Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Байды: Юуных нь Ю.Цэдэнбал байх вэ, өрхийн тэргүүн эхнэртээ жанжлуулж явааг харуулсан хэрэг



Өнөөдрийн шог зургийн ертөнцөд олон сайхан залуусын гарыг нь ганзаганд хүргэж, хөлийг нь дөрөөнд гишгүүлсэн монголын шог зургийн нэрт мастер Ц.Байды гэхээр хэн ч андахгүй таних байх. Тиймээс энэ эрхэмтэй хийсэн илэн далангүй ярилцлагыг сайтынхаа уншигчдад хүргэж байна.

-Сайн байна уу. Та заавал Гандангийн хашаанд уулзъя гээд байх юм. Учир юунд байна вэ?

-Би шашин шүтдэггүй үед ардын сургуулиар хүмүүжиж өссөн хувьсгальч хүн . Миний аавын ах Түвдэд долоон жил ном үзэж ирээд Гандангийн дэд хамба болсон ч өнөөх баривчилгааны үед шоронд орсон юм. Энэ ном эрдэмтэй ах маань бараг 90 хүрч таалал болохдоо миний өвөр дээр амьсгал хураасан. Тэр хүн надад их ч юм ярьсан, даанч залуу байсан учраас тоодоггүй байжээ. Сүүлдээ ухаарч, шашин соёлоо устгана гэдэг хүн төрлөхтний хамгийн их мунхаглал, эмгэнэл юм даа гэж бодсон. Ийм учраас тэнгэрт хальсан өвөг дээдэс, тэвэрч өсгөсөн үр хойчид маань хэрэг болох болов уу гэж өглөө бүхэн энэ суварганд ирж, 108 удаа мөргөдөг. Бас Жанрайсэгт өдөртөө мөргөдөг. Сүүлийн хэдэн жил өглөө бүхэн ирж мөргөж байна. Урьд өмнө нь ч ирдэг л байсан. Бас хэрэг болж магад гэж хэдэн тарни уншдаг. Анх намайг өглөө бүхэн ирж мөргөөд байхаар хүмүүс гайхаад байдаг сан, одоо ч тоохоо больсон.

-Таныг болон уран бүтээлийг тань харахад хэн ч шашин шүтдэг гэхээргүй л хүн дээ?


-НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Хурт Бальтхам гэдэг хүн “Дэлхий дээр цорын ганц албан тушаал” номондоо “Дэлхий дээрх улс орныг нэгтгэдэг ганц байгууллага нь НҮБ, хамгийн хэцүү нь шашингүй улс үндэстэн” гэсэн байдаг. Энэ юутай үнэн үг вэ. Миний хувьд шашингүй үед өссөн. Ах маань намайг орост хорлогдсон хүн гэдэг сэн. Намайг шашин шүтдэг, энэ тэр гэж ярих нь аргагүй юм. Би их тэнэгдүү хүн.

-Таныг хэн тэнэг гэх юм бэ?

-Хэлнэ, хэлнэ. Саяхан болтол нутгийнхан өнөөх “тэнэг Байды” л гэдэг байсан. Надад тэнэгдүү зан бий. Намайг багад манай нутагт Луу дархан гэж мундаг уран хүн байлаа. Тэднийх олон хүүхэдтэй, тэдэн дунд нь бас нэг над шиг нэг тэнэг юм байх. Луу дархан л аавд ирээд “Энэ хоёр тэнэгийг сургуульд явуулж л болохгүй. Юу ч сурахгүй” гэдэг сэн. Би багадаа хананы нүхнээс өлзий утас хайгаад гөлрөөд зогсчихно, хамрын нэг нүхнээс цус, нөгөө нүхнээс нус гоожсон амьтан. Хүмүүс сэжиглэх шахуу л байлаа. Бүр сүүлд чам шиг байхдаа нутагтаа очлоо. Нутгийн түмэн “Тэнэг Байды” иржээ. Орост сурдаг гэх юм. Яаж сурдаг юм бол” гэдэг байлаа. Хойно сурч байхдаа амраад нутагтаа очиж байгаа царай нь тэр.

-Сонин юм. Нутгийнхан нэршчихсэн болоод тэгдэг биз дээ. Одоо юу гэх юм?

-Одоо ч айгаад юм хэлэхгүй. Төр нь шагналаа өгчихлөө. Түмэн нь нэрийг минь алдаршуулчихлаа. Би одоо ч их тэнэгдүү, юмыг их удаан сэтгэнэ. Манай зохиолч Ж.Барамсай бид хоёр явж байхад тэр мөн адтай түргэн сэтгэж, хүнтэй уулзахдаа гайхамшигтай ярина. Би бол бүр сүүлд нь ойлгоно. Одоо ч нас ахиад бүр ой санамжаа алдаж байна. Гэхдээ би яаж ч ой санамжаа алдсан ч уран бүтээлээ мартахгүй юмсан гэж боддог. Түүнээс Засгийн газрын тэргүүн, энэ тэрийг мартах бол яах вэ. Үүн дээр их хичээдэг.

-Бага залуудаа бол “Тэнэг Байды” нэрэндээ бараг дасчихсан байж дээ?

-Хүн бүхэн тэгж дуудаад байхад дасахгүй яах вэ. Дундговийн 10 жилд сурч байхад Санзайдорж гэдэг нзг хүүхэд намайг ганцаараа их өмөөрнө. Хүүхэдүүдтэй тоглохоор л “Тэнэг Байды” “Тэнэг ээ” л гэнэ. Тэгэхээр нь Санзайдорж л “Наадхи чинь тэнэг биш” гээд л тэдэнтэй их үзэлцдэгсэн. Муу Санзайдоржтойгоо нэг уулзахсан гэж их бодох юм. Тухайн үед шүлэг их бичнэ. Миний бичих гэж юу байх вэ. Авьяас байх биш. Цэрэгт байхдаа Р.Чойномын шүлгүүдийг уншаад уйлдаг байлаа.

-Өнөөх “Тэнэг Байды” чинь шүлэг уншаад уйлдаг. Сайхан бүтээл гээд яривал их зүйл бий дээ. Ингэхэд “Тэнэг Байды” хэр сурч байв?

-Аргагүй үнэн үтэй цэцтэй сайхан шүлэг уншаад өөрийн эрхгүй нулимс унагадаг. Р.Чойномын тэр үеийн шүлгүүд гарахгүй юм. Би хүмүүсийн дурсамжийг их цуглуулдаг. Тэмдэглээд л хадгалаад байдаг. Харин манай Жамцын Шагдар “Чи тийм мундаг л юм бол ухаандаа хийчих” гэж байдаг юм. Мань хүн өөрөө их залхуу. Сайхан хүн байж билээ. Тэмдэглэхгүй бол мартаж л таарна. Харин “Тэнэг Байды” сургуульд байхдаа онц сурдаг байлаа.

-Таны нэр ямар учиртай юм бэ. Их содон сонсогдох юм. Бичихэд хүртэл?


-Аав минь намайг төрөхөд Бадь гэж нэр өгсөн байх гэж боддог. Амьдад нь асууж чадаагүй. Учир нь ахыг маань Бархас гэдэг байсан юм. Тэгэхээр надад Бадь гэж нэр өгөөд Бархасбадь гэж бодсон болов уу гэж санадаг. Гэтэл нэгдугээр ангид ороод байтал монгол хэлний Готов гэдэг багш чиний энэ нэр эр уг учраас эр үгийн “ы” залгана гээд залгачихсан. Ингээд л Байды болсон. Харин хойшоо сургуульд явах болсон чинь нэрээ соль гээд болдоггүй. Би ч ёстой үгүй гээд гүрийчихсэн. Чамайг нэрээ солихгүй бол сургуульд явуулахгүй гэсэн. Би ч үгүй л гэсээр байгаад Байды нэртэйгээ явсан. Хойшоо сургуульд явах гэж олон хүн нэрээ сольсон доо. Манай их Явуу найрагч хүртэл Эвийхалаг байгаад Иванкалан болоод сургуульд явахдаа Явуухулан болсон шүү дээ.

-Нэрт зураач маань багадаа шүлэг зохиол бичиж байснаас зураг зурж байгаагүй хэрэг үү?


-Надад зураг зур гэж хэн ч хэлээгүй, бараг хэлд ороогүй байхдаа цаас харандаанд дуртай байсан гэдэг. Зургаан настай байхдаа хэдийнэ зурдаг болчихсон байсан. Хөдөөд цаас харандаа ховор. “Үнэн” сонин ирэхээр захыг нь хайчлаад юу ч хамаагүй зураад суучихдаг байсан. Намайг багад долоон настай байхад ээж маань бурхан болсон. Тиймээс би том эгч дээрээ өссөн дөө. 1995 онд үзэсгэлэнгээ гаргахад манай эгч хөдөөнөөс ирээд үг хэлэхдээ “Манай Байды хэлд ороогүй байхдаа харандаа цаасанд сонирхолтой байсан. Ийм л хүн болох гэж байжээ” гэж хэлэхэд нь их сайхан санагдсан. Би өөрийгөө бүр сүүлд хэлд орсон байх гэж боддог.

-Хажууд тань нөлөөлөх хүн эрх биш байсан байлгүй?

-Юу байх билээ. Гэхдээ манай өвгөн ах надад нэг үүлэн дунд нисч яваа луу зурж өгдөг байсан. Харандаагаа салгахгүй зурах нь их сонин санагдана. Би дуурайгаад зурах гэж оролдоод ердөө болдоггүй. Магадгүй тэр намайг зурагт хөтөлсөн байж болох юм. Би тэр зургийг их шүтнэ. Ер нь шүтэн бишрэх ухаан гэж аугаа зүйл байна. Миний зураач болсон нь эндээс эхтэй болов уу л гэж боддог. Уг нь тэр зураг нь юу шалив гэж дээ. Тэр тусмаа уран бүтээлч хүнд шүтэн бишрэх гэдэг их чухал. Бусдыгаа тоохгүй “Энэ Амгалан юу юм, үүний бүтээл гэж юу юм” гээд байх юм бол тэр хэзээ ч уран бүтээлч болдоггүй. Би үүнийг бол эрүүгээ чилтэл хаа хамаагүй ярьж явдаг. Тэр уран бүтээлч ямар ч байсан гэсэн түүний бүтээл дотор сайн юм бий. Гагцхүү сайныг нь олж харахгүй байгаа юм. Юуны түрүүнд мууг нь хараад байгаа хэрэг.

-Наяад онд юмдаг уу даа. Таны нэг зургийг Ю.Цэдэнбалыг орос авгай нь хөтлөөд явж байна гээд шуугисан. Харахад нээрээ ч тийм юм уу гэмээр зураг байсан. Та хэргээр зурсан юм уу?

-Юуных нь Ю.Цэдэнбал байх вэ, өрхийн тэргүүн эхнэртээ жанжлуулж явааг харуулсан хэрэг. Энэ зургаас чинь болоод юм юм л болсон. Бүр сүүлд хүртэл чи муу тэр өвгөнийг тэгж оролдоод яана гэж л байдаг. Ялангуяа Увсынхан их дургүй ярьж байдаг. Үндсэн хуулийн цэцийн Жанцан амралтад таараад их юм болсон. Харин авгай нь “Тэр чинь зүгээр л уран бүтээл байхгүй юу” гээд өмөөрөөд, гэтэл авгай нь надтай хамт Увсын Баруунтуруунд сурч байсан юм билээ. Намайг өмөөрч манай Ж.Барамсай, С.Надмид эд нар “Уран бүтээл ойлгосонгүй. Цэвэр шог зураач хүний уран бүтээл” гээд их л юм бичсэн.

-Говийн хүн яахаараа хаа байсан Увсад явж байдаг билээ?

-Тухайн цагт Увсын Баруунтуруунд трактор, комбайны курс нээгдэхгүй юу. Орос хэлтэй хүн ховор, манай ах хар нялхаасаа оросууд дагаад төмөр замд ажиллачихсан. Техникийн талын орос хэлтэй байсан учраас тийш явуулжээ. Тэгээд л би явахгүй юу. Харин ах маань тэнд хоёр жил болоод буцахад би тэндээ үлдэж, 10 жилийн сургуулиа төгсөөд Улаанбаатарт ирсэн. Ээж маань багад өнгөрсөн учир би энд тэнд их тэнэсэн. Дундговьдоо сум сэлгэсэн. Говьсүмбэр гээд их явсан.

-Улаанбаатарт ирээд юу хийв?

-Энд ирээд шууд л цэргийн зураач болсон. Байлдагч зураач. Анхны цэргийн зураач байх шүү.

-Аав тань бас Түвд номтой хүн байсан гэсэн. Ах бас сайн лам гээд ийм буддист гэр бүлийн хүүг яагаад Орос руу сургуульд явуулчихсан юм бэ?

-Би чинь тухайн үеийнхээ жаягыг дагаад улаан хувьсгальч байлгүй яах билээ. Аав маань сургууль соёл төгссөн, тухайн үеийн сэхээтэн байлаа. Гэхдээ Түвд ном цээжээр уншина. Би нэг түүх яръя. Манай аав дамжаагүй газар байхгүй. Дундговьд Тээхийн дарга байгаад намаас 13 хоногийн семинарт дууджээ. Аав маань Тээхийн дарга нэртэй болохоос биш, галчаа ч хийнэ, тогоочоо ч хийнэ. Тиймээс хүн явж өнгөрвөл ээрэм говьд ангаж, өлсөнө гээд тэр семинарт нь хоёр, гурав хоног суучихаад яваад өгөхгүй юу. Тэгээд л дарга нартаа нүд үзүүрлэгдэнэ. Аавыг тэгж байхад “Матар” сэтгүүлийн эрхлэгч Г.Дэлэг түүгээр явсан юм билээ. Харин өнөөх маань хотод ирээд “Завгүй Цэвэг” гэдэг бүтэн нүүр шүлэг бичээд “Матар” дээр тавиад бүр ажилгүй болгосон.

-Нэрнээс нь харахад завгүй магтсан юм биш үү?

-Яах вэ. Нөгөөдүүл нь дургүй учраас тэр. “Матар” сэтгүүл дээр гарсан хүн ойлгомжтой, ажлаас халагдана л гэсэн үг. Аав хааяа ууж халамцана. Өнөөхийг нь би цээжилчихсэн. 1954 онд хоёрдугаар ангид байхад аав айлын найр, үсний үргээлгэ энэ тэр газар намайг дуудаад л “Миний хүү аавынхаа шүлгийг уншаад өг” гэнэ. Би ч их дуртай
“Онгон их говьд
Олдохын туурь бий
Тэр туурийн дэргэд
Тээхийн буудал гэж бий
Энэ Тээхийн буудлыг
Эзэгнэх хүн нь Цэвэг гэнэ” гээд л дуржигнуулахад аав минь их дуртай. Би бүр сүүлд “Тоншуул”-д ирсэн чинь Г.Дэлэг гуай сууж байна. Анхандаа хэлж чадсангүй. Нэлээд сүүлд асуусан чинь “Би бичээгүй” гээд огт халгаадаггүй. Үнэн ч байж болох юм. Замын нэг нөхөр явж ирээд Г.Дэлэг гуайд санаа өгсөн байж болох шүү дээ. Эсвэл цаадуул нь түүний нэрээр ч туусан байж болох юм. Мань хүн яриулж байгаад туучихсан ч байж магад.

-Тухайн үеийнхээ уран бүтээлчдийн тухай ярихгүй юу. Өөрийн тань шүтэж явдаг хийгээд ирээдүйн зураачдын тухай?

-Миний үеийн гээд байх юм алга даа. Бүгд л дарга болох гээд явчих юм. Харин Ардын зураач Д.Амгалан, Ц.Одон багш нар маш сайн. Эднийгээ л шүтэж явдаг. Одоо алга, бурхан болчихож. Миний шавь шог зураач С.Цогтбаяр бол амьдрал ахуй элдэв зүйлд орооцолдолгүй зөвхөн шог хошин зургийн төлөө туйлбартай явж, их зүйл хийж байгаа хүн дээ. Би үнэлдэг юм. Тэгээд энэ Ж.Саруулбуян, А.Бат-Эрдэнэ гээд бий, бий. Залуучууд ч олон байгаа.

-Бид хоёр дээр шашны тухай ярьж байсан. Та ч шүтлэгтэй юм. Шашны талаар хүмүүс янз бүрээр л ярьж байна. Таны хувьд шашинг юу гэж үзэх юм?

-Дэлхий дахинд буддын шашныг хамгийн шинжпэх ухаанч шашин гэж үздэг. Надад шүтлэг байлгүй яах вэ. Аав маань ч номтой л хүн 87 хүрч, өвдөх өвчингүй насны доройтлоос болж нас барсан. Би аавтайгаа ярьж суугаад Монголын шашныг оросууд устгасан гэхэд аав маань “Ленин устгасан. Тэр хүн чинь хүнийх бүү хэл өөрийнхөө шашинд дургүй байсан” гэдэг сэн. Миний хувьд шашныг хүнийг гэгээрүүлэх, дотроос нь боловсруулах тийм нандин зүйл гэж боддог. Буддын шашин 6000 жилийн настай. Хэрэггүй юм байсан бол өдий болтол юу гэж байлгаад байх вэ. Устгаж л орхино шүү дээ. Одоо улам л хүчирхэгжиж байна. Европууд их мөргөх болж, Далай лам Европ даяар буддын шашныг таниулж явна.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

1 Сэтгэгдэл
Mongol uls SUIS d ankhnii Dizainii angiig neekhed ta bas bidnii bagshaar urigdaj , bid Taniar khicheel zaalgaaj b.sandaa bakharkhaj yavdag shyy khairt bagsh mini. Motorock disco bar. 1*1 geer diplom khamgaalj b.laa. 1996 on. Genco.
Хамгийн их уншсан