Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн банк, Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компанийг хувьчилна


Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болов. Хурлаар дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
 “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Эрчим хүч, автозам, уул уурхай, санхүү, банк, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит, өмчийн оролцоотой 18 байгууллагыг бүрэн, 19-ийнх нь тодорхой хувийг хувьчлахаар төлөвлөжээ.
Тухайлбал Төрийн банк, Хөрөнгийн бирж, “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл, холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” зэрэг компани болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг авто зам, арчлалтын 20 “АЗЗА” компанийг хувьчлахаар болсон байна.
Өмнө нь хувьчлалд цөөн хүн, хуулийн этгээд оролцон тухайн аж ахуйн нэгжийг худалдан авдаг байсныг өөрчилж, хувьцааг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах зарчим барина. Энэ нь олон нийтэд нээлттэй, шударга өрсөлдөөн бий болгоно гэсэн үг юм.
Стратегийн ач холбогдолтой, иргэдийн амьдралтай шууд холбоотой Дулааны цахилгаан станцуудын хувьчлалыг түр хойшлуулж, дахин судалж үзэхээр болжээ.
Засгийн газрын хуралдаанаар мөн “2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг боловсруулахдаа бүх яам, “Монголын эдийн засгийн чуулган-2018”-д оролцогчдоос саналыг нь авсан юм.
ТЭЗҮ-ийг нь боловсруулсан, хэрэгжүүлэхэд бэлэн томоохон төсөл, хөтөлбөр, түүний дотор Газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, цахилгаан станц зэргийг барихад шаардагдах хөрөнгө, эх үүсвэр, хариуцах эзэн зэргийг хөтөлбөрт нарийвчлан зааж өгчээ.
Товч мэдээ
-  Аж ахуйн нэгжийн орлогын, Хувь хүний, Нэмэгдсэн өртгийн албан татварын болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан нэр бүхий 20 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэн УИХ-д өргөн барихаар боллоо. Төслийг орон даяар хэлэлцүүлэхэд 5000 орчим санал ирсэн бөгөөд үүний 1950 гаруйг нь бичиг, цахимаар авчээ. Хуулийг ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
-  “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” төрийн өмчит компани байгуулахаар болов. Энэ компани  “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг хэрэгжүүлэх хамтарсан хуулийн этгээдийн Монголын талд ногдох 49 хувийг эзэмших юм.
-  Энэ сарын 07-10-ны өдрүүдэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт томилолтоор ажилласан. Энэ үеэр нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж, дүнгээ тайлагнахыг сайд нарт даалгав.
-  Энэ оны нэгдүгээр улиралд сайд нар болон яам, агентлагт иргэдээс ирүүлсэн 77581 өргөдөл, гомдлын 98 хувийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэсэн байна. Иргэд ихэвчлэн нийгмийн халамжид хамрагдах, хүүхдийн мөнгө авах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, ажилд орох, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудлаар ханджээ.
-  Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Макаод ял эдэлж байгаа манай улсын 12 иргэн үлдэх ялаа эх орондоо эдлэх хүсэлтээ байнга гаргадаг байна.
-  Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, мөн Камбожийн Вант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.
-  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Г.Гомбосүрэн, Ардын жүжигчин,  Төрийн шагналт Э.Оюун, Төрийн хошой шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ш.Нацагдорж нарын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр болов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан