Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Йоркийн гүн Хунтайж Эндрьютэй уулзав


“Лондон-2012” зуны олимпийн наадмын нээлтэд оролцохоор Лондон хотод хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Йоркийн гүн хунтайж Эндрьютэй уулзлаа. Йоркийн гүн хунтайж Эндрью Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Олимпийн наадмын нээлтэд оролцохоор хүрэлцэн ирсэнд талархаж байгаагаа илэрхийлээд олимпод оролцож буй монголын баг тамирчдад амжилт хүслээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол-Их Британийн харилцаа, хамтын ажиллагаа , ялангуяа худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжин хөгжихөд Хунтайж Эндрьюгийн оруулж буй хувь нэмэр өндөр болохыг тэмдэглэв.

 “Манай хоёр орон одоогоос 50 жилийн тэртээ дипломат харилцаа тогтоож байсан. Ингэснээр Их Британи улс нь өрнөдийн орнуудаас хамгийн анх Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон орон болж байсан юм.

Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж, хөрөнгө оруулагчдын зүгээс бидэнтай хамтран ажиллах сонирхол улам бүр нэмэгдсээр байна. Манай хоёр орны хувьд уул уурхай, банк санхүү, хөрөнгө оруулалт, боловсролын чиглэлээр хамтран ажиллах сонирхол харилцан нэмэгдэж байна. Ирэх даваа гаригт Лондон хотноо болох Монгол-Их Британийн бизнес форумд 200 орчим бизнес эрхлэгч оролцох гэж байгаа нь үүний тод илрэл юм.

Дэлхийн банк, санхүү, хөрөнгийн зах зээлийн нэгэн томоохон төв Лондон хоттой хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь монголын энэ чиглэлийн салбарын хөгжилд томоохон түлхэц болох нь дамжиггүй.

Боловсрол бол бидний хамтын ажиллагааны нэгэн чухал салбар юм. Монголын боловсролд Кэмбрижийн стандартыг нэвтрүүлж эхлээд байна. Их Британийн хөрөнгө оруулагчдын зүгээс монголд дээд боловсролд хөрөнгө оруулах нь стратегийн хувьд чухал хөрөнгө оруулалт болно гэж үзэж байна” гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярив.

Йоркийн гүн хунтайж Эндрью Ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байна гээд,  ялангуяа боловсролын салбар,  байгальд  ээлтэй уул уурхайн технологийг нэвтрүүлэх чиглэлд  хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч буйгаа  ярив. Уулзалтын үеэр монголын хууль эрхзүйн шинэчлэл, хөрөнгө оруулалтын бодлого, уул уурхайн баялгийн хуваарилалт, байгаль орчин хамгаалах зэрэг асуудлаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Йоркийн гүн хунтайж Эндрьюг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урив.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан