Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮСТЭЙ ТАНИЛЦАЖ, УЛААНМӨЧИРИЙН 61 ЖИЛИЙН ТҮҮХЭЭР АЯЛАВ


Хөршийн өөрчлөлт-шинэчлэлтийн 40 жилээр "аялав"-9

Өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилийн хугацаанд Хөх хот, Баяннуур, Ордос хот хэрхэн өөрчлөгдсөн хийгээд ямар бүтээн байгуулалтууд өрнөж, ард иргэдийнх нь амьдралд ямар нөлөө үзүүлсэнтэй танилцсан талаарх сурвалжлагаа бид найман цуврал нийтлэлээрээ дамжуулан хүргэсэн билээ. Харин энэ удаад Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баруун бүсийн багийнхан маань сүүлийн өртөө болох Шилийн гол аймагт ирэв.

Монголын ноос, ноолуураар 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

Тус аймаг нь Сөнөд баруун хошууны бодит байдалд тулгуурлан мал аж ахуйн бүтээгдэхүүн болох мах, ноолуур боловсруулах, сэргээгдэх эрчим хүч, биологийн мэргэжлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бүс бий болгожээ. Энэхүү бүсийн 60 аж ахуйн нэгжийн 33 нь ноос ноолуурын чиглэлийнх бөгөөд жил бүр 15 мянган тонн цэвэр ноолуур, 5000 тонн хонины ноос, 7000 тонн ямааны ноолуур боловсруулдаг аж. Ноосны үйлдвэр нь 2017 онд Монголоос цэвэр ноолуур 75 тонн, 1000 тонн ноос,  2018 онд 175 тонн ноолуур оруулж иржээ. Энэ сарын сүүлээр нэмж 2000 тонн ноос оруулж ирэхээр гэрээ байгуулчихсан байгаа гэнэ. Мөн ноосоо угаах, самнах, будах, ээрэх, нэхэх гээд бүх дамжлагыг нэг дор цогцлоосноос гадна нэг сая ширхэг хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай юм билээ.

 “Нэг бүс нэг зам” төслийн хүрээнд манай улстай хамтран “Тал нутгийн зам”-ын хамтын ажиллагааг идэвхжүүлж, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн, урт хугацааны турш хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Манай сурвалжлагын багийнхан тус бүсийн үйлдвэрүүдтэй танилцсанаас гадна үзэсгэлэнгийн танхимаар нь ч зочлов. Үзэсгэлэнгийн танхимд нь манай ноос, ноолуураар хийсэн хөнжил, дэвсгэр, цамц, алчуур гээд 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг дэлгэн тавьсан байна билээ. 

Хөх тэнгэрээр хөшгөө хийж, хөрст дэлхийгээ тайзаа болгосон Улаанмөчирийнхөн

60 гаруй жилийн өмнө есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан Сөнөд баруун хошууны Улаанмөчир чуулгын хамт олонтой танилцаж, тоглолтыг нь үзэж сонирхов. Байгуулагдсан цагаасаа хойш нам төрийн уран сайхны чиглэл, үндэсний төрийн бодлогын дагуу хөдөө орон нутагт хандан тоглолт хийх, ухуулах зэрэг хэлбэрээр үндэсний эв нэгдэл, бүс нутгийн соёлын хөгжил, цэрэг цагдаа иргэдийн найрсаг харилцаа, эдийн засгийн бүтээн байгуулалт зэрэгт чухал нөлөө үзүүлсээр иржээ. Тус чуулгын 47 уран бүтээлч нь дуу бүжиг, хөгжим, тоглолтын арын алба гэсэн хэсэгт хуваагдан ажилладаг байна.
Нэг жилийн хугацаанд 100 гаруй тоглолт хийдэг тус чуулгын уран бүтээлчид тив алгасан олон улс оронд урилгаар очиж уран бүтээлээ сонирхуулж байжээ. Түүгээр ч зогсохгүй манай улсад ирж Төрийн их баяр наадамд оролцож байсан удаатай гэнэ. 60 жилийн хугацаанд олон ч шагналыг өөрийн болгож чадсан тус чуулгынхан урын сандаа 2400 гаруй уран бүтээлтэй бөгөөд 600 гаруй нь ямар нэгэн хэлбэрээр шагнал гардсан байдаг аж. Тус чуулгын хамт олны хувьд Ши Жиньпин даргаасаа өнгөрсөн жил авсан хариу захидал нь хамгаас эрхэм зүйл нь гэлтэй. Чуулгынхаа үүх, түүхийг харуулсан үзэсгэлэнгийн танхимынхаа хамгийн түрүүнд байрлуулсан байв.  Тус чуулгын ахмад уран бүтээлчдийн нэг О.Ганболдтой цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэе.

О.Ганболд:Ард түмэндээ танигдсан нь миний хувьд хамгийн том шагнал
-60 жилийн түүхтэй чуулгынхаа хэдэн жилийн түүхийг та бичилцэж явна вэ?
-Ах нь 40 гаруй жилийн өмнө бүжигчнээр орж байлаа. Зургаан жил бүжиглэж байгаад дуулах урлаг руу орсон. Тэр цагаас хойш шог яриа ярьж, хуучир хөгжим тоглонгоо үлгэр ярьж, магтаал хэлдэг болсон. Улсын хэмжээнд зохион байгуулагдсан ерөөл магтаалын тэмцээнд орж алт, мөнгөн медаль хүртэл хүртэж явлаа.  
-40 гаруй жил та энэхүү чуулгадаа зүтгэжээ. Энэ олон жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж чадав уу?
-Ард түмэндээ танигдсан уран бүтээлч болсон нь миний хувьд хамгийн том алдар, гавьяа. ОХУ-ын Улаан-Үдэд Соёлын яамных нь урилгаар нэг удаа очиж байсан юм. Тэгэхэд гудамд дайралдсан нэг хүн “Би таныг харж байсан юм байна. Их сайхан ерөөл, магтаал хэлдэг юм билээ” гэж байсан удаатай. Энэ нь надад их сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Ер нь бол уран бүтээлээрээ, тайз, дэлгэцээр ард түмэндээ танигдаж чадсан нь надад яруу алдрыг өгсөн байна гэж бодсон. Тиймээс би энэ сайхан яруу алдрынхаа төлөө ямар ч хүчир бэрхшээл тулгарсан шантралгүйгээр урагшаагаа зүтгэсээр өдийг хүрчээ. Цаашдаа ч гэсэн зүтгэсээр байх болно.

-Ингэхэд та Монголын уран бүтээлчидтэй хамтарч ажиллаж байв уу?
-Манай чуулгын залуу уран бүтээлчид Монголд очиж бүжгийн уралдаанд оролцож байсан. Харин танай уран бүтээлчид манай дээр ирж тоглолт хийж байсан удаатай. Хамтын уран бүтээл хийх юмсан гэсэн бодол бол төрж байсан. Энэ бодлынхоо хүрээнд Улаанмөчирт ажиллаж өнгөрсөн сод авьяастай хүмүүсийнхээ шилдэг дуунуудыг Ар Монголын сайн дуучдаар дуулуулсан. Тухайлбал, “Гэгээн суунаг” дууг Банзрагчаар дуулуулсан. Харин Ганзориг миний энд их дэлгэрсэн “Хүслийг татсан нутаг” дууг дуулсан байгаа. Манай даргын хэдэн сайхан дууг ч гэсэн дуулсан. Банзрагчтай интернэтээр холбогдсон чинь дараагийн цомогтоо “Гэгээн суунаг” дууг оруулна гэж байна билээ. Монголын ард түмэнд дуунууд маань таалагдана гэдэгт эргэлзэхгүй байна.
-Ши Жиньпин даргаас ирсэн хариу захидал танай хамт олонд их урам өгсөн юм шиг ээ?
-Тэгэлгүй яахав. Ши Жиньпин даргаас захидал ирсэн тэр өдөр ах нь ч бас магнайгаа хагартал баярласан. Баярласан сэтгэгдлээ илэрхийлэх ёстой юм байна гэж бодоод тэр оройноо “Дөрөөнд дусаасан сүү” гэдэг холбоо бичсэн. Маргааш нь манай сонин, телевиз, радиогийн хорооны сэтгүүлчид ирээд миний уран бүтээлийг хуур бариулж байгаад уншуулаад шингээж авснаа интернэтэд тавьчихсан байсан. Дараагаар нь манай хөгжим бичдэг шавь маань “Таны холбоо олон түмэнд хүрчихлээ. Та одоо сайхан дууны шүлэг хийгээч” гэдэг санал тавьсан юм. Тэгэхээр нь ажил дээрээ ирээд захидлын тухай гурван бадагтай, хоёр мөрийн дахилттай дуу хийсэн. Энэ дуугаа нэг цагийн дотор бичээд шавьдаа авчирч өгсөн. Өнөө орой чи аяыг нь бич гэж хэлчихээд яваад өгсөн юм. Маргааш өглөө нь аяыг нь биччихсэн электрон хөгжим дээр шүлэгтэй маань нийлүүлж байна. Аймгийн радиогийн хорооноос ч хүмүүс хүрээд ирлээ. Бэлэн болоогүй байхад нь л шингээж аваад сурвалжлагатай хамт гаргачихсан байж билээ. Манай Баруун Сөнөдийн Утга урлагийн холбоо гэж байдаг юм. Энэ холбооноос Улаанмөчирийн тухай зохиолын дуу хийнэ, Баруун Сөнөдөө магтсан зохиолын дуу хийнэ гээд зар тавьчихсан. Гэтэл тэр зар нь улсын хэмжээнд тархсан байсан. 108 дуу ирсэн. Холбоо маань шалгаруулж дийлэхгүй учир Өвөрмонголд аваачиж тусгай мэргэжлийн хүмүүсээр шүүлгэсэн. Тэр шалгаруулалтаар нэгдүгээр байрыг нь үлдээгээд хоёрдугаар байраас нь эхэлж шагнал гардуулсан. Тэгэхэд миний бичсэн өнөөх дуу маань хоёрдугаар байрт шалгарсан. Энэ нь надад маш их урам өгсөн дөө.
-Танай хамт олон жилд хэчнээн уран бүтээл шинээр туурвиж байна вэ?
-Ард түмэн маань биднээс юу хүсч байна гэдгийг нь мэдэрч 20 гаруй уран бүтээл туурвидаг байгаа. Дуу, бүжиг, шог жүжиг, яриат жүжиг, шог яриа, магтаал гээд олон бүтээл төрөн гардаг. Ардын хөгжмийн, язгуур урлагийн бүтээлүүд ч гаргадаг. Уран бүтээлчид маань төрөл бүрийн авьяастай. Нэг хүн гэхэд 3-6 уран бүтээлд тоглодог юм. Уран бүтээлчид маань ард түмэндээ үйлчилсээр л явна. Хөдөө хээр хонио бэлчээж яваа нэг хүнтэй таарсан ч тоглолтоо сонирхуулдаг. Тоглолтод ирж чадаагүй настайчуудынхаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ гэрт нь очиж тоглолтоороо бэлэг барьдаг юм.

Ийн бидний яриа өндөрлөж, Шилийн гол аймгаас бэлтгэх сурвалжлага маань ч дуусав. Долоо хоногийн турш биднийг алжааж ядраалгүй, олон ч бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийг мэдрүүлэхийг зорьсон, зорьсондоо ч хүрч чадсан баруун бүсийн багийн ахлагч “Талын дуу хоолой” радиогийн Баясгалан захирлын ярилцлагаар цуврал сурвалжлагаа өндөрлүүлье гэж бодлоо. Мөн энэ дашрамд тал бүрийн авьяастай “Талын дуу хоолой” радиогийн хамт олондоо болон дөрөө харшуулан хамт аялсан Өвөрмонголын сэтгүүлчиддээ баярласан талархсанаа илэрхийлье. Уулзах ёстой хүмүүс уулзаж, учрах ёстой хүмүүс л учирдаг гэдэг. Тиймээс дахин уулзахын ерөөл дэвшүүлье.


Баясгалан: Өөрийн төсөөллөөр бичих, нүдээр үзсэн зүйлсээ бичих хоёр адилгүй

-Монгол, Хятадын хамтарсан 40 орчим сэтгүүлчид Өвөрмонголын олон хотоор явж хөгжил, цэцэглэлттэй нь танилцлаа. Энэ ажлыг санаачилсан хүний хувьд долоо хоногийн томилолтыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Хятадын өөрчлөлт, шинэчлэлт энэ жил 40 дэх жилтэйгээ золгож байна. 40 жилийн хугацаанд Хятадын эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьдрал гээд ер нь бүх зүйлс хөгжиж амжилтад хүрсэн. Энэ хөгжил, цэцэглэлт дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. 40 жилийн хугацаан дахь өөрчлөлт, шинэчлэлтийг элэг нэгтэй Монголын ард түмэндээ хүргэе гэсэн зорилгоор энэ удаагийн Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагыг зохион байгуулсан юм. Энэ ажлыг маань ӨМӨЗО-ы Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба болоод Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дэмжин, зохион байгуулсанд талархаж байна. Монгол, Хятадын хамтарсан 40 сэтгүүлч манай Өвөрмонголын Хөх хот, Баяннуур, Ордос хот, Шилийн гол аймаг, Улаанцав хот, Хэбэй мужийн Чуулалт хаалга зэрэг газраар явж сурвалжлага хийлээ. Миний бодлоор энэ удаагийн сурвалжлага, аялал сэтгүүлчдийн маань анхаарлыг татаж чадсан болов уу гэж бодож байна. Монголын сэтгүүлчдээ урьж авчраад өөрчлөлт, шинэчлэлтээ танилцуулбал хүмүүст илүү бодит мэдээллийг өгч чадах юм байна гэж үзсэн. Өөрийн төсөөллөөр бичиж суух, ирээд нүдээр үзсэн зүйлсээ бичих хоёр адилгүй шүү дээ.
-Долоо хоногийн хугацаанд олон ч хотоор явж мал аж ахуй, газар тариалангийн хөгжил, бүтээн байгуулалт зэрэгтэй танилцлаа. Үзүүлж харуулъя гэсэн бүхий л зүйлсээ үзүүлж чадсан гэж та бодож байна уу. Хугацааны хувьд хэр санагдав. Ийм сурвалжлагын аяныг дахин зохион байгуулах уу?
-Долоо хоног гэдэг их бага хугацаа. Энэ хугацаанд Өвөрмонголын бүхий л бүтээн байгуулалтыг үзүүлж харуулж чадахгүй л дээ. Ямар ч гэсэн энэ удаад Монголын ард түмний хамгийн ихээр сонирхох байх гэсэн газруудаа үзүүлж харууллаа. Жишээлбэл, Хөх хотын бүтээн байгуулалт байлаа. Өмнө нь бол тийм сайн хөгжиж чадаагүй байсан. 40 жилийн хугацаанд их сайхан хөгжиж чадсаныг та нар нүдээр харлаа. Хятадын Засгийн газар ч гэсэн энэхүү бүтээн байгуулалтад их мөнгө, хүн хүч зарцуулсан. Мөн “Жорлонгийн хувьсгал”-ыг дурдаж болно. Ши Жиньпин даргын уриалснаар хот, хөдөө гэж ялгалгүй энэ хувьсгалыг анхааралдаа авч хийж, хэрэгжүүлж чадсан. Жорлон гэхээсээ илүүтэй түр амсхийх газрын зохион байгуулалттайгаар хийж хэрэгжүүлсэн байгаа биз.
-Их богино хугацаанд технологийн дэвшлийг ашиглаж хөгжсөн нь явсан газар болгоноос анзаарагдаж байлаа. Бас нийгмийн хариуцлагаа их сайн биелүүлдэг юм шиг санагдлаа. Бидний очиж үзээгүй газруудад ч ийм байдаг уу?
-40 жилийн өмнө энэ талын ухамсар муу байсан л даа. Өнөөдөр бол өөр болсон. Нам засгаас үүрэг даалгавар өгсөнтэй холбоотой. Тиймээс бүгд л нийгмийн хариуцлагаа ухамсарлаж ажилдаа ядуу өрхүүдийг дайчилж татан оролцуулж чадаж байна. “Элион” корпораци гэхэд малчдын бэлчээрийн газрыг түрээслэж авч мод тарихдаа мөнгө өгсөн гэдгийг та бүхэн сонссон. Тэр мөнгө нь малчдад дэмжлэг болж очиж буй юм. Мөн малчдыг мод тарих ажилдаа оролцуулж давхар цалинжуулж байна. Энэ мэтээр нэг нэгэндээ дэмтэйгээр ажиллаж, хэн хэндээ харилцан ашигтайгаар ажиллаж чадаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан