Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Мазаалайн хөшөөтэй болжээ


Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд дэлхийд нэн ховордсон маазаалай баавгай, бамбаруушийн хөшөөг босгожээ. Уг хөшөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 30 жилийн ойд зориулан бүтээсэн аж.
Мазаалай баавгай нь Монголын Алтайн өвөр говьд Говийн их дархан цаазат газар амьдардаг бөгөөд дэлхийн өөр хаана ч байхгүй ховор амьтан. Олон улсын судлаачдын дүгнэснээр мазаалай нь бусад баавгайн төрлөөс онцлог төрөл зүйл гэж үздэг бөгөөд Монгол Улсын болон олон улсын Улаан номонд бүртгэгдсэн билээ.
Мазаалай нь Монгол хүн бүрийн бахархал байхаас гадна дэлхийн бусад улс орнууд өөрсдийн нэн ховордсон амьтдыг бэлгэ тэмдэг болгон дээдэлдгийн адил монголчууд бид өөрсдийн нэн ховордсон, онцлог амьтнаа дээдэлж хүндлэх нь зүйн хэрэг юм.
Мазаалай баавгайн тухай баримтууд:
Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг.
Мазаалайг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий.
Оросын эрдэмтэд болох Орлов, Соколов нар мазаалайг баавгайн бие даасан зүйл мөн гэж үзэн биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн.
Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд мазаалайг "Ursus Arctos Gobiensis" гэж нэрлэдэг.

1953 онд АИХ -ын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон.
1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг анх судалж, тоолж ирсэн түүхтэй. Академич А.Болд нарын хүмүүс мазаалайн тоо толгойг гаргах судалгаа хийхэд тэр үед 25-50 толгоймазаалай байжээ гэх дүгнэлтэнд хүрчээ.
Бие төрх, амьдрах байдал нь гүйцэт судлагдаагүй байсан энэ амьтныг 1966 онд анх удаа кино оператор О.Уртнасан кино зурагт авч, улмаар намнан авчирч музейн үзмэр болгосон.
“Улаан ном” -д бүртгэгдсэн байдлаас мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 гэж тэмдэглэжээ. 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна.Мазаалай судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээгээр одоо 30 хүрэхгүй тоо толгой үлджээ.
Мазаалай бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог. Түүний иддэг ургамал, шавьжууд байгальд ховордсоноос мазаалай өлсөж үхэх болсон. Түүнийг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлд ам хүргэх нь ховор.
Мазаалай угтаа махчин амьтан. Гэвч одоо малчдад бэлчээр нутгаа булаалгаж цөлрүү шахагдсан учраас идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээр хооллодог.
Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг газар амьдардаг онцгой амьтан бөгөөд асар их уудам орон зайг эзлэн амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс ялгагддаг.
Холимог идэшт, том махчин амьтны хувьд говийн ялангуяа баянбүрдийн биоценозид орон зай, идэш тэжээлийн гинжин холбоонд тодорхой үүрэг гүйцэтгэдэг.
Тоо толгой цөөн боловч ургамлын гаралтай идэш тэжээлээр зонхилон хооллож ландшафтад танигдахуйц ул мөр үлдээж, жижиг баянбүрдийг түшиж амьдрах тул экосистемд чухал ач холбогдолтой амьтан.
Хөхтөн амьтдын сэг зэмээр хооллодог тул байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг.
Хөрсний ус ойр газарт малтаж ус гаргадаг тул хавтгай зэрэг бусад хөхтөн амьтдыг усаар хангахад чухал үүрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан