Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг УУХҮЯ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлнэ


Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий тос дамжуулах хоолойн хамт барих төслийг Энэтхэгийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж эхлээд байна. Уг Үйлдвэрийн хүчин чадлыг  манай улсын газрын тосны олборлолтын хэмжээнд нийцүүлэн тогтоосон. Ингээд  жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах юм.
 Засгийн газрын зүгээс “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах ажлыг  Энэтхэг Улсын Эксим банктай хамтран зохион байгуулсан билээ. Сонгон шалгаруулалтад БНЭУ-ын “Инженерс индиа лимитед” компани шалгарч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-тай Зөвлөх үйлчилгээ үзүүлэх гурвалсан гэрээг  байгуулсан юм. УУХҮЯ-ны зүгээс нарийвчилсан ТЭЗҮ-ийн ажлын гүйцэтгэлд хяналт тавин ажиллаж байгаа.
Төслийн нарийвчилсан ТЭЗҮ-д Итали улсын “КТ-Кинетикс техноложи” компани хөндлөнгийн хяналт тавьж байна.  Тус компани судалгааны ажлын шат бүрийн тайланд үнэлэлт, дүгнэлт хийж Монголын талд техник, технологи, эдийн засгийн хувьд Зөвлөх үйлчилгээ үзүүлэн Энэтхэгийн талд санал, зөвлөмжийг тухай бүр хүргүүлэн ажиллаж байна хэмээн УУХҮЯ-наас мэдээлсэн.
 
Энэтхэгийн компанийн сонгож авсан технологи нь  зарим талаараа манай улсын хэтийн хэрэгцээ, шаардлагад тохиромжгүй байсан нь хөндлөнгийн хяналтын явцад тодорхой болсон байна. Улсын хэмжээнд ганцхан байх үйлдвэрийн хувьд гүн боловсруулалтын технологийг олон талаас нь харж, тэр дундаа  ирээдүйд бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ өөрчлөгдөхөд нийцэх чадамжтай, цаашид нефь-химийн үйлдвэр болгон өргөтгөхөд тохиромжтой, орчин үеийн шаардлага хангасан өндөр чанарын бүтээгдэхүүн гаргадаг технологийг манай улс  сонгох шаардлагатай байгаа юм.
 
Ингээд манай талаас уг төслийг хариуцсан мэргэжилтнүүд Энэтхэг улсад албан айлчлал хийж өөрсдийн санал болгож буй технологи, түүний төсөвт өртөгийн талаар санал солилцсон байдаг. Үүний үр дүнд Энэтхэгийн тал Монголын  санал болгосон технологийг сонгохоор болж, үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг хоёр улсын ЗГ-р хооронд байгуулсан 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд багтаан дахин тооцоолол хийхээр нэгдсэн ойлголцол, тохиролцоонд хүрсэн. Ингээд  нарийвчилсан ТЭЗҮ-ийн эцсийн тайланг өнгөрсөн 06 дугаар сарын 22-ны өдөр УУХҮЯ хүлээн авчээ.
 
Нарийвчилсан ТЭЗҮ-ийн гол өгөгдөл:
• Хүчин чадал:  жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах  
• Үйлдвэрийн байршил:  Дорноговь аймгийн Алтанширээ сум  
• Боловсруулах тос: Тосон Уул XIX, Тамсаг XXI тос, Цагаан элс
• Жилд ажиллах хугацаа: 8000 цаг
• Эрчим хүчний хангамж: Үйлдвэр өөрийн цахилгаан станцтай байх
/33 MB/
• Усны хэрэглээ 2,5 сая м3, /70%-ийг цэвэршүүлэн дахин
ашиглана./
• Үйлдвэрийн бүтээгдэхүүн:  автобензин, дизель, онгоцны шатахуун,
шингэрүүлсэн шатдаг хий /Монголын зах зээлийн хэрэглээний бүтцэт нийцүүлэх/
• Түүхий тосны тээвэрлэлт: Дамжуулах хоолой
 
/БОНХЯ-ны Усны нөөцийн зөвлөлөөс 2014.10.01-ний тогтоолоор Бор Хөөвөрийн говийн гүнийн усны ордоос аж үйлдвэрийн зориулалтаар ашиглаж болохыг зөвшөөрсөн./
 
Төслийн дараагийн үе шат бол ТЭЗҮ-ийг УУХҮЯ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөлөөр  хэлэлцүүлэх бөгөөд Төслийн менежментийн зөвлөх компанийг сонгон шалгаруулж, үйлдвэрийн ерөнхий зураг төслийн ажлыг эхлүүлнэ.
 
Мөн ЗГ-ын зүгээс үйлдвэрийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх тогтоол, шийдвэрүүд гарч Сайншандыг Газрын тос боловсруулах үйлдвэртэй холбох  27 км  төмөр зам, 18.2 км  цахилгаан хангамжийн 110 Кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/10 Кв-ын 6.3 МВА-ын суурилагдсан хүчин чадал бүхий дэд станц болон 16.63 км  хатуу хучилттай авто зам барих төслүүдийн барилгын ажлыг  эхлүүлээд байна. Энэ үйлдвэр 2023 онд ашиглалтад орох төлвөлөгөө байгаа билээ.

0 Сэтгэгдэл
uuniih ni tuluu Hurelsuhiig demjij bn iim l ajil heregch zorigtoi bh estoi
Хамгийн их уншсан