Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨРШИЙН ӨӨРЧЛӨЛТ-ШИНЭЧЛЭЛТИЙН 40 ЖИЛЭЭР ”АЯЛАВ”

 “Гурван сая хүн амтай монгол маань цөөхүүлээ, бас ч жижиг улс даа” гэх бодлыг минь үгүй хийж, санаа сэтгэл уужруулж, сэтгэлийн нандин утсыг хөндөж чадсан аялал бол “Өөрчлөлт шинэчлэлт-40 жил нэг бүс-нэг зам Хятад дахь аялал” байж чадсаныг юун түрүүнд онцлох нь зүйтэй болов уу. Хөх толбот “тамга”-тай монгол гэх нэг угсаа гарвалтай ч дэлхийгээр тархсан монголчуудын маань бидэнтэй хамгийн ойр нь Өвөрмонголчууд. Тэдэнтэй  уулзах завшаан олгосон, 40 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн бүтээн байгуулалттай нь, аж амьдралтай нь танилцах боломжоор хангаж, түүгээр ч зогсохгүй хөөр баярыг зэрэгцүүлсэн энэ аялал маань Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн томилолтоор телевиз, радио, өдөр тутмын сонин, сайтын сэтгүүлчдээс бүрдсэн 20 хүний бүрэлдэхүүнтэй баг зургадугаар сарын 5-нд Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд зорчих галт тэргэнд сууснаар эхлэв.
Хөх хотод 267 мянган монгол үндэстэн амьдардаг

Өглөө нь бид Замын-Үүдээс Эрээн, Эрээнээс 490 км зайтай Хөх хотын чиглэлийн автобусанд сууж уудам их тал дундуур болон уул нуруудыг нүхэлж тавьсан замаар явсаар Далан хар уулын өвөр, Хатан голын ар хормой, Түмэдийн их талд байдаг Хөх хотод ирлээ. ӨМӨЗО-ы төв Хөх хот нь 7224 ам дөрвөлжин км нутаг дэвсгэртэй аж. Уур амьсгал нь сэрүүн хуурай, далайн төвшнөөс 1050 метр өндөр бөгөөд жилийн дөрвөн улиралтай гэгддэг ч өвөл эрс хүйтэрдэггүй, зун хэт халдаггүй гэдгээрээ онцлогтой юм билээ. Гурван сая шахам хүн амтай хэдий ч дийлэнх нь хятад. Үндэстний цөөнх болох монгол, манж, хотон зэрэг 41 үндэстний 346 мянган хүнээс 267 мянга нь монгол. Хөх хот нь Үндэстний түүхэн соёлын нэрт хот төдийгүй БНХАУ-ын “Аз жаргалтай 10 хот”-ын нэг болжээ. БНХАУ, Зүүн Өмнөд Азийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг “Или”, “Мон милк” зэрэг үндэсний хэмжээний том үйлдвэрүүдтэй учир “Сүүний хот” ч гэж нэрлэдэг байна.
Аян замын ерөөл өргөсөн аяллын нээлт

Энэ жил БНХАУ-ын Өөрчлөлт шинэчлэлтийн 40 жил, Ши Жиньпин дарга “Нэг бүс нэг зам” санаачилгыг дурдсаны 5 жилийн ой тохиож буй юм. “Нэг бүс” гэдэг нь эх газрын Торгоны замыг зааж буй бөгөөд энэ нь БНХАУ-аас Төв Ази, Орхи Дорнодоос Европ хүрэх бүсийг хамрах нэгдсэн бүслүүр. Харин “Нэг зам” нь далайн торгоны замыг илэрхийлдэг.
Нээлтийн арга хэмжээнд ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян тэргүүтэй, Өвөрмонголын “Өдрийн сонин”-ы дэд ерөнхий редактор, Өвөрмонголын радио, телевизийн ерөнхий редактор, дэд ерөнхий редактор, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн нарийн бичгийн дарга болон хоёр улсын сэтгүүлчид оролцов.
ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгуулж буй энэхүү арга хэмжээг мөн хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтарсан нөхөрлөлийн аян ч гэж нэрлэж болохоор.
Хятадын талаас Төвийн радио телевизийн ерөнхий хорооны Олон улсын радио, Төв телевизийн сайтын монгол хэлний суваг, дундад улсын сайт, Өвөрмонголын Өдрийн сонины Солонго мэдээллийн төв, Өвөрмонголын радио телевизийн Талын дуу хоолой радио, Өвөрмонголын Монгол Одон телевизийн сурвалжлагч нар Монголын сэтгүүлчид гээд нийтдээ 40-өөд сэтгүүлч баруун, зүүн гэсэн хоёр багт хуваагдаж Хөх хот, Баяннуур, Ордос, Улаанцав, Шилийн гол, Хэбэй мужийн Чуулалт хаалга зэрэг газраар долоо хоногийн хугацаатай мэдээ, мэдээлэл бэлтгэх даалгавартайгаар аялал эхлэв.

Өөрөөр хэлбэл, өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилд бий болсон нийгэм эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдралын төвшин, соёл урлаг, амжилт бүтээлийн дээжүүдтэй танилцаж, нүдээр үзэж, биеэр мэдэрч, оюун ухаандаа тунгаан дуран хараандаа буулгаж, хоёр улсын ард иргэдийнхээ мэлмий, сонорыг нь мялаах үүрэг хүлээсэн хэрэг.
Өвөрмонголын Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Хань Юньшян “Түүхийн хуудаснаа 1978 онд өөрчлөлт шинэчлэлтийг санаачилж эдийн засгаас эхлээд бүх төвшинд өөрчлөлт хийж өдийг хүртэл хөдөлмөрч хоёр гараараа бүтээн босгосноор үр шимээ хүртээд байна. Энэ хүртэлх зам дардан байгаагүй. Уул усаараа холбогдсон найрсаг хөрштэйгөө энэ 40 жилийн хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллаж, сүүлийн жилүүдэд Хятад улсын “Нэг бүс нэг зам” болон Монгол Улсын “Хөгжлийн зам” байгууллагатай хамтран ажиллаж Хятад, Монгол Улсын эдийн засгийн коридорыг бий болгож, бүх талын стратегийн бодлогыг өргөжүүлсэн байна. Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааны гүүр болж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл болсон та бүхэн Хятадын өөрчлөлт шинэчлэлийн амжилт, ололт, Хятад, Монголын хамтран ажиллаж байгаа өргөн хүрээний олон үйл ажиллагааг эерэгээр харж, зөвөөр ойлгож түмэнд түгээнэ гэдэгт найдаж байна” гэсэн юм.
 “Талын дуу хоолой” радиогийнхон

Сурвалжлагын багийнхан маань аян замын дөрөө харшуулах мэргэжил нэгт нөхдийнхөө ажлын байртай ч танилцаж амжлаа. Таван жилийн түүхтэй Талын дуу хоолой радиогийн хамт олон биднийг халуун дотноор хүлээн авсан юм. Тус радиогийн хамт олон 28 сэтгүүлчтэй юм билээ. Дийлэнх нь залуу сэтгүүлч учир эрч хүч үнэртсэн эгэлгүй хамт олон байсныг нуух юун.
“Талын дуу хоолой” радио нь БНХАУ-ын радио телевизийн удирдах газрын зөвшөөрлөөр байгуулагдсан бөгөөд Өвөрмонголоос Монгол Улсын сонсогчдод зориулсан гадаад нэвтрүүлэг хийдэг юм билээ. Тодруулбал, манай сонсогчдод зориулж улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний аж амьдралын сонин сайхныг халх аялгуугаар хүргэдэг аж. “Мэдээ, мэдээлэл”, “Солонго”, “Тэнгэрлэг эгшиг”, “Ардын урлаг аман билэг”, “Соёлын алтан тулга”, “Үзэсгэлэнт сайхан нутаг ус”, “Эрүүл бие саруул ухаан”, “Энх мэндийн хөөрөг” зэрэг найман тусгай хөтөлбөр бэлтгэн хүргэдэг байна. Нийтлэл нэвтрүүлгээ Улаанбаатар хотод өдөр бүр найман цагийн турш “Шинэ долгион FM 107.5” радиогоор дамжуулахын зэрэгцээ Өвөрмонголын радио телевиз хорооны “Мөнх тэнгэр” интернэтээр бүх сонсогчдодоо давхар хүргэдэг байна. Тэдний бэлтгэн хүргэдэг зарим нэвтрүүлэг нь манай Улаанбаатарын сонсогчдод хэдийнэ танил болсон. Тухайлбал, “Эрүүл бие Саруул ухаан” нэвтрүүлэг нь хэрхэн зөв хооллох вэ, эрүүл саруул амьдрахын тулд хэрхэх тухай мэдээлдэг. Гэхдээ тус нэвтрүүлэгтэй сонсогчид шууд холбогдож зөвлөгөө авч болдгоороо давуу талтай. Хятадын Олон улсын эмнэлгийн хорооны эрдэмтэй эмч нар нь ээлжлэн оролцож, зөвлөгөө өгдөг учир хүмүүст ихэд хүрсэн байна. Манай монголчууд Хөх хотод очиж эрүүл мэндийн үзлэгт хамрагдах нь олонтаа. Тэгвэл тус нэвтрүүлэгтэй холбогдсоноор өөрийн биед ямар зовиур илрээд байгааг тухайн эмч нарт хэлснээр хүссэн зөвлөгөөгөө авч, оношоо ч гэсэн баталгаажуулах боломжтой юм билээ.

Тус радиогийн хамт олон маань Хятад, Монгол хоёр орны ард түмний итгэл сэтгэлийн холбоо, ижилдэн нөхөрлөхийн гүүр болж байгаадаа ихэд баяртай байдаг нь тэдний ярианаас илхэн. Манай баруун бүсийн багийн хамт олныг Хятадын талаас тус радиогийн захирал Баясгалан ахлав.
Өвөрмонголын радио телевизийн хороотой танилцсанаар Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын багийнхан баруун, зүүн гэсэн хоёр маршрутаар тус тусын замаа хөөв.
Манай баруун бүсийн багийнхан энэ өдөр Хөх хотын метро, жорлонгийн байгууламж, өнөөгийнх нь хөдөө аж ахуйн байдал, зам харилцаа гээд Хөх хотыг тойрсон бүтээн байгуулалтын талаар сурвалжилсан. Бид дараа дараагийнхаа сурвалжлагаар дээрх байгууламжуудын талаар мэдээлэл хүргэх болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан