Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
2018 оны 6 сарын 13

Монгол Улс хэмжил зүйн салбарын харилцааг 1993 оноос хойш Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулиар зохицуулж иржээ. Шадар сайд Ө.Энхтүвшин Засгийн газрын хуралдаанд уг хуулийн төслийг танилцуулахдаа “Монгол Улсын хууль эрх зүйн шинэчлэлийн бодлогыг дэмжих, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.7-д “Стандартчилал, хэмжил зүйн талаарх хууль тогтоомжийг олон улсын нийтлэг зарчимд нийцүүлэн шинэчилж Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж заасныг хэрэгжүүлэх, мөн Дэлхийн худалдааны байгууллага болон Хэмжил зүйн олон улсын байгууллагуудын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор улсын хэрэгцээ шаардлага, хэмжил зүйн олон улсын хөгжлийн чиг хандлага, нийтлэг зарчмыг харгалзан, батлагдсан Үзэл баримтлалын дагуу Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байна” гэжээ.

Одоо мөрдөж буй хуулиар  хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, түүнд хяналт тавих эрх зүйн үндсийг тогтоож байгаа юм. Харин хуулийн төсөлд   хэмжлийн нэгдмэл байдлыг хангахын зэрэгцээ эдийн засаг, нийгмийн хөгжилд хэмжил зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоож, хэмжил зүйн чиглэлээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн харилцааг зохицуулахаар тусгасан байна.

 Хэмжил зүйн тухай хууль батлагдсанаар нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн хувьд дараах үр дүн гарах аж. Үүнд:

1.  Монгол Улсын хэмжил зүйн тогтолцоо олон улсын жишигтэй нийцнэ.

2.  Хэмжлийн нэгжийн эталон, нэгж дамжуулалт, хэмжил зүйн судалгаа шинжилгээний ажил олон улсын түвшинд хүрэх алхам болно.

3.  Олон улсын жишгийн дагуу худалдаа үйлчилгээний тооцоонд ашиглахаас бусад хэмжих хэрэгслийн загварын туршилт, баталгаажуулалтын ажлыг итгэмжлэгдсэн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

4.  Салбаруудын болон үйлдвэрлэл, аж ахуйн нэгж байгууллагуудын дэргэд итгэмжлэгдсэн хэмжил зүйн алба, лабораториуд бий болно.

5.  Алба, лабораториуд бий болсноор төрийн ажил, үйлчилгээний одоогийн төвлөрөл, ачаалал саарна.

6.  Олон улсын гэрээ, хэлэлцээрт туссан импортын хэмжих хэрэгслийн загварын туршилт, анхдагч баталгаажуулалтын үр дүнг шууд хүлээн зөвшөөрдөг болно.

7.  Ингэснээр иргэд, бизнес эрхлэгчид цаг хугацаа хэмнэж нэгж хэмжүүрт ногдох зардал буурах эрх зүйн орчин бүрдэнэ.

8.  Хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, худалдах, суурилуулах, засварлах хэмжил зүйн ажил, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог одоогийн үйл ажиллагаа бүрэн халагдаж, Хэмжил зүйн ажил үйлчилгээг цахим хэлбэрээр бүртгүүлэх тогтолцоог бий болох аж.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.