Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЧИНГИСИЙН ОНГОНТОЙ ТАНИЛЦАЖ, НҮД ХУЖИРЛАХ ОРГИЛУУРЫН ДЭРГЭД СААТАВ


Хөршийн өөрчлөлт-шинэчлэлтийн 40 жилээр “аялав”-8
Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баруун бүсийн багийнхан маань энэ удаад Хя багш дүүргийн Улаан мөрөн нуурын усан оргилуур, Эзэн хороо хошууны нутаг дэсгэрт байх Эзэн богд Чингис хааны гэгээн сүнсийг тайж тахисан онгоныг үзэж сонирхлоо.  Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Бидний аяллыг улам сонирхолтой болгосон дээрх газраар аялсан аяллынхаа сонин сайхнаас уншигч тантай хуваалцая.
Жуулчдын харааг булаах усан оргилуур
Хя багш тойргоор урсан өнгөрөх улирлын чанартай гол мөрөн нь Улаан мөрөн ажээ. Энэхүү голыг өргөтгөж, бүтээн байгуулалт хийхээр 7000 метр квадрат газрыг төлөвлөсөн байна. Хоёр эргийг нь нийтдээ таван гүүр тавьж холбож өгсөн байна билээ.

Нуурын хөвөөгөөр Ордос хурим, тууль, монгол ардын аман зохиол болон хүрэл зэвсгийн үеийн хадны сүг зураг 3,8 км үргэлжлэх бөгөөд нууран дээр дарвуулт завиар зугаалан хүний гараар бүтсэн бүхий л бүтээн байгуулалттай нь танилцах боломжтой. Дээр өгүүлсэн хадны сүг зураг нь Ордос хотын хэмжээнд хамгийн томоохон урлагийн бүтээл гэгддэг аж. Энэ дүүрэгт ирсэн хүн бүрийн заавал очиж үзэх ёстой газрын нэг нь яах аргагүй Улаан мөрөн нуурын усан оргилуур.
800 метр урттай, 236 оргилох хоолойтой, 209 метр хүртэл өндөрт хүрэх дуу хөгжим, гэрлээр чимэглэгдсэн усан оргилуур нь жуулчдын харааг булаахаар үзэсгэлэнтэй бөгөөд хотын иргэд нь ч өөрсдөө гэр бүлээрээ ирж амарч  зугаалангаа алжаалаа тайлдаг юм байна. Технологийн дэвшлийг ашиглан жинхэнэ уран сайхны дүрслэлийг үзүүлэн гайхамшгийг мэдрүүлэх энэхүү усан оргилуур нь цөл газар байгуулсан гэдгээрээ АНУ-ын Лас-Вегасын оргилуурын дараа ордог юм байна.

Шар дархадууд Чингис хааны онгоныг тасралтгүй 800-гаад жил тайж тахиж иржээ

Чингис хааны онгон Ордос хотын төвөөс 65 км зайтай юм билээ. Онгоны талаар мэдээлэл хүргэхээсээ өмнө онгон гэдгийг бунхан биш ариун дагшин гэсэн утгаар нь хэрэглэдэг юм байна гэсэн ойлголтыг уншигчдадаа хүргэх нь зүйтэй болов уу. Учир нь, Ордос нутагт Чингис хааны шарил байхгүй атал онгон гэж нэрийдэж хүмүүсийг төөрөгдөлд оруулж байна гэх нь бий. Онгон гэж нэрийдсэн нь нэр томьёоны төөрөгдөлд оруулдаг ч гэлээ  Ордос бол Чингис хаанд зориулсан тахилга, тайлгыг хийдэг газар ажээ. Ямартай ч онгоны талаар өмнө нь сайнаар, муугаар гээд хэдэнтээ сонсч байсан ч энэ удаад өөрийн нүдээр харах, хүмүүсийн хэлж, ярьж байсныг тунгаан бодох завшаан тохиосон нь энэ.  
Үүдээр нь оронгуут Чингис хааны хүрэл хөшөөтэй тойрог хэлбэртэй талбай байх аж. Талбайн диаметр нь 66, хөшөөнийх нь өндөр 6,6 метр зэрэг нь Чингис хааны насыг илтгэж буй гэв. Энэ мэтчилэнгээр бүхий л зүйл нь Чингис хаантай холбоотой утга, агуулгыг илэрхийлдэг юм билээ.

Онгоны нийт талбай нь 10 кв километр, эргэн тойрны нийт талбай нь 80 кв километр аж. 2006 онд Хятадын анхны улсын зэрэглэлийн цогцолбор болж, биет бус соёлын өвд бүртгэгдсэн байна.  
Чингис хааны онгоны гол бүтэц нь найман цагаан орд өргөө. Тодруулбал, Чингис хааны болон Бөртэ-Үжин хатны цагаан орд, Хулан хатны цагаан орд, Зүүн гэр эзний цагаан рд, Өндгөн цагаан морины шүтээн, бор өндрийн цагаан орд, хур саадгийн цагаан орд, шангийн өргөөний цагаан орд зэргээс бүрддэг гэсэн үг. Эдгээр ордод Чингис хаан болон түүний хатдын сүнс, шүтээний зүйлсийг нь тайж тахидаг байна.
Гол ордны хойморт гантиг чулуугаар сийлсэн таван метр өндөр Чингис хааны хөргийг тахиж, араар нь том газрын зураг байрлуулж, эзэн богдын өмнө мөнхийн зул бадраатай байв. Ордуудыг холбосон хонгилын ханан дээр Чингис хааны бүх насны үйл хэрэг болон томоохон үйл явдлуудыг нь харуулсан зураг байрлуулжээ.

 Мөн Чингис хааны онгон хэмээн нэрлэсэн уг газарт түүний хэрэглэж байсан цамц, эмээл, илд, ташуур, сүүлчийн амьсгалыг нь шингээсэн тэмээний ноос “амь” гээд олон зүйл байдаг юм байна.
“1227 онд Чингис хаан Тангад улсыг мөхөөгөөд тэр жилийнхээ долдугаар сард нь Түрэмгий сууринд дагаж явсан үр хүүхэд, жанжин сайд нь бөөгийн ёсоор цагаан тэмээний магнайн ноосыг Чингис хааны аманд тавьж сүнсийг нь шингээж аваад түүний хэрэглэж байсан эд хэрэгслийг нь цагаан ордонд оршуулан тахисан.
Цаг төрийн үймээнээс болж Чингис хааны онгоныг тайж тахиж ирсэн шар дархадууд онгоныг залан Алтай нуруу хүртэл нүүж байсан боловч эцэстээ Монь уулын энгэр Бортохойд ирж нутагласнаас хойш Ордост тахидаг болсон.
Харин шинэ Хятад улс байгуулагдсан 1949 онд Чингис хааны онгон шүтээнийг Хөхнуурын Гүмбэн хийдэд шилжүүлэн тахиж байснаа 1954 онд Эзэн хороо хошуунд залан авчирч, тайлга хийсэн. Одоогийн энэ онгоныг 1956 онд байгуулсан” гэх мэдээллийг хөтөч бидэнд өгөв.
Чингис хааны онгоныг тасралтгүй 800 гаад жил үе уламжилж, тахиж ирсэн шар дархадууд одоо залуу үеийнхээ 40 дүгээр үе дээрээ яваа гэнэ. Чингис хааны онгоныг тайж тахихад хамаг л сэтгэлээ зориулж яваа тэднийг 1985 оноос хойш улсаас нь цалинжуулж эхэлсэн байна.

Жил бүрийн билгийн тооллын 3 дугаар сарын 21-ний өдөр хаврын улирлын цагаан сүргийн их тайлга болдог аж. Нийт найман өдөр үргэлжлэх бөгөөд Чингис хааны тайлга дахь хамгийн ёслол төгөлдөр том тайлга нь гэнэ. Энэ жилийн тахилга нь тавдугаар сарын 6-нд таарч газар газраас ирсэн 17 мянган монголчууд оролцсон гэх мэдээллийг ч бидэнд өгсөн. Ерөнхийдөө жилд 2000 тахилга хийдэг гэх бөгөөд өөрсдийн дураар юм уу, жуулчдад зориулж хийдэггүй гэлээ. Тахилгыг ямар зэрэгтэй хүн, хэдийд хийх вэ гэдэг нь дүрэм журмаараа зохицуулагдаад явчихдаг байна. Ямартай ч энэхүү онгон нь дэлхий дахинд Монгол үндэстний түүх соёлыг ойлгуулахад чухал хувь нэмрээ оруулж байгаа юм байна гэх бодлыг тээсээр бид цааш замаа хөөсөн юм.
Тун удахгүй Ордосоос Улаанбаатар хот руу шууд нислэг үйлдэхээр болсон тул олныг нуршилгүй өөрийн нүдээр үзэж, үнэлэлт, дүгнэлт өгөх эрхийг уншигч танд үлдээе.
                                                                                           Үргэлжлэл бий.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан