Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Тогтвортой хөгжил-Нүүдлийн мал аж ахуй” сэдвээр чуулж байна


Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн VIII уулзалт Улаанбаатар хотноо болж байна. Энэ удаагийн уулзалтад даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн түнш 34 орны 120 гаруй төлөөлөгчид, бүс нутгийн улсуудын Хөдөө аж ахуйн сайд нар, Монгол Улсын төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад албаныхан зэрэг 200 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна. Уулзалт ирэх 15-ны өдөр хүртэл үргэлжилнэ.

Олон улсын хурлын зочид, төлөөлөгчид “Тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” сэдвийн дор таван өдрийн турш чуулах бөгөөд даян дэлхийн түвшинд, Берлиний ногоон долоо хоног болон НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн 23 дугаар их хурлаар тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэхэд ДДМААХ-ийн оруулах хувь нэмрийн талаар хэлэлцэнэ. Бүс нутгийн болон үндэсний түвшинд, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад бэлчээрийн мал аж ахуйн оруулах хувь нэмэр, ач холбогдол, байгаль орчинд ээлтэй, өрсөлдөх чадвартай мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрнэ. Тодруулбал, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал эрчимтэй явагдаж буй энэ цаг үед нүүдлийн болон бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд тулгарч буй сорилт, түүнийг даван туулах арга замын талаар хэлэлцэх юм.

Уулзалтыг Монгол Улсад зохион байгуулснаар нүүдлийн мал аж ахуйн онцлог, уламжлалт ёс заншлаа олон улсад сурталчлан таниулах, мал аж ахуйн салбарт баримталж буй бодлого, төсөл хөтөлбөрүүдийнхөө талаар гадны төлөөлөгчид танилцуулж, улмаар хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх билээ.
Товчхондоо бол НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад мал аж ахуйн салбарын оруулах хувь нэмрийг Монгол Улсаар төлөөлүүлэн дэлхий нийтэд харуулна гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан