Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэнэт бол улс төр мөн...

Өнгөрсөнийг сануулахад, 2016 оны сонгуулийн өмнө АН-ын Засгийн газар иргэдийн эзэмшиж байгаа 1072 хувьцааг мөнгөжүүлнэ гэж иргэн бүрт 300.000 төгрөг тараах амлалт авсан. Харин ид сонгуулийн үеэр иргэд нэр дэвшигчтэй хийх уулзалтаас илүү банкинд дугаарлаж байсан учир МАН-ынхан ялагдчихлаа хэмээн сандарч тархиа ажиллуулдаг хүн бүхнийг шинэ санаа олохыг шахаж шаардаж байв.

Тавантолгойн 1072 хувьцааг мөнгөөр худалдан авч байгаа тухай цуурхал гурав, дөрөвдүгээр сард эрчтэй дэгдэж, Улаанбаатарчууд урт цагааны орчим өнөө хувьцаагаа зарах гэж худалдан авагч хар машинтай таван хятадыг хайж, олж өгөхийг төр засгаасаа шаардаж бөөн будилаан болсон.  Хамгийн инээдтэй нь уг жүжгийг хэн найруулж, хэрхэн дэгжээж байсан нь өнөө хэр нууц үлдсэн. 

Магадгүй учраа олохгүй бужигнаж байгаа хүмүүст хэр тааруу мөнгө тараачихвал амархан ялна гэж АН-ын Засгийн газар бодсон уу? Аль эсвэл ер нь эд нар яадаг бол гэж туршсан уу? Эсвэл сөрөг хүчин өдөөн хатгаж, айлгасан уу?
Ингээд “айсан” шийдлийн Засгийн газар сонгогчдыг байгаа мөнгөө шавхан худалдаж авахаар төлөвлөж, хэрэв мөнгө тараахгүй бол бид хаашдаа сүйрлээ гэж тооцсон байх магадлалтай. Харин тараасан ч тараагаагүй ч сүйрдэгээрээ сүйрнэ гэдгээ тэд түрүүлж хараагүй нь ганц үнэн юмдаг. 

...Засгийн газар иргэддээ мөнгө өгөхөө зарлачихаад байтал гэв гэнэт хүүхдийн баяраар ОХУ-ын Засгийн газраас “Танай Засгийн газар “Эрдэнэт” үйлдвэрийнхээ “49 хувийг авах уу?, 10 хоногт хариуг нь өгнө үү!” гэсэн бичиг ороод иржээ. Орос хоригт ороод мөнгөгүйдэж, шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайдын хувьд байнгаа мөнгөө цацахаас өөр аргагүй учир цацаад дууссанаар АН-ынхан ч хадны завсар хавчуулагдчихсан халиуны зулзага болчихов. Хэзээ хойно  Ч.Сайханбилэгийн “цаг хугацааны хайч” гэсэн нэр томьёо гаргаж ирсэн нь энэ гэж болно. Хамгийн эмгэнэлтэй нь тэрхүү хайчныхаа нэг гуя нь өөрөө байсан. 
АН өөрсдөө мөнгө тараана гэж амлаагүй бол, байгаа мөнгөөрөө сонгогчдыг худалдан авна гэсэн популист шийдвэр гаргаагүй бол Ч.Сайханбилэг “хаан” болж, АН “1990 оны хувьсгалын түүхэн мөрөөдөл, зорилтыг биелүүллээ” гэж сурталдаж байгаад ялчих боломжтой байв. Хамгийн эмгэнэлтэй нь ямар ч түүхэнд “хэрэв” гэж байдаггүй нь үнэн. Харин энэ удаа “байдаг бол” гэж мөрөөдөхөд тухайн үеийн Засгийн газар шийдэл гаргаж чадалгүй хоёр ч удаа нууцаар хуралдаж байхдаа Ерөнхий сайд зориг гаргаад тэс өөр шийдэл гаргасан бол… 
2016 оны зургадугаар сарын 1-ний орой Ч.Сайханбилэг нойргүй хоносон шинжтэй улаан нүдтэй гарч ирээд ард түмэнд хандаад мэдэгдэл хийж, “Эй, Миний Монголын ард түмээн… гэж хошгируулаад..!”
“Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааг мөнгөжүүлэх ЗГ худалдан авах ажлыг албан ёсоор хойшуулах болсныг баяртайгаар мэдэгдэж байна аа! Харин оронд нь Монголчууд бүгдээрээ, энэ мөнгөөрөө ОХУ-ын эзэмшилд байгаа “Эрдэнэт” үйдвэрийн хувьцааны 49 хувийг Монголдоо авах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. “Эрдэнэт” 100% Монголын өмч болох цаг ирлээ (Хожим сонгуулийн санал хураалтын өмнөх орой яг энэ үгийг хэлсэн) Энэ бол 1990 оны Ардчилсан хувьсгалыг гардан хийгчдийн хүсэл мөрөөдөл байсан юм, тэр цаг ирлээ. Ингэхдээ өнөөдөр ард түмэнд очих байсан 300 мянган төгрөгийг тооцож, (хэрэв АН сонгуульд ялбал шүү) Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа болгож, жил бүр ноогдол ашиг оноож байхаар тогтлоо… Үүнийг бид л үргэлжлүүлэх учраас биднийг сонго!”
Хурай хурай, бөөн уухай, АН-ын ялалт мөн биз? Ингэсэн бол Ч.Сайханбилэг өдийд 461-д биш, 761-д тухлаж байх учиртай…
Тэгсэн бол бас л УИХ-ын чуулган зарлах шаардлага байгаагүй, учир нь “Эрдэнэт”-ийг өгч байгаа юм биш, авч байгаа юм. “Авахгүй” гэсэн шийдвэр гаргахгүй нь тодорхой л доо. Харин ингэсэн бол Ц.Нямдорж тэргүүтэй МАН-ынхан ялалтаа алдаж байгаагаа мэдээд Эрдэнэтийн 49 хувийг “Засгийн газар авч болохгүй” гэж дөвчигнөх байсан юм. Яаж ч бодсон “Эрдэнэт” бол улстөр мөн...
А.Баатархуяг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан