Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Анх удаа Монгол хүүхэд ДАШТ-ий тоглолтын бөмбөгийг гаргаж тавих хүндтэй үүрэг гүйцэтгэхээр болжээ


Өнөөдөр ОХУ-д Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээний нээлт болно. Наян мянган хүний суудалтай “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий нээлтийн ёслолын үйл ажиллагаа хоёр цагийн турш үргэлжлэх юм.

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг хөлбөмбөгийн хамгийн том баяр наадам болох энэхүү тэмцээний нээлтэд дэлхийн 20 гаруй улсын төрийн тэргүүн оролцох талаар тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхий захирал Алексей Сорокин сэтгүүлчдэд мэдэгдсэн билээ.

Лхагва гаригийн мэдээллээр, Москвад Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес, Раундагийн Ерөнхийлөгч Поль Кагаме, Молдавын Ерөнхийлөгч Игорь Додон зэрэг гадны орнуудын удирдагчид хүрэлцэн очоод байгаа аж.

Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос энэ удаагийн тэмцээнд Бразилын домогт од Роналдо, Английн поп дуучин Робби Уиллиямс нар оролцох болсныг зарласан билээ. Робби Уиллиямс Оросын сопран дуучин Аида Гарифуллина хамтран дуулах юм байна. Мөн тоглолтод төгөлдөр хуурч Денис Мацуев, дэлхийн дуурийн од Анна Нетребко болон бусад уран бүтээлчид оролцох ажээ.

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагт Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолтыг ОХУ-Арабын баг эхлүүлнэ. Энэ удаагийн ДАШТ-д нийт 32 баг оролцох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хөлбөмбөгийн үнэнч фанатууд ОХУ-д хүрэлцэн очсоор байгаа талаар зохион байгуулагчид мэдээлж буй юм.

ОХУ-ын Москва, Сочи тэргүүтэй 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий хэсгийн тоглолтууд Улаанбаатарын цагаар 18:00, 20:00, 22:00, 02:00 цагуудаас тус тус эхлэх хуваарьтай. Монголчуудын хувьд “NTV” болон Үндэсний олон нийтийн радио телевизийн шууд дамжуулалтаар ДАШТ-ийг үзэх бүрэн боломжтой юм.

2006 оноос Олон улсын хөлбөмбөгийн холбооноос “FIFA WORLD CUP TOUR” арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн сая сая хөлбөмбөгийн фанатад “Алтан цом”-ыг хамгийн ойроос харах боломж олгож эхэлсэн. 21 дэх удаагийн ДАШТ-ийг угтсан цомын аялал 2017 оны есдүгээр сард Москва хотоос эхлэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үдэн гаргаж байв.

Тус “Алтан цом” дэлхийн 51 орны 91 хотоор аялахад Монгол Улс багтсан билээ. “Алтан цом”-д дэлхийн аварга болсон багийн ахлагч болон тухайн улсын Ерөнхийлөгч гар хүрэх эрхтэйн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Алтан цом”-д хүрсэн анхны монгол хүн болж, нэгэн түүхийг бичиж үлдээсэн билээ. “Алтан цом” нийт 172 мянган км зам туулж, Москвад эргэн очсон байна. Монгол хүү Ө.Анар энэ удаагийн ДАШТ-ий тоглолтын бөмбөгийг гаргаж тавих хүндтэй үүргийг гүйцэтгэх юм.
   
ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПУТИН “ДЭЛХИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ГЭР БҮЛ”-ИЙН
ГИШҮҮДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Өнгөрсөн лхагва гаригт Москва хотноо Олон Улсын хөлбөмбөгийн холбоо(FIFA)-ны хурал болжээ. Тус хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож, Орос улс “Спорт улс төрөөс ангид” гэсэн зарчим баримталж ирснийг онцолсон байна.

Тэрбээр 2018 онд ОХУ-д зохион байгуулагдаж буй Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад сэтгэл зүрхээ зориулж, хамтран ажиллаж, дэмжиж буй “Дэлхийн хөлбөмбөгийн гэр бүл”-ийн гишүүдэд талархал дэвшүүлжээ.
Мөн тэрбээр ДАШТ зохион байгуулах ажиллагаанд оролцсон Олон Улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жанни Инфантино тэргүүтэй бүх хүнд талархал илэрхийлсэн байна.

ОХУ-ын баг тамирчдын хувьд 2010 оны арванхоёрдугаар сард Швейцарийн Цюрих хотноо зохион байгуулагдсан ДАШТ-ий цомын эзэн болсон билээ.
  
Дэлхийн цомын тэмцээний нийт 2.5 сая гаруй тасалбар борлуулагдсаны талаас илүү хувийг гадаадын орны иргэд худалдаж авсан байна. Тасалбарын үнэ 105-750 ам.доллар. Дэлхийн аваргын тасалбар авсан бүх хөгжөөн дэмжигч FAN ID-гаа бүртгүүлэх ёстой аж.

 FIFA 2018: Сонин хачинаас

-Криштиану Роналду сүүлийн цомынхоо төлөө багаа ахлан оролцоно. Хоёрхон жилийн өмнө Европын магнайд анх удаа гарсан португалчууд ДАШТ-д долоо дахь удаагаа оролцох юм.

-Марокко хорин жилийн дараа эргэн ирж байна. Марокко улс 2028 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй.

-Испанийн шигшээ баг 15 дахь удаагаа дэлхийн аваргад зодоглоно. Африк тивд болсон 2010 оны ДАШТ-д өрсөлдөгч бүрээ буулган авч, шигшээ тоглолтод Нидерландыг Андрес Иниестагийн цорын ганц гоолоор хожиж, анх удаа дэлхийн аварга болсон түүхтэй.

-Английн хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Маркус Рэшфорд ОХУ-д бэртэлтэй ирсэн байна. Тэрбээр ДАШТ-д оролцохоор явахаасаа өмнө хийсэн сүүлийн бэлтгэл дээр гэмтэл авчээ.

-Английн поп дуучин Робби Уильямс Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолд дуулна. Тэрбээр “80 мянган хүний урд, хөлбөмбөгийн сая сая хөгжөөн дэмжигчдийн өмнө дэлхийн аваргын тэмцээнийг нээнэ гэдэг бол миний багын мөрөөдөл” хэмээн ярьжээ.

-ОХУ ДАШТ-ийг зохион байгуулахад нийт 11 тэрбум ам.долларын зардал гаргасан байна. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаараа ОХУ-ыг тусгаарлах гэсэн барууны орнуудын бодлого бүтэлгүйтсэнийг харуулна.

-Тэмцээний албан ёсны дуу “Live it up” нэртэй бөгөөд дуучин Уилл Смит, Ники Жем нар нээлтэд энэ дууг эгшиглүүлнэ.

-Нийт 500 гаруй бүжигчин, гимнастикч зэрэг уран бүтээлчид нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.

-Аваргад өгөх шагналын мөнгө 35 сая ам доллар.

-“OPTA”-гийн явуулсан судалгаагаар “Алтан цом” хүртэх багаар Бразилын багийг 14,2 хувь буюу хамгийн өндөр үнэлсэн бол ХБНГУ, Аргентин, Франц, Испанийн баг удаах байруудад бичигджээ. Харин Японы багийг 2,0 хувь гэсэн бол ОХУ 1.7 хувийн үнэлгээ авчээ.

-Дэлхийн II дайнтай холбоотой шалтгаанаас болж завсарласан тохиолдлыг эс тооцвол хөлбөмбөгийн ДАШТ 1930 оноос хойш өнөөг хүртэл дөрвөн жилд нэг удаа тогтмол зохиогдож буй. 2014 оны ДАШТ Бразилд болж, Германы баг түрүүлсэн бол дараагийн ДАШТ 2018 онд ОХУ-д, 2022 оных Катар улсад болно.

 -“Москва – дэлхийн хөл бөмбөгийн нийслэл” арга хэмжээний хүрээнд тус хотын эрх баригчид явган болон автобустай 600 гаруй үнэ төлбөргүй аялал зохион байгуулахаар болсон байна.

-Олон Улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 21 дэх удаагийн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 6.1 тэрбум ам.долларын орлого олно хэмээн тооцоолжээ.

-Английн шигшээ багийн хамгаалагч Дэнни Роуз ойр дотныхон нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарах вий гэхээс эмээж гэр бүлийнхнээ ОХУ-д болох Хөлбөмбөгийн ДАШТ-д ирэхгүй байхыг хүсчээ.

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хөлбөмбөгийн “ДАШТ-2018”-ын хамгийн хүчтэй өрсөлдөгчдөөр Аргентин, Бразил, Герман болон Испанийн багуудыг нэрлэжээ.

-БНХАУ-ын даргын тусгай элч, Төрийн зөвлөлийн шадар сайд Сунь Чуньлань ОХУ-д зохион байгуулагдах Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслолд хүрэлцэн очно.

-Каирын иргэн, гэрэл зурагчин мэргэжилтэй, хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигч, 24 настай Мохамед Нуфал сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаагаа ДАШТ-ий шилдэг 32-т шалгарч үлдсэн улсынхаа шигшээ багийг дэмжихийн тулд дугуй унан Орос улсыг зорьжээ.

-ОХУ-д болох ДАШТ-2018-д түрүүлсэн тохиолдолд Герман улсын шигшээ хөл бөмбөгчин тус бүр 350 мянган еврогийн шагнал авна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан