Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАХН-ын ээлжит бус их чуулган маргааш болно

 
МАХН-ын ээлжит бус чуулган маргааш болох талаар тус намын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, генсек Б.Тулга нарын хүмүүс мэдээлэл хийлээ.
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга энэ үеэр, “Долдугаар сарын 7-нд нийслэл дэх UB Palace-ын их танхимд болох ээлжит чуулганд 1044 төлөөлөгч оролцоно. МАХН-ын орон нутаг дахь нэгж болгоноос буюу баг бүрээс нэг, дүүргүүдийн хороо болгоноос хоёр төлөөлөгч сонгогдож нийтдээ 800 гаруй хүн ирнэ. Намын дүрэмд зааснаар Бага чуулган, Гүйцэтгэх товчоонд олгогдох квот нь тэдгээр орон нутгаас ирэх төлөөлөгчдийн 20 хувь нь байх юм. Өнгөрсөн хоёрдугаар сард болсон намын Их хурлаас МАХН-ын мөрийн хөтөлбөр болон намын дүрэмд өөрчлөлт оруулсан. Гэсэн хэдий ч эдгээр өөрчлөлтийг Улсын дээд шүүх бүртгэсэнгүй. Дээд шүүх хоёрдугаар Их хурлыг хүлээн зөвшөөрөөгүй тул бид ээлжит бусаар хурлаа хийж, тэндээс гаргах баримт бичгээ Дээд шүүхэд бүртгүүлэхээр төлөвлөөд байна” гэлээ.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр, “МАХН-ын аливаа сонгуульд оролцох эрхийг хэн ч хасаагүй байгаа. Дүрэм, мөрийн хөтөлбөр нь 2011 онд батлагдсанаараа байгаа. Тэр дүрэм, мөрийн хөтөлбөрөө баримталж бид 2017 онд С.Ганбаатар даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн. Сонгуулийн ерөнхий хороо бүртгэсэн. 2016 оны УИХ, орон нутгийн сонгуульд ч, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч, 2012 оны УИХ, орон нутгийн сонгуульд оролцсон. Ийм учраас сонгуульд оролцоход ямарваа нэгэн хуулийн болон бусад тээг байхгүй. Харин бид намын дүрэмдээ, “Сонгуулийн үеэр намынхаа эсрэг ажилласан гишүүнийг намаасаа хасагдсанд тооцно” гэсэн санаа оруулах гээд байгаа юм. Тэгэхгүй бол манай намын дүрэм бол урвасан, шарвасан, эсрэг ажилласан хэнийг ч намаас хөөдөггүй. Харин АН, МАН бол хөөдөг. Ийм учраас манай намын гишүүд “Бид төр засгийг хариуцлагатай бай гэж шаардаж байгаа. Гэтэл нам өөрөө, намын гишүүн өөрөө хариуцлагатай байх ёстой” гэсэн шаардлага тавьж байгаа. Ингээд дүрмээ өөрчилье гэхээр Дээд шүүх дүрмийн өөрчлөлтийг маань бүртгэж өгөхгүй байна” гэсэн юм.
Мөн Ёс зүйн хорооны дарга Г.Давааням Ээлжит бус их чуулган хэрхэн зохион байгуулагдах, хэлэлцэх асуудлуудыг танилцууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан