Б.Цэрэндоржийн гудамжны тохижилтын ажил дууслаа
2018 оны 7 сарын 6

Сүхбаатар дүүргийн нутаг байрлах Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг орчин үеийн хэв маягт оруулж, сэргээн засварлах тохижилтын ажил өнөөдөр дуусч, ашиглалтад хүлээлгэн өглөө. Нээлтийн ажиллагааны үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэд, оршин суугчдад хандан “Иргэд маань өөрийнхөө хотыг, төрж өссөн гудамж, талбайг яг тэр чигээр нь авч үлдэхийг хүсч байна. Бид цаашдаа хот төлөвлөлтөндөө энэ байдлыг харгалзаж үзнэ. Хотын даргаар хоёр жил ажиллах хугацаандаа орон сууцны хороолол дунд, цэцэрлэг, сургуулийн хашаанд, олон нийтийн спортын талбай, хүүхдийн тоглоомын талбай дунд ганц сөөм ч газар өгөөгүй. Цаашдаа ч өгөхгүй. Цаашдаа ийм гудамж талбай нийслэлд олон бий болох ёстой. Ийм төрлийн гудамжийг би дэмжих болно” хэмээн хэллээ.

Б.Цэрэндоржийн гудамжийг сэргээн засварлах ажлыг Хот тохижилтын газар гардан гүйцэтгэжээ. Дөч, тавин мянгатын иргэд Хот тохижилтын газрын хийж буй ажлыг ойлгохгүй дундуур нь таслах, хашааг нураах зэрэг эсэргүүцлээ илэрхийлж байсан нь ажил гүйцэтгэхэд хүнд байсан гэж ажилчид хэлж байлаа.

Хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Сар гаруйн хугацаанд онцгой нөхцөлд ажиллан Б.Цэрэндоржийн гудамжийг ашиглалтад орууллаа. Цаашид олон нийтийн гудамж талбайг өмнөх загварыг нь алдагдуулахгүй сэргээн засварлах ажил үргэлжлэх болно” хэмээв.

Тус гудамжинд 2,400 м.кв боржин чулуун хавтанг шинээр тавьжээ. Мөн орчин үеийн шийдэл бүхий таван янзын хошуугаар цацардаг, битүү усан оргилуурыг ашиглалтад оруулсан байна. 4,284 м.кв газарт зүлэг тарин мод хэлбэржүүлэлт хийж, ногоон байгууламжуудад троссон хашлага хийжээ. Гудамжийг бүхэлд нь гэрэлтүүлэх гэрэлтүүлгүүд, иргэд суухад тухтай шинэ сандалнууд байршуулсан байна. Тохижилтын ажилд нийт 400 сая төгрөг зарцуулсан байна. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.