Европын холбооны зах зээлд экспортлох боломжийг ярилцана
2018 оны 6 сарын 12

Монгол Улсаас Европын холбооны зах зээлд бараа бүтээгдэхүүн худалдаалахдаа  ирэх  оны 1 дүгээр сараас эхлэн зөвхөн REX буюу бүртгэгдсэн экспортлогчдын системийг ашиглах юм. Үүнд  бизнес эрхлэгчид эртнээс бэлтгэлээ хангах нь чухал болоод байна. Мөн түүнчлэн 2005 оноос эхлэн хамрагдсан GSP+ буюу гаалийн тарифын хөнгөлөлтийн ашиглалтын хэмжээг сайжруулах зайлшгүй шаардлага  байгаа аж. Иймд энэ талын мэдлэг мэдээллээр бизнес эрхлэгчдийг хангах үүднээс МҮХАҮТ, Гадаад Харилцааны Яам, Монгол Улсын худалдааны бодлогыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Европын Холбооны "ТРАМ" төсөл хамтран ажиллаж байна. Ингээд  “Европын холбооны худалдааны өдрүүд” бизнес уулзалтыг ирэх 14-ны өдөр Улаанбаатар хотод  зохион байгуулна.
Уулзалтад Еюропын холбооноос Монгол Улсад суугаа Элчин Сайд Трайн Христ, худалдааны бодлогын эксперт Стефан Мозер нар үг хэлж илтгэл тавих ажээ.

“Европын холбооны Хөнгөлөлтийн Ерөнхий Систем буюу GSP+-аас хүртэх ашгаа нэмэгдүүлэх боломж” /Гарал үүслийн гэрчилгээ, Европын холбооны зах зээлийн шаардлагууд/, “Европын холбооны бүртгэгдсэн экспортлогчдын систем буюу REX System-ийн танилцуулга, /хэрхэн бүртгүүлэх, ямар ашигтай/ зэрэг  сэдвүүдээр мэдээлэл хийх юм байна.
Мөн түүнчлэн Европын холбооны орнууд ба Монгол Улсын хамтарсан Худалдааны Танхимуудын “Бизнесээс Бизнест харилцаа”-г дэмжих үйл ажиллагаа, "TRAM" төслөөс МҮХАҮТ-тай хамтран экспортлогчдыг дэмжих үйл ажиллагаа, “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл”-ийн үйл ажиллагаа, төслийн тухай мэдээлэл өгнө.
Уулзалтад Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад орнуудын ЭСЯ, олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдийн төлөөлөл, холбогдох төрийн байгууллагууд болон бизнес эрхлэгчид оролцох бөгөөд Европын холбооны зах зээлд экспортлож буй болон экспортлох боломжтой бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарна. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.