Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Баатарчулуун: Манай нөхөрлөл 40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн


Хэнтий аймгийн Батноров суманд бичил уурхайчдын дөрвөн нөхөрлөл үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг  “Амлалтын нутаг”-ийн үйл ажиллагаатай танилцсан юм. Тус нөхөрлөл 6 сарын хугацаанд албан ёсоор ажиллах зөвшөөрлөө аваад нэг сар болж байна. Урд нь 3-4 ажиллах гэрээг орон нутгийн Засаг даргын тамгийн газартай хийдэг байжээ.

“Амлалтын нутаг” нөхөрлөлийн тэргүүн Т.Баатарчулуун “Манай нөхөрлөл 15 гишүүнтэй.  Цог өндөр хэмээх газарт 1.1 га талбай эзэмшиж жонш олборлож эхлээд байна. Урд нь энэ газар жоншны илэрцтэй хэмээн тэмдэглэсэн байсан. Бид энэ газарт  40 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хөрс хуулсан. Одоогоор 75-85 хувийн агуулагтай жоншны хүдэр олборлож байна. Цаашид 92 хувийн агуулагтай жонш гарна хэмээн найдаж байгаа” хэмээн ярьлаа. 

Тус нөхөрлөлийн гишүүд урд нь нинжа хэмээн нэрлэгдэж хувиараа жонш олборлодог байж. Албан ёсоор нэгдэж зөвшөөрөл аваагүй үед жонш гарсан газарт цооноглон ухаж гар хийцийн багажаар олборлосон жоншоо татаж гаргадаг байж. Мөн  цагдаад хөөгдөх, нурангид дарагдаж гэмтэх тохиолдол бишгүй гардаг байсан.  Одоо хууль ёсны дагуу ажиллаж байгаа болохоор хэн ирэх бол гэхээс айхгүй сэтгэл амар ажилладаг хэмээн ярьсан юм.  Уурхайгаа нээгээд удаагүй ч  13 хоног ажиллахдаа 100 гаруй тонн жонш олборложээ. Иймд оруулсан хөрөнгөө нэг сарын хугацаанд хангалттай нөхөх төлөвлөгөө бий аж. Мөн орон нутагтай байгуулсан гэрээ ёсоор сар бүр нөхөн сэргээлтэд зарцуулах сан үүсгэж  орлого төвлөрүүлдэг байна. Олборлолт хийж буй газраас гадна  орхигдож хаягдсан талбайг ч  нөхөн сэргээх үүрэг хүлээжээ.

С.Мөнхсарнай: Жилд 10 гаруй сая төгрөг сум, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг

Хэнтий аймгийн Норовлин суманд “Норовлин хамтын хүч” ТББ үйл ажиллагаа явуулж байна. Үүнд “Ноёдын эрдэс”, “Норовлин нутгийн хишиг”, “Алтжин”, “Газар шим”, “Ар жаргалант” гэсэн нөхөрлөл багтдаг.
Эдгээр нөхөрөөлөл алтны уурхайн хаягдал шороог ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Олборлосон алтаа тухайн ордод үйл ажиллагаа явуулж буй компаниар дамжуулж  Монголбанкинд тушааж байна. Харин энэ жилээс эхлэн өөрийн нэр дээр Монголбанкинд тушаах болжээ. Өнгөрсөн онд л гэхэд   800 гр алт олборлосон аж.
“Норовлин хамтын хүч” ТББ-ын тэргүүн С.Мөнхсарнай “Бичил уурхайчдыг өмнө нинжа гэдэг байлаа. Энэ нутагт Өвдөгт ухаа хэмээх газарт гэхэд л 3000 нинжа   бөөгнөрч, газар нутгийг эвдэж сүйтгэсэн. Бид сумандаа эзэн байя гээд төрийн бус байгууллага байгуулж, малгүй, ажилгүй иргэдийг орлоготой болгосон. 24 өрхийн 45 иргэн энд ажиллаж байна. Бид 2014 онд Азийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 6.5 га талбайг техникийн болон биологийн аргаар нөхөн сэргээсэн. Анх хоёр га талбайг өөрсдийн хөрөнгөөр гар аргаар нөхөн сэргээсэн. Ингэж нутаг орондоо эзэн болсноор хэн дуртай нь ирж, газар ухахгүй, нөхөн сэргээсэн талбайг эргэн хөндөхгүйгээс гадна ажлын байр нэмэгдэн ядуурал буурч байна. Жилд 10 гаруй сая төгрөг сум, орон нутгийн төсөвт төвлөрүүлдэг. Шороон орд ашигладаг учраас мөнгөн ус зэрэг химийн элдэв бодис хэрэглэдэггүй. Алт олборлож байсан талбайн хиймэл нуурт бид шороогоо угаадаг. Манай ТББ  06-р сарын01-10-р сарын 01 хүртэл хүүхдийн гэр цэцэрлэг ажиллуулдаг. Ингэснээр хүүхдийн сургуулийн өмнөх боловсрол эзэмших асуудлыг шийдсэн” хэмээн ярьлаа. 

Уг төрийн бус байгууллагыг байгуулагдсан цагаас нь буюу 2014 оноос ажилласан иргэд  орлогоороо мал худалдан авч хоёр дахь орлогын эх үүсвэртэй болжээ. Нэг нөхөрлөлийн бичил уурхайчид өдөрт 3-4 тонн шороо угаадаг. Нөхөрлөлийн  нэг бичил уурхайчин сард  500-600 мянган төгрөгийн орлого олдог ч зарлагаа хасаад гар дээр 300 орчим мянган төгрөгийн цалин авдаг бөгөөд өөр бизнес, хувийн аж ахуй эрхэлж эхэлжээ. Тухайлбал, 200 гаруй толгой малтай болсон хүн бий аж. Бичил уурхайчнаас бууз банш, талх нарийн боовны цех ажиллуулж эхэлсэн хүн цөөнгүй гэнэ. Нөхөн сэргээлт хийдэг Өвдөгийн ухаа хэмээх газарт 7-8 метр гүн, 8-9 метр урт цооногууд ухсан байж. Иймд уг цооногт мал унаж үхэх үзэгдэл өдөр бүр гарна. Харин нөхөн сэргээлт хийснээс хойш уг газар атаршиж өвс ургамал ургадаг болжээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан