Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ БАЯННУУР


Хөршийн өөрчлөлт-шинэчлэлтийн 40 жилээр “аялав”-5

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс томилолт авсан сэтгүүлчид маань Эрээнээс Хөх хот хүртэл ихэд нам гүмхэн явж ирснийг сая эргэн санав. Өөр өөрсдийнхөө дотоод ертөнцөд амьдарч, бодолд автсан нь тэдний царайнаас илт байсан билээ.
Үнэндээ тэднийг гүн бодолд автуулсан нэг шалтгаан нь ногоон байгууламж байтугай, ямар ч эмх цэгцгүй, хогондоо дарагдсан Замын-Үүд боомтоосоо дөнгөж хөдлөөд хилийн цагаан шугам давсан даруй цэвэрхэн зам талбай, зам дагуу тарьсан олон мод гээд биднийг угтсан Хятадын боомт буюу  ердөө хилийн наана цаана дахь хэтийдсэн хөгжлийн ялгаа байсан болов уу.
Гэтэл “Өөрчлөлт шинэчлэлт-40 жил, Нэг бүс-нэг зам Хятад дахь аялал” буюу Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баруун бүсийн багийнхан маань Хөх хотоос Баяннуур хүрэх замыг юм бодох зав чөлөөгүй өнгөрөөв. Хоёр улсын сэтгүүлчдэд маань туршлага хуваалцах зүйл их, очих газруудынхаа тухай ярилцах сэдэв арвин байсан болохоор тэр байх.
Ямартай ч алжааж ядралгүй зорьсон газартаа ирсэн бид энэхүү хотын Ү юань шианы Бортохойн хөдөө аж ахуйн соёлын музей, одоо үеийнх нь хөдөө аж ахуйн хүрээлэн, гурилын үйлдвэр, Фүчүань бордооны компани, махны чиглэлийн хонины аж ахуйтай танилцах томилолттой яваа нь энэ.
Наранцэцэгийн үнийг тодорхойлогч

Баяннуур хотын хувьд хойд талаараа Монгол Улстай хил залгаа, баруун талаараа Алшаа аймаг, өмнө талаараа Хатан гол, Ордос хот, зүүн талаараа Бугат хоттой гээд ӨМӨЗО-ыхоо гурван нутгаар хүрээлэгддэг байна. Гол онцлог нь говь хээрийн бүсэд байрлах хэрнээ уул, ус хосолсон үзэсгэлэнт байгальтай. Мал аж ахуй, газар тариалан илүүтэй хөгжиж, ихэвчлэн наранцэцэг, буурцаг, амтат гуа тарьдаг аж.  
Ү юань шианыг ганц өгүүлбэрээр тодорхойлбол наранцэцэгийн өлгий нутаг гэж хэлж болохоор. Учир нь, наранцэцэг, тариалалт, нийлүүлэлтээрээ хамгийн алдартай нь бөгөөд Бүх Хятадын наранцэцэгийн 1/7 хувийг дангаараа хангадаг төдийгүй өөрсдөө үнэ ханшаа тогтоодог байна. Мөн бүх улсын буудайны хураалтын хамгийн гол газар нь ч гэж үздэг аж. Нарны элч, сэрүүн чийгийн хэмжээ нь их тохиромжтой учраас тариалангийн аж ахуйг хөгжүүлж чадсан бас нэг шалтгаан нь гэж эндхийн хүмүүс онцлов.  Зарим тохиолдолд -30 хэм хүртэл хүйтэрдэг учир тариалангийн талбай нь өөрөөсөө халуун уур гаргадаг гээд шинэ дэвшилтэт технологиудыг нэвтрүүлснээ ч бидэнд танилцуулсан. Мөн энд туршилт хийдэг 138 талбай байдаг нь бидний сонирхлыг илүүтэй татаж байв.
Нийт 500 мянган хүн амтай энэ газрын малынх нь тоо толгой 5.5 сая. Өмнө нь малынхаа тоо толгойд илүүтэй анхаарал хандуулдаг байсан бол одоо чанарыг эрхэмлэх болжээ. Газар тариалангийнхаа үлдэгдэл болох иш, өвсөө мал аж ахуй эрхлэж буй хүмүүстээ өгч, харилцан бие биедээ тусалдаг гэдгээ ч дуулгалаа.

41 мянган төгрөгийн үнэтэй амтат гуаг онлайн худалдаанаас ...

Ү юань шианд ургуулсан эко бүтээгдэхүүнээ онлайнаар худалдан борлуулдаг байна. 15 мянган ам.метр талбайтай онлайн худалдааны газар нь 2015 оны зургадугаар сард байгуулагдсан бөгөөд өдгөө 226 аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг аж. Тус онлайн худалдаанд борлуулалтаараа тэргүүлдэг бүтээгдэхүүн нь наранцэцэгийн үр, эрдэнэ шиш, гурил байв. Хамгийн сонирхолтой нь дэнлүүтэй ижил хэлбэртэй амтат гуа гэхэд нэг хайрцаг нь 1000 юаньд хүрдэг гэж байлаа. Хайрцагтаа есөн ширхэг байдаг гэх бөгөөд тус бүрийнх нь үнийг тооцоолбол манайхаар ширхэг нь 41 мянган төгрөг болж байна. Хамгийн сайн чанарынх гэгдэх энэ амтат гуа Цагаан сарын үед ширхэгийнх нь үнэ 200 юаньд хүрдэг гэнэ. Есөн салбар нэгжээрээ дамжуулан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ захиалсан газар бүрт нь хүргэж өгдөг төдийгүй ямар ч нэмэлт өртөг шингээдгүйгээрээ онцлогтой. Мөн  гадаадаас оруулж ирсэн бүтээгдэхүүнүүдийг ч худалдаалдаг байна. Тухайлбал, манай хойд хөршийн вафли, чихэр гээд бидний танил бүтээгдэхүүнүүд ч энд харагдана лээ.

Өдөрт 300 тонн буудайг боловсруулах шугам ашиглалтад оруулах нь
Баяннуур бас гурилаараа алдартай. БНХАУ-ын сайн чанарын гурилын нийслэл болох зорилт тавин ажиллаж байгаа нь ч үүнийг тодотгоно. Анхлан 2006 онд 30 сая юанийн хөрөнгөөр үүсгэн байгуулагдсан Жао Фен Бортохойн гурилын компани ӨМӨЗО-ы ядуурлыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг аж. Хятадын алдарт академич, агрономич Жао Жэн Дүнтэй хамтарч Бортохойн буудайны сортыг сайжруулах салбар байгуулсан байна.
Мөн олон мэргэжлийн их сургуулиудтай хамтран ажиллаж, тариалан мал аж ахуйн шинэ техник технологи нэвтрүүлжээ. “Хатан” нэрээр зохион бүтээсэн тээрмээр тээрэмдэх нь удаан хэдий ч дулааны хэмжээ нь бага бөгөөд одоог хүртэл хамгийн аюулгүй, эрүүл өндөр технологитой бүтээгдэхүүнээр малчин тариачдын хэрэгцээг бүрэн хангаж байгаа ажээ. Автоматаар буудайг вакумжуулах төхөөрөмж, Хатан тээрмийн технологи нь БНХАУ-ын оюуны өмчийн патент авч чадсан байна. Одоогоор уг компани үйлдвэрлэлийн хоёр шугамтайгаар үйл ажиллагаа явуулан өдөрт дунджаар 150 тонн буудай боловсруулж байгаа ч ирэх жил хүчин чадлаа нэмэгдүүлж, 300 тонн буудайг боловсруулах шугам ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Буудайн шугамын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн цахим системд шилжүүлснээр гар утсаараа буудайн бүх л үйл явцыг хянах боломжтой болжээ.  
Энэ удаагийнхаа сурвалжлагыг энэ хүргээд өндөрлөж байна. Маргааш Хятадын 10 үзэсгэлэнт тосгоны нэг болон хонины аж ахуйтай танилцсан сурвалжлагаараа эргэн уулзая.
                                                                                                  Үргэлжлэл бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан