Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ОУВС, Сангийн сайд нарт шаардлага хүргүүлжээ


Монгол Улсын эдийн засагт өсөлт гарч, гадаад өр зээлээ дарж байна гэсэн мэдээллийг холбогдох газруудын удирдлагууд олон нийтэд түгээж буй. Гэвч ард иргэдийн бодит амьдрал хүнд хэвээр байгаа. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажиллагчдын цалин хөлс туйлын бага, ажлын ачаалал их цаашид тэвчиж ажиллахад туйлын хүнд болсон байгааг өнгөрсөн 8 өдрийн суулт, үсээ хусуулсан тэмцэл, 41 настай залуухан хавдрын сувилагч өөрөө хорт хавдраар өвчлөн үс нь зулгарч, эрчимт эмчилгээнд орсон гэх жишээнээс харж болохоор.
Манай орны нэг сувилагч 3-4 сувилагчийн ажлыг дангаараа хийчихээд бүтэн сардаа хөгжингүй орны сувилагчийн нэг өдрийн цалинг л авч байна. Энэ бол хөдөлмөрийн мөлжлөг. “Бид цалин нэмүүлэх биш хийсэн ажлынхаа хөлсийг л өгөөч гэдгийг Монгол Улсын Засгийн газраас шаардаж байгаа” гэж Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны удирдлага хэлж байна.
Засгийн газар “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Улсын 3 талт хэлэлцээр”-ийг эхлүүлсэн боловч “Олон Улсын Валютын Сантай байгуулсан хатуу нөхцөлтэй гэрээнд цалин хөлсийг царцаах заалт” байгаа гэсэн нэрээр асуудлыг шийдвэрлэхгүй өдийг хүрч “Ажил хаялт” хийхэд хүргэсэн билээ.
Дэлхийн улс орнуудын ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөө, тэдгээрийн эдийн засгийг сэргээхэд дэмжлэг, туслалцаа үзүүлж ажилладаг ОУВС-ын эрхэм төлөөлөгчид үүсээд байгаа нөхцөл байдалд зөв дүгнэлт хийж “Хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоох”-ын төлөөх шаардлагыг “Цалин нэмүүлэх шаардлага” гэж андуурахгүй байх гэдэгт итгэж буйгаа тэд цахим хуудсаараа дамжуулан уламжилсаар. Түүгээр ч зогсохгүй “Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоож одоо авч байгаа цалин хөлсийг 2018 оны 2 дугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх” талаар Засгийн газарт тавьж буй шаардлагыг хэрэгжүүлэхэд дээр дурдсан “Хатуу нөхцөлөө зөөлрүүл” гэсэн ШААРДЛАГА-ыг 15000 эмч, ажилтны гарын үсэг бүхий 541 хуудас баримтыг хавсаргаж ОУВС-нд хүргүүлжээ.
Шаардлагын хариуг 2018 оны 05 дугаар сарын 28-ны дотор ирүүлэхийг мэдэгдсэн байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан