Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэн БНСУ-д нээгдлээ


Монголын талын санаачилгаар Дэлхийд эхний 5-д ордог БНСУ-ын Солонгосын Үндэсний музейд зохион байгуулагдаж буй  “Монголын: Тал нутгийн нүүдэлчдийн эзэнт гүрэн” үзэсгэлэн өнөөдөр албан ёсоор нээлээ. Үзэсгэлэн 07 сарын 17 хүртэл нийтэд дэлгэгдэх болно.
Зохион байгуулагч байгууллагаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд хааны ордон музей, Солонгосын Үндэсний музей ажиллаж байгаа аж.
Үзэсгэлэнд Монголын талаас БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, Богд хааны ордон музейн захирал О.Мэндсайхан нар оролцож буй.
Үзэсгэлэнд Монгол нутгаас илэрсэн хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн шинэ чулуун зэвсгийн үеийн чулуун багаж зэвсэг, гоёл чимэглэлийн зүйлс, хүрэл зэвсгийн үеийн олон төрлийн хүрэл эдлэлүүд, төмөр зэвсгийн түрүү үеийн Пазырыкийн булшнаас илэрсэн хувцас хунар, зэр зэвсэг, Хүннүгийн дурсгалаас илэрсэн алт мөнгөн чимэглэл, хүрэл сав суулга, шавар ваар, тэрэгний үлдэгдэл, Түрэгийн Билгэ хааны тахилын онгоны алтан эдлэлүүд, Монголын эзэнт гүрний үед холбогдох Таван толгойн дурсгалаас илэрсэн ширэн гутал, төмөр сэлэм, хуяг, 17-р зууны үед холбогдох Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдийн малтлагаас илэрсэн шавар бурхад, XIX-XX зууны эхэн үед холбогдох угсаатны эдлэл хэрэглэл зэрэг 232 иж нийт 550 үзмэр оролцож байна.
Үзэсгэлэнг дагалдан Монголын түүх, соёлыг танилцуулсан бичвэр, үзмэрийн өнгөт гэрэл зургийг багтаасан 300-аас доошгүй нүүр бүхий каталоги Монгол, Солонгос хэлээр хэвлэгдсэн.
Түүнээс гадна үзэсгэлэнгийн үеэр Солонгосын Үндэсний музейд “Монголын соёлын 7 хоног”, Монголын язгуур урлагийн тоглолт зэрэг Монголын түүх, соёлыг сурталчилах арга хэмжээг давхар зохион байгуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан