ЗГ: Товч мэдээ
2018 оны 5 сарын 16

Засгийн газрын өнөөдрийн хуралдааны товч мэдээллийг хүргэе.
-  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
-  Зөвлөх болон бусад үйлчилгээний шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг тус бүр 10 сая төгрөг байхаар тогтов. Энэ нь тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжилт удааширч, бага хэмжээний үйлчилгээг оролцогчид сонирхдоггүй, сонгон шалгаруулалт удаа дараа амжилтгүй болдог зэрэг хүндрэл, бэрхшээл гардагтай холбоотой юм.
-  Ирэх долоодугаар сард Улаанбаатар хотноо болох Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын бэлтгэл ажлын талаархи мэдээллийг сонсов. Бага хурлаас гарах үндсэн баримт бичгүүдийн төсөлд санал өгөхийг сайд нарт даалгалаа. Мөн хурлын талаар дотоод, гадаадад сурталчлах, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээ зохиох, зочид, төлөөлөгчдөд үйлчлэх, аюулгүй байдлыг хангах зэргийг холбогдох сайд, агентлагийн дарга, албан тушаалтнуудад даалгав.
-  Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газар бологон өөрчлөх, Мал үржлийн газрыг ХХААХҮЯ-нд шилжүүлэхтэй холбоотой УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэхээр болов.
-  БНХАУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн 24 сая ам.доллараар хэрэгжүүлэх Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн Загастайн давааны 67 км авто зам барих төслийн хяналтын зөвлөх үйлчилгээ, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 114 км авто зам барихад нэмж шаардагдаж байгаа хөрөнгийг зээлийн хэмнэсэн хэсгээс гаргах саналыг хятадын талд тавьж шийдвэрлүүлэхээр тогтлоо.
-  Улаанбаатар хотноо энэ сарын 28-29-ний өдөр “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Ажлын хэсэг хуралдана. Хуралдаанд монголын талын баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Энэ хурлаар төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг дэмжих, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг арилгах талаар ярилцах юм.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.