нэгэн өвөөг танилцуулсан юм. Авга Сийд хэмээх тэр хөгшнийг бид лавтай 90 гарсан болов уу гэж таамаглаж байв. Гэтэл Сийд өвөө 70 гарч яваа хүн гэнэ. Насандаа баймгүй дордсон Сийд авга аборигенчууд дундаа хамгийн өндөр настнуудынх нь нэг аж. Нэгэн үе дундаж наслалт нь ердөө 47-гоор хэмжигдэж байсан аборигенчуудын хувьд Сийд авга маш өндөр насалсан нэгэн болж байгаа юм. 

Сүүлийн жилүүдэд аборигенчуудын дундаж наслалт харьцангуй нэмэгдэж, эрчүүд нь 67, эмэгтэйчүүд нь 72 хүрсэн гэх судалгаа гарчээ. Гэхдээ энэ нь бусад австраличуудтайгаа харьцуулахад бас л доогуур үзүүлэлт юм. Аборигенчуудын дундаж наслалт Австралийн бусад иргэдээс доогуур байгаа нь тэдний эрүүл мэнд, амьдралын орчин нөхцөл, идэж ууж байгаа  хүнсний чанар,  мөнгөн орлого, эмнэлгийн үйлчилгээ зэргээс шууд хамаарч байгаа юм. Чанар муутай бэлэн хүнсний бүтээгдэхүүн, түргэн хоол голчлон иддэг, тэр хэрээрээ таргалалт, диабет, зүрх, судасны өвчинд нэрвэгддэг гээд эрүүл мэндийн асуудал аборигенчуудад түгээмэл ажээ. Масгрейвийн паркт баяраа тэмдэглэхээр ирсэн аборигенчуудын дийлэнх олонх нь илүүдэл жинтэй байсан гэвэл худал болохгүй. Дээр нь амьдралын орчин нөхцөл муутайгаас халдварт өвчинд нэрвэгдэх тохиолдол бусдаасаа 10-70 дахин өндөр байдаг гэнэ.

Түүнээс гадна хар тамхи, мансууруулах бодис, архинд донтож, сэтгэл мэдрэлийн өвчтэй болох тохиолдол нь бусад австраличуудаас 2-5 дахин өндөр, түүнээс улбаалсан амиа хорлох явдал 2-3 дахин их байдаг аж.  Энэ бүхэнд аборигенчуудын боловсролын төвшин, ажил эрхлэлт ч шууд холбоотой. Аборигенчуудын ердөө дөрвөн хувь нь л бакалавр болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байдаг бөгөөд авдаг цалин нь ч Австралийн бусад иргэдийн цалин хөлсний 60 хувьтай нь тэнцэхээр доогуур орлоготой байдаг гэнэ. Аборигенчуудын амьдралд энэ мэтчилэн асуудал мундахгүй. Магадгүй тэд дараа жилийн баяраар дахин жагсах биз ээ.

АБОРИГЕНЧУУДЫН ТУХАЙ АВС

Австралийн уугуул иргэд буюу аборигенчуудын нэр нь аб ориго  буюу “анхны, эхний үеэс гаралтай” гэсэн утгатай ажээ. Энэ үг XVII зууны үед британичууд Австралид суурьшиж эхэлсэн үеэс англи хэлний үгсийн санд орж ирсэн бөгөөд “хамгийн эртний уугуул иргэд” гэсэн утгаар хэрэглэгддэг байна. Өөрөөр хэлбэл аборигенчуудын өвөг дээдэс хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдсэн уугуул иргэдээс нэлээд эртний үед хамаарах хэсэг гэсэн үг. Аборигенчууд одоогоос  40-50 мянган жилийн өмнө Энэтхэгээс Австралид ирж суурьшсан гэж түүхчид үздэг. Гэхдээ Энэтхэгт амьдарч байсан аборигенчуудын уг гарвал нь 75 мянган жилийн тэртээд Африкийг орхин гарсан хүмүүсийн үр сад хэмээн үздэг учир Австралийн уугуул иргэд Африкийн индианчуудаас гаралтай аж.

Аборигенчууд нэг талаараа хагас нүүдэлчин хүмүүс байсан гэдэг. Тэд улирлаа даган нутаг сэлгэн нүүж, ан гөрөөгөөр амьдралаа залгуулдаг байж. Британичуудыг ирж суурьших үед  аборигенчуудын хүн ам 318-750 мянга орчим байсан гэлцдэг. Гэхдээ саяхныг хүртэл Австралийн хуулиар хүн амын тооллогодоо бүрэн цусны абориген хүмүүсийг хамруулдаггүй байсан учир тоо баримт нь итгэлтэй биш.  Европчуудыг суурьших үед аборигенчуудын дунд янз бүрийн халдварт өвчин гарч, хүн ам нь нэлээд хорогдсон ч 1990-ээд оноос эхлэн нэлээд хурдацтай өсч байгаа дүн гарчээ. 1996 онд 283 мянгаар тоологдож байсан аборигенчууд 2001 он гэхэд 458 мянга болж өссөн байна. Сүүлийн жилүүдэд аборигенчуудын өөр бусад үндэстэнтэй гэрлэж суух нь түгээмэл болж энэ нь нийт гэрлэлтийн 69 хувийг эзлэх болжээ.

Австралийн муж улсуудаас Нью Саут Уэльс, Куйнслэнд, Баруун Австрали мужид аборигенчууд хамгийн их оршин суудаг байна.  
Европчуудын суурьшлын үед аборигенчуудын 250-300 хэл байснаас өдгөө ердөө 15 нь л хэрэглээнд үлдэж, бусад нь мартагдаж устжээ. Өнөө үед аборигенчууд ихэвчлэн англиар ярьдаг болсон ч өөрсдийн үг хэллэгээр баяжуулаад “Австралийн абориген англи хэл” гэсэн шинэ хэл үүсгээд байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан