Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Г.БАТТУЛГА: Эргээд бодоход аавтайгаа хамт өнгөрүүлсэн цаг мөч бүр дуу хөгжим, инээд хөөрөөр цалгиж өнгөрчээ


Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт, Монгол Улсын Гавьяат багш Л.Галмандахын хүү хөгжмийн зохиолч, ОХУ-ын Буриад улсын Төрийн шагналт, МУСТА Г.Баттулгатай ярилцлаа. Тэрээр ОХУ-ын Буриад улсын Үндэсний дуу бүжгийн “Байгал” театрын хөгжмийн уран сайхны удирдаачаар ажиллаж байгаа юм.

-Энэ жил аавын тань 65 насны ой тохиож байна. Тэгэхээр таны аавын талаарх дурсамжаас ярилцлагаа эхлүүлье?
-Эргээд бодоход аавтайгаа хамт өнгөрүүлсэн цаг мөч бүр дуу хөгжим, инээд хөөрөөр цалгиж өнгөрчээ. Миний аав үнэхээр хөдөлмөрч, үг дуу цөөнтэй хүн байсан. Аав маань гэртээ байсан ч, гадуур явж байсан ч ямар нэг аялгуу аялж явдаг байсан юм. Одоо бодоход аав цаг үргэлж хөгжмийн зохиолоо бичдэг байж дээ гэж боддог. Хүүхэд байхад аавын ажил гэхээр л дуу хөгжим, хүүхэд бужигнасан газар санаанд ордог байлаа.
-Таны аав хэзээнээс хөгжим зохиож эхэлсэн юм бол. Энэ талаараа ярьж байсан уу?
-Аав маань наймдугаар ангид байхдаа анхны дуугаа зохиож байсан гэж ярьдаг. Анхны дуугаа бичсэн бичвэр нь одоог хүртэл хадгалагдаж байгаа. Аавыг аравдугаар ангиа төгсөхөд өвөө шар үхрээ зараад баян хуур хөгжим авч өгөөд хөгжмийн сургуульд  оруулж өгч байсан гэсэн. Тэр цагаас хойш аавын уран бүтээлийн гараа эхэлж байсан гэдэг.
-Аавынхаа зохиосон дуунуудаас аль дууг нь илүү дагаж дуулдаг байв?
-Аав дөрвөн хүүхэддээ зориулж “Дөрвөн бэрх” гэж дуу зохиож өгч байсан. Аавын маань уран бүтээлийн тоглолтод бид дөрөв “Дөрвөн бэрх” дуугаа дуулах болсон юм. Хамгийн том эгч маань тэмээ, дараагийн ах морь, хоёр дахь эгч ямааны тухай бадгийг дуулж, би хонины тухай бадгийг дуулах ёстой байсан. Би айлын бага хүүхэд учраас эрх дураараа, сахилгагүй хүүхэд байсан. Тиймээс сахилгагүйтэж, бэлтгэлийн үед ах, эгчийн дуулах бадгийг дуулаад л байсан юм. Гэтэл тоглолт болж, ах эгч нар өөрсдийн бадгаа дуулаад дуустал би аль ч бадгаа мэдэхгүй мартчихаж билээ. Энэ “Дөрвөн бэрх” дууг бидэнд зориулж бичсэн учраас үнэхээр дотно санагдаж, байнга дагаж дуулдаг байлаа.
-Аав тань тусгайлан зааж өгөөгүй ч түүний үйл хөдлөл, үгийг харж байгаад сурсан зүйл байдаг уу?
-Би мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж, хөгжим бичиж, найруулж байхад надад нэг зүйл ажиглагдсан. Юу гэхээр аавын хүүхдүүдтэй ажиллах сэтгэл хөдлөл болон чин сэтгэлээсээ хөдөлмөрлөдөг чанарыг сурсан юм шиг санагддаг.
-Таныг хөгжмийн зохиолч, уран бүтээлч болоход аав тань нөлөөлсөн үү. Ер нь та нарыг мэргэжлээ сонгоход аав тань хэр зөвлөж, чиглүүлдэг байсан бэ?
-Манай аав бидэнд ямар мэргэжилтэй болохыг шууд байдлаар тулгадаггүй байсан. Миний хүүхдүүд өөрсдөө шийдэх ёстой гэж сонголтыг бидэнд үлдээдэг байсан юм. Гэхдээ аавын хийж байсан үйлдэл, гаргаж байсан хандлагуудаас харахад урлагийн хүн болгох гэсэн хандлага ажиглагддаг байсан. Аавын уулзуулж, танилцуулж байгаа хүмүүс, сургууль нь ч тэр хөгжим, дуутай холбоотой байсан. Намайг урлагийн хүн бол гэж тулгахгүй хэрнээ хөгжимтэй холбох хандлага ажиглагдаж байсан гэсэн үг.
Бага байхад бид нарыг аав гитар, төгөлдөр хууртай дуулуулдаг байсан. Тухайн үед хамгийн солгой хоолойтой, хамгийн авьяасгүй нь намайг гэдэг байсан. Гэхдээ намайг гитар барьж, энэ тэнд тоглож явдаг болсныг аав хараад хөгжмийн чиглэлд чиглүүлсэн нь дээр гэж бодсон байх гэж боддог.

-Таны хувьд хөгжмийн зохиолоо хэрхэн бичиж, шинэ санаагаа яаж олдог вэ. Ямар үед сайхан уран бүтээл туурвиж чаддаг вэ?
-Тухайн зохиолын сэдэв, дүрдээ орж, хөгжмийн зохиолоо бичихийг эрмэлздэг. Хөгжмийн урсгал, чиглэл төрлөөсөө шалтгаалан  янз бүрээр ажиллана. Хөгжмийн зохиол бичихэд байгалийн үзэгдлүүд нөлөөлдөг байж болох юм. Миний цөөхүүл хөгжмийн 100 гаруй зохиол байдаг. Тэдгээр зохиолыг ажиглаж байхад 80 хувь нь байгалийн үзэгдэлтэй холбоотой байдаг.
-Таны зохиол уран бүтээлүүдээс хамгийн түүхтэй, дурсамжтай бүтсэн ямар уран бүтээл байдаг вэ?
-Дөрвөн жилийн өмнө “Байгаль үндэстний дуу хоолой” гэж бүжгийн жүжиг бичиж, ОХУ-ын Буриад улсын Төрийн шагнал хүртсэн. Энэ уран бүтээлийг хийхэд нэлээд хугацаа, маш их хөдөлмөр, судалгаа шаардсан. Судалгаагаар олж мэдсэн зүйлээ бодитоор төсөөлж, тухайн дүрдээ амьдарч байж бичсэн.
Мөн найрал хөгжмийн “Сааршгүй урсгал” нэртэй бүтээлд Өвөр монгол, Тува, Халимаг, Буриад, Монгол Улс хооронд хэчнээн километрийн зайтай байгаа ч аялгуу нэгтэй. Бид өмнө нь нэг улс байжээ гэдэг утгыг илэрхийлсэн уран бүтээл маань надад их сонин мэдрэмжүүдийг төрүүлж, олон зүйлийг ухааруулсан. Цаашдаа би Монгол туургатны найрал хөгжмийг нийлүүлж, уран бүтээл хийхийг хүсдэг.
-Та одоо ОХУ-ын Буриад улсад ажиллаж, амьдарч байна. Ер нь Монголдоо ажиллаж, амьдрах бодол байгаа юу?
-Байлгүй яахав. Буриад улсад ажиллаж амьдраад 14 жил болсон байна. Би өөрийгөө Монголд байх үүрэгтэй хүн гэж боддог. Аавынхаа үргэлжлэл болж, түүний уран бүтээлийг орчин үед нийцүүлэн ард түмэнд хүргэж, түгээн дэлгэрүүлнэ. Иймээс аавынхаа нэрэмжит санг байгуулж, түүний уран бүтээлээр дамжуулан хүүхдийн урлагийн боловсролыг дэмжих ажлуудыг хийхээр төлөвлөж байна.
-“Галмандах” сангаас хүүхдийн авьяасыг хөгжүүлэхэд чиглэсэн ямар ямар үйл ажиллагаа явуулах вэ?
-Манай аав 500 орчим хүүхдийн дуу зохиосон байдаг. Эдгээр дууг ном, CD зэрэг олон хувилбараар бэлтгэж гаргана. Үүний хажуугаар хүүхдийн авьяас чадварыг нээх, хөгжүүлэх олон шатлалтай арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Тухайлбал, аавынхаа 65 насны ойг тохиолдуулан Галмандахын нэрэмжит дууны уралдааныг ирэх намар зохион байгуулахаар төлөвлөж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан