Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын экспортын гол нэрийн барааны дэлхийн зах зээлийн үнийн чиг хандлага


Зэс: Зэсийн үнэ өсөлтөө хадгалсан хэвээр. Өнгөрсөн оны  IV улиралд нэг тонн цэвэр зэс дунджаар 6834 ам.доллар байсан. Тэгвэл энэ оны эхний улиралд  7075 ам.доллар болоод байна. Үнэ ийнхүү өссөнийг судлаачид  Хятадын зэсийн импорт I улиралд 7.3 хувиар өссөн, Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн ч ам.долларын ханш cуларсан, түүнчлэн Чили, Перүд уурхайн хөдөлмөрийн гэрээнүүд шинэчлэгдэх хүлээлтээс үүдэн үйл ажиллагааны саатал гарч нийлүүлэлт хумигдах хүлээлт  байгаатай холбон тайлбарлаж буй юм. Үүнээс гадна Австралийн Нөөц Эрчим хүчний байгууллагын тооцооллоор дэлхийн зэсийн эрэлт энэ онд 2 хувиар өснө. Гэтэл нийлүүлэлт  нь 1.7 хувиар өсөх тул үнэ нэмэгдэх хандлага бий гэжээ.  Нөгөө талаас Хятадын эрчим хүчний сүлжээ, барилга болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарын  хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөв бий. Иймд нэг тонн цэвэр зэсийн дундаж үнэ  7282 ам.доллар байх таамаг гараад байна.

Алт: Өнгөрсөн оны сүүлчээр нэг унци алтны дундаж үнэ 1303 ам.доллар байв. Энэ он гарсанаас хойш бага зэрэг өсч   1311 ам.доллар болсон.
Алтны үнэ өссөн шалтгааныг судлаачид дараах байдлаар тайлбарлаж буй юм. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн банк 3 дугаар сарын хурлаар бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн ч ам.долларын ханш суларсан болон геополитикийн эрсдэлүүд алтны ханшийн өсөлтийг дэмжлээ хэмээн үзэж байна. Түүнчлэн, АНУ, Хятад хоорондын худалдааны харилцааны тодорхой бус байдал ч нөлөөлжээ. Мөн  Япон болон Евро бүсийн зарим төв банкууд эдийн засгаа дэмжих зорилгоор хасах хүүгийн бодлогоо үргэлжлүүлэхээр байгаа аж. Бас  хөгжингүй орнуудын инфляц тогтвортой нам түвшинд хадгалагдахаар байгаа нь хөрөнгө оруулагчид евро, ам.доллараас илүүтэй алтыг сонирхож байна. Судлаачдын төсөөллөөр нэг унци алт энэ онд  1310,  ирэх жил  1343 ам.долларын ханштай байх нь.

Хүрэн нүүрс: Нэг тонн нүүрсний үнэ 79 ам.доллараас 101 ам.доллар болж өслөө.
Уул уурхайн салбарт тэргүүлэх компанийн нэг “Би Эйч Пи Билитон” компанийн хүрэн нүүрсний үйлдвэрлэл он гарсанаас хойш  18 хувиар буурч, нийлүүлэлт саарсан байна. Нөгөө талаас  агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд Хятад улс нүүрсний олборлолтоо танаж эхэлжээ. Иймд тус улсын хүрэн нүүрсний импорт одоогоор 38 хувиар нэмэгдсэн зэрэг шалтгаан нь нүүрсний үнийг өсгөжээ. Австралийн Нөөц Эрчим хүчний байгууллагын тооцооллоор “Rollerton”, “Hunter Valley”, “Ravensworth” зэрэг томоохон уурхайн өргөтгөлийн ажил дуусч нүүрсний олборлолт 2 хувиар өсөх нь. Иймд нүүрсний  нийлүүлэлт 250 сая тонноос 254 сая тоннд хүрч нэмэгдэх төлөв гарлаа. Мөн  Хятадын нүүрсний эрэлт дунд хугацаанд саарч болзошгүй  тул нэг тонн нүүрсний үнэ энэ  онд 91,  ирэх жил 83 ам.доллар болох төсөөлөл гараад байна.

Коксжих нүүрс: Өнгөрсөн оныхоос бага зэрэг буурчээ. Тухайлбал, 2017 оны сүүлчээр  нэг тонн коксжих нүүрс 239 ам.доллар байв. Гэтэл энэ оны эхний улиралд   Австралийн коксжих нүүрсний бенчмарк үнэ 212 болжээ. Тэгвэл тус улсын  Нөөц Эрчим хүчний байгууллагаас  коксжих нүүрсний олборлолт  зургаан сая тонноор нэмэгдэж 196 сая тонн болно хэмээн мэдээлсэн байна.  Ийнхүү дунд болон урт хугацаанд Хятадын эрэлт саарч, Австрали, Канадын нийлүүлэлт нэмэгдэхээр байгаа тул коксжих нүүрсний үнэ  буурах хандлагатай болжээ. Судлаачдын төсөөллөөр нэг тонн коксжих нүүрс энэ онд 197, ирэх жил  172  байх нь.

Төмрийн хүдэр: Уг ашигт малтмалын үнэ буурах төлөвтэй. Өнгөрсөн онд 2017 нэг тонн төмрийн хүдэр 71 ам.доллар байсан бол эдүгээ  69 ам.доллар болжээ. Үнэ хямдарсан шалтгааныг судлаачид БНХАУ-ын эрэлт буурсан, агуулахууд дахь барилгын ган бүтээгдэхүүний нөөц 9.7 сая тонн буюу сүүлийн 5 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэнтэй  холбон тайлбарлаж байна.
 Гэтэл Бразилийн “Vale”, “Minas Rio” уурхай 2019 он хүртэл жилийн үйлдвэрлэлээ 17-26.5 сая тонноор нэмэгдүүлэх, “Би Эйч Пи Билитон” жилийн үйлдвэрлэлээ 275-280 сая тоннд хадгалахаар байгаа аж. Иймд  төмрийн хүдрийн нийлүүлэлт нэмэгдэж үнэ  нь 63 ам.доллар болох тооцоо гарчээ. 

Түүхий нефть: Нэг баррель Брент маркийн газрын тосны үнэ 64 ам.доллар байна. АНУ Ираны цөмийн хөтөлбөрөөс гарах шийдвэрт хүрсэн, АНУ-аас Венесуэлд тавьсан хоригтой холбоотой тус улсын газрын тосны олборлолт буурч, зах зээлд нийлүүлэлт хумигдах төлөв нь газрын тосны үнийг бага зэрэг өсөх гол хүчин зүйл болов. “EIU” агентлагийн шинэчилсэн тооцооллоор энэ онд дэлхийн хэмжээнд  газрын тосны хэрэглээ  1.6 хувиар өсөх төлөвтэй аж. Үүнтэй уялдуулан ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус орнуудын олборлолт нэмэгдэх төлөвтэй тул нийлүүлэлт  1.8 хувиар өсөх хандлагатай байна. Цаашид дэлхийн геополитикийн эрсдэл нэмэгдсэний улмаас нийлүүлэлт хумигдах төлөвтэй байгаа тул нэг баррель газрын тос 66 ам.долларын үнэтэй байх төсөөлөл гарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан