Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХЯТАДЫН СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХӨГЖЛИЙГ ТОДОРХОЙЛОГЧ ”И ЛИ”


Хөршийн өөрчлөлт-шинэчлэлтийн 40 жилээр “аялав”-4
“Өөрчлөлт шинэчлэлт-40 жил, Нэг бүс-нэг зам Хятад дахь аялал” буюу Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баруун бүсийн багийнхны Хөх хотын бүтээн байгуулалт, ногоон байгууламж зэрэгтэй танилцсан аяллын хамгийн сүүлийн өртөө нь “И Ли” групп. Сурвалжлагынхаа эхэнд БНХАУ, Зүүн Өмнөд Азийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангадаг “И Ли”, “Мон милк” зэрэг үндэсний хэмжээний том үйлдвэртэй учир “Сүүний хот” ч гэж нэрлэгддэг тухай цухас дурдсан. Тэгвэл энэхүү “Сүүний хот”-ын сүү, сүүн бүтээгдэхүүн, түүний үйлдвэрлэлтэй танилцах завшаан манай сурвалжлагын багийнханд тохиосон юм.
“И Ли” групп нь Хятад улсын сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тэргүүлэгч  аж ахуйн нэгжийн нэг төдийгүй Ази тивээс дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний найман хүчирхэг компанид зүй ёсоор орсон цорын ганц үйлдвэр ажээ.
Манай улсын “Сүү хувьцаат компани”-тай бараг л нас чацуу гэж хэлж болох тус групп мөн л манайхтай адил дэлхийн стандартад нийцсэн техник, технологи нэвтрүүлж, бүрэн автомат орчин үеийн үйлдвэрийг цогцлоож чадаж. Өдгөө сүү, тараг, хуурай сүү, сүүн ундаа, зайрмаг зэрэг 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж, Хятадын 600 гаруй хотод таван сая гаруй борлуулалтын цэгээр дамжуулан худалдаагаа хийдэг аж. Онцолмоор нэг зүйл нь тус группын бүтээгдэхүүн нь химийн орц найрлагагүй ч хөргүүрт хийх шаардлагагүй, зургаан сарын хугацаанд чанараа хадгалдаг байна.

Мөн групп нь үйлдвэр, ажилчдын байр, сургууль, өөрийн үүх түүхийг харуулсан музей, малчдын талбай, лаборатори зэргээ нэгэн дор цогцлоож хотхон байгуулсан нь сонирхолтой шийдэл шиг санагдсан.  
“И Ли” нь АНУ, Канадаас саалийн үнээ оруулж ирэн нутагшуулж, өсгөн үржүүлж байгаа талаар хөтөч бидэнд ярив. Энэ үүлдрийн нэг үнээнээс гэхэд өдөрт 32-38 литр, жилдээ 9-10 тн, зарим тохиолдолд 12 тн сүү авч байсан гэнэ. Нэгэн зэрэг саах хүчин чадалтай, дэлхийн өндөр технологи нэвтрүүлсэн учир 15 минутад 96 болоод 60 үнээг тойрог хэлбэрээр зогсоож байгаад 10-12 минутын дотор саачихдаг гэж байв.

Манай “Сүү хувьцаат компани”-ийн хувьд ч мөн адил  “Макс Агро” эрчимжсэн мал аж ахуйн фермер ашиглалтад оруулсан, Европоос “Гольштейн”  үүлдрийн үнээ авчирсан, саалтуурын аппарат нь бүрэн автомат гээд тус группын үйл ажиллагаатай харьцуулбал ялгараад байх онцын зүйлгүй мэт боловч эднийх яалт ч үгүй зах зээл нь том учраас хөгжих, тэлэх боломжоор давуу юм.
2016 онд гэхэд нэг л төрлийн тарагны борлуулалтаас найман тэрбум юанийн орлого олсон нь дээр өгүүлснийг батална. Мөн өнгөрсөн оны нийт орлого нь 68 тэрбум 58 сая юаньд хүрч Хятадын дотоодын аж үйлдвэрийн тэргүүлэх байранд жагссан нь, энэ оны эхний улирлын орлого нь 19 тэрбум 753 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхнээс даруй 25,1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт нь ч атаархах, бахархах сэтгэгдэл зэрэг төрүүлж байлаа.

Олон улс оронтой сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, улсын дотоод, гадаадын нөөц баялгийг ашиглан сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ байгууллагатай учир арга ч үгүй биз. Тухайлбал, эднийх Нидерланд, Шинэ-Зеланд, Итали, Англи, Америк зэрэг улстай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг.
Нийгмийн хариуцлагаа ухамрсарлан 2018 оны байдлаар хандивын үйл ажиллагаанд 800 сая юанийн хөрөнгө оруулжээ. Түүгээр ч зогсохгүй “Ногоон аж ахуйн сүлжээ”-г анхлан санаачилж олон нийт, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилласаар ирсэн гээд тоочвол мундахгүй их.

Эцэст нь сонирхуулахад, “И Ли” групп Хятадын 13 чухал муж, хотуудад борлуулалтын салбар компанитай бөгөөд Америк, Монгол Улсад өөрийн төлөөлөгчийн газраа байгуулсан байна.
Хөх хотод саатсан хоёр хоногийн маань сурвалжлага энэ хүрээд өндөрлөж байна. Дараа дараагийнхаа сурвалжлагаараа Баяннуур хотын өөрчлөлт шинэчлэлтийн талаар хүргэх болно.
                                                                                                  Үргэлжлэл бий

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан