Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗУРГАА ИХЭРЛЭДЭГ ХОНЬ, 600 МЯНГАН ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВДАГ ТОСГОНТОЙ ТАНИЛЦЛАА


Хөршийн өөрчлөлт-шинэчлэлтийн 40 жилээр “аялав”-6
“Өөрчлөлт шинэчлэлт-40 жил, Нэг бүс-нэг зам Хятад дахь аялал” буюу Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баруун бүсийн багийнхан маань наранцэцэг, гурил гээд олон брэнд бүтээгдэхүүнтэй Баяннуур хоттын Фү Чюань компанийн махны чиглэлийн хонь тэжээж үржүүлэх, бордох үйл явцын чанар, аюлгүй байдал, мөн бордоо үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай ч танилцаж амжлаа. Энэ талаарх сурвалжлагаа уншигч танд хүргэе.
Бордоо үйлвэрлэлээрээ Хятад улсдаа хамгийн томд тооцогдох тус компани манай улсад тэжээл, бордоогоо экспортолж гаргадгаас гадна Хятадын олон мужид борлуулалт хийдэг байна. 200 гаруй ажилтантай тус компанийн жилийн борлуулалт нь 250 сая юань. 13 жил дарааллаад Баяннуур хотын бордоо үйлдвэрлэлийн толгойлогч аж ахуй шагналыг хүртсэн бөгөөд орон нутгийн үржил шимт өвс ургамлаар, шинжлэх ухааны шинжилгээ, судалгаанд үндэслэн малд нэн хэрэгцээтэй бордоог үйлдвэрлэн гаргадаг аж.

 Агуулах нь гэхэд арван мянган м.кв талбайтай юм билээ. Өвс, сүрэл, хивэг гээд энэ агуулахад хураалттай бүхэн нь хаанаас хангасныг нь тодорхойлсон өөрийн гэсэн пайзтай. Боловсруулалтын машин нь өөр дээрээ хэдэн кг өвс, ургамал, хэдэн кг сүрэл хийвэл хамгийн сайн чанарын тэжээл болж гарч ирэх тохируулгатай гээд олон дэвшилтэд технек технологийг нэвтрүүлж чаджээ.
50 кг-ын жинтэй таван сартай хурга
Малынхаа үүлдэр угсаа, таваарлаг чанарыг сайжруулахаас гадна малаас авах ашиг шимийн гарцыг нэмэгдүүлж, дотоод болон гадаадын зах зээлд гаргаж, ашгийн төлөө ажиллаж буй хонины аж ахуйтай ч бид танилцсан. Шинжлэх ухааны судалгаанд суурилсан энэхүү хонины аж ахуй нийт 34 саравчтай. Саравчуудаа тойруулаад 100 мянган мод тарьж ургуулсан нь сонирхолтой шийдэл шиг санагдсан.

Энэ аж ахуйн нэг онцлог нь 11 мянга гаруй хонио бэлчээрийн аргаар бус зөвхөн саравчинд, дээр өгүүлсэн дэд зэргийн бордоогоор бордож тоо толгойг нь өсгөдөг. Хонинууд нь ус уухдаа л саравчнаасаа цухуйдаг гэх. Гэхдээ саравч бүр нь ая тухыг нь дээд зэргээр хангаж чадсан, их ухаалаг системтэй. Тухайлбал, ялаа шумуулыг нь үргээчихнэ, хэт их халах, хуурайшихаас сэргийлэн усан агаар цэвэршүүлэгчээр сэрүүцүүлнэ, хөгжим сонсгоно гээд яг л нялх хүүхэд шиг арчилгаа, тордолгоог үзүүлдэг нь илт.
Ямар нэгэн халдварт өвчин гарах ямар ч боломж байхгүй, бүх зүйл хяналтад байдаг талаар мэргэжилтнүүд нь бидэнд ярив. Нэг саравчинд ердөө хоёр хүн ажиллаж бүх үзүүлэлт, гарч болох эрсдэлийг хянадаг ажээ. Харин услах, тэжээл өгөх гээд бүхий л ажиллагаа нь автоматаар явна. Үдийн өмнө, хойно гээд өдөрт хоёр удаа өгдөг тэжээлдээ ходоод гэдсийг нь хямраахгүй гэж чавга хүртэл хольж өгдөг гээд сонин, содон зүйлсийг энэ фермээс олж харж болохоор.  
Мөн эндхийн хонинууд нь огт сүүлгүй. Учирыг нь мэргэжилтнээс нь лавлавал “Хонины хамаг шим тэжээл сүүл рүү нь илүүтэй орчихдог болохоор хурга байхад нь л сүүлийг нь боочихдог. Тэжээл, бордоогоо арвилахын төлөө хийж буй үйлдэл юм” хэмээн тайлбарлав.

Дээд зэрэглэлийн мах бэлтгэн нийлүүлэх зорилго тавин ажиллаж буй учир арга ч үгүй гэлтэй. Өмнөд Африкаас гаралтай “Ба Мэ” хонь нь жилдээ хоёр удаа хургалдаг гэх бөгөөд 2-6 хурга гаргадаг нь хэвийн үзэгдэл ажээ. Гурван хургатай хонио тусгайлан хашсан байсантай ч бид таарсан.
Суурингийнхаа өвс ургамлын онцлогт тохирсон судалгааг үндэслэн гаргаж авсан бордоогоор хонио тэжээхээс гадна таван сартайгаас нь нядалгаанд оруулдаг байна. Учир нь, энд таван сартай хурга нь 50 кг жинтэй болдог ажээ.
Хурганы мах нь дээд зэрэглэлийн ангилалд багтдаг төдийгүй нэг кг нь Бээжинд гэхэд 200-гаад мянган төгрөгт хүрдэг гэнэ. Ерөнхийдөө олон хотод захиалгынх нь дагуу мах нийлүүлдэг гэх бөгөөд 500 граммыг нь 64 мянган төгрөгөөр худалдаалдаг байна. Нэг өгүүлбэрээр энэ газрыг тодорхойлж хэлбэл, малынхаа тэжээлийг бэлтгэхээс эхлээд хэрэглэгчид очих хүртэлх бүх шат дамжлагыг өөрсдөө хийж гүйцэтгэж, өнөөдрийнхөө нэр алдарт хүрчээ. Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх сонирхолтой хүмүүс маань энэ фермтэй танилцаж, туршлага судлахад гэмгүй мэт санагдсаныг нуух юун.
Хятадын 10 үзэсгэлэнт тосгоны нэг

Дараагаар нь бид өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 11-ний өдөр Хятадын 10 үзэсгэлэнт тосгоны нэгээр батламжлагдсан сууринтай танилцав. 2015 оноос энэхүү сайхан тосгоныг бүтээн байгуулж эхэлжээ. Энэ тосгон нь Хятадын хоёр том хурдны замын зогсоолтой, Ганц модны боомт хүрэх улсын нэгдүгээр зэрэглэлийн замтай юм байна. Тиймээс энэ тосгоноос тус боомт хүртэл явахад гурван цаг л шаардагддаг гэнэ.  
Гол орлогоо жуулчдаас олж авдаг тус тосгоныхон өнгөрсөн жил гэхэд 600 мянган жуулчин хүлээж авчээ. Энэ нутгийн онцлог идээ нь амтат гуа, хулуу, амтат эрдэнэ шиш.  Эдгээр амтатнаараа жуулчдаа дайлдаг байна. Мөн үндэстний идээ, боловсруулж, борлуулдаг 50 газартай гэж байв. Хүн тус бүрт ногддог орлого нь 30 мянга гаруй юань.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ жилийн ажлын илтгэлдээ дурдсан уух усны асуудлыг энэ тосгоных нь 2015 онд шийдвэрлэчихсэн гэх. Өөрөөр хэлбэл, өрх бүр нь цэвэршүүлсэн ус хэрэглэх боломжоор хангагджээ.

Үзэсгэлэнт тосгоноор аялсан баруун бүсийн багийнхны маань Баяннуур хотын өөрчлөлт, шинэчлэлттэй танилцсан аялал энэ хүрээд өндөрлөж, Ордос хотын зүгийн хүлгийн жолоо залсан юм. Бид дараагийнхаа сурвалжлагаар Ордос хотын ололт, амжилтын талаар мэдээлэл хүргэх болно.
                                                                                                Үргэлжлэл бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан