Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

​Хэнтий аймгийн нөхөн сонгуулийг долдугаар сарын 1-нээс товлон зарлалаа


Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг долдугаар сарын 1-нээс товлон зарлаж, санал авах өдрийг аравдугаар сарын 7-ноор тогтоолоо. 

УИХ-д Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдон ажиллаж байсан Д.Гантулгыг өөрийн хүсэлтээр энэ сарын 14-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар чөлөөлсөн. Тиймээс УИХ-ын сонгуулийн Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах шаардлага гарч, Сонгуулийн ерөнхий хорооноос “УИХ-ын гишүүний нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай”, “УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай”, “Нөхөн, дахин сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслүүдийг өргөн барьсан юм. Уг тогтоолын төслийг байнгын хороо хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар баталлаа.

Ингэснээр УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг 2018 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр товлон зарлаж, санал авах ажиллагааг аравдугаар сарын 7-ны өдөр явуулах болж байна. Мөн нөхөн сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхээр боллоо. 

УИХ-ын гишүүний нөхөн сонгууль зохион байгуулахтай холбогдох улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 228.9 сая төгрөгөөр, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн, дахин сонгуулийн зардлын хэмжээг 162537250 төгрөгөөр баталж, Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Засгийн газарт даалгахаар тогтов. Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчдийг тодруулах ажиллагаа санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхэлж, тав хоног үргэлжлэх бөгөөд нэр дэвшигчийн үнэмлэхийг Сонгуулийн ерөнхий хороо санал хураах өдрөөс 22 хоногийн өмнө гардуулах юм. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн О.Баасанхүү "Нөхөн сонгууль явуулахгүйгээр дараагийн хүнийг нь оруулж ирж болохгүй юу. 228 сая төгрөг гэдэг чинь их мөнгө. Автомат машинаар тоолохоор мөнгө үрээд байна. Гараар тоолбол ямар вэ" гэсэн юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан